“Бургасыг шилжүүлэн суулгах боломжгүй”

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

“Бургасыг шилжүүлэн суулгах боломжгүй”

“Бургасыг шилжүүлэн суулгах боломжгүй”

Туулын бургасыг хядсан “Зүүнбаян рефайнери” компанид ногдуулаад байгаа 9.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбатаас тодрууллаа.


-“Зүүнбаян рефайнери” компани бургас устгаснаас гадна өөр олон зөрчил гаргасан болохоор зөвшөөрлийг нь цуцалсан байдаг, эдгээр шалтгааныг дурдахгүй юу. Тус компанийн захирал О.Сайнбаяр өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үедээ тусгай зөвшөөрөл цуцалсан сайдын шийдвэрийг албан бичгээр ирүүлээгүй гэж байсан. Энэ үнэн үү?

-“Зүүнбаян рефайнери” компани Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2008 онд улсын тусгай хамгаалалттай газар аялал жуулчлалаар газар эзэмших зөвшөөрөл авсан юм билээ. Энэ хугацаанд олон зөрчил гаргасан болохоор 2017 онд Сайдын А117 тушаалаар “Зүүнбаян рефайнери” компанийн зөвшөөрлийг цуцалсан. Энэ нь олон шалтгаантай. Нэгдүгээрт, зөвшөөрөлгүйгээр газрын хэмжээг өөрчилсөн, хоёрт, аялал жуулчлалын бус орон сууцны зориулалтаар ашигласан, гуравт, хил хязгаараа өөрчилж, улсын онцгой хамгаалалттай бүсэд буюу Туул голоос 50 метр дотор үйл ажиллагаагаа явуулсан. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхорол зөвшөөрлийг нь цуцалсан юм. Уг шийдвэрийг аж ахуйн нэгж биелүүлээгүй. Үргэлжлүүлэн хууль бусаар ойн санд хохирол учруулсаар, газар ухсаар байсан. Уг шаардлагыг Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас хэд хэдэн удаа тавьсан ч хүлээж аваагүй.

Ингээд хамгаалалтын захиргаа яаманд хүсэлт тавьж, байгаль орчинд учруулж байгаа хохирлыг нь тооцож өгөх хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А119 тушаал 2018 оны тавдугаар сарын 7-нд гарсан. Тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийн ахлагчаар нь би ажилласан. Ажлын хэсэг хуралдаад мэргэжлийн байгууллагаар хохирлыг тооцоолуулахаар болсон. Ингээд Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоотой гэрээ байгуулсан.

-Үнэлгээгээр нөхөн төлбөрийг хэрхэн гаргасан юм бэ?

-Хохирол тооцох ажлыг хоёр сар хийсэн. Газар дээр нь очиж ажилласан. Энэ явцад “Зүүнбаян рефайнери” компани мэргэжилтнүүдийг хашаа руугаа оруулахгүй байх зэрэг олон хүндрэл үүсч байсан. Ингээд дрон нисгэж, хуучин зураг мэдээлэл зэргийг ашиглах зэрэг олон аргаар тооцоолж, хохирлыг гаргасан. Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын хохирол тооцох аргачлал байдаг. Үүний дагуу эдэлбэр газар, гадаргын ус, хөрс, ойн сан, ургамлын нөөц зэрэг байгалийн үндсэн таван үзүүлэлтэд учруулж буй хохирлыг тооцсон.

Ингээд таван га эдэлбэр газрын хөрсийг эвдэж, унаган төрхийг алдагдуулсан байна гэж үзээд 2.4 тэрбум төгрөгийн,  гадаргын усанд 139 сая төгрөг, хөрсөнд 243 сая төгрөг, ойн санд 13 сая төгрөг, ургамлын нөөцөд 191 сая төгрөг зэргээр гурван тэрбум 57 сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн. Тусгай хамгаалалттай газрын нөхөн төлбөр нь Сайдын тушаалын дагуу гурав дахин үржигддэг юм.  Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд Байгаль орчны бүрдэл хэсгийн экологийн үнэлгээг 3-5 дахин үржүүлж, хохиролд тооцно гэж байдаг юм. Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны аравдугаар сарын 29-ний А333 дугаар тушаалаар хэрэв үнэлгээ хийлгэсэн газар нь улсын тусгай хамгаалалттай газар байрлах юм бол гурав дахин нугалж тооцно гэснийг үндэслэн “Зүүнбаян рефайнери” компани байгальд орчинд 9.171 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна гэж үзсэн юм.

Хуулийн дагуу “Зүүнбаян рефайнери” компани энэ нөхөн төлбөрийг барагдуулах ёстой. Үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг барагдуулахын тулд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгааг зогсоолгохын тулд Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллагад хандсан байгаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2017 онд тушаал гаргаж, газар эзэмших эрхийг нь цуцалчихаад байхад энэ компани үйл ажиллагаа явуулсаар байна. Улсын тусгай хамгаалалттай газар хууль бус үйл ажиллагаа явуулсаар байна.

-“Зүүнбайн рефайнери” компани мэдээлэл хийх үедээ. Бургасны нөхөн төлбөр 11 сая төгрөг төлсөн. Бургасыг шилжүүлэн суулгасан талаар дурдаж байсан. Энэ үнэн үү. Бургасыг шилжүүлэн суулгаж болох уу?

-Бургаснаас бусад хохирлыг барагдуулаагүй байгаа. Бургасыг бусад шилмүүст модтой адилаар ухаж аваад, шилжүүлэн суурилуулж болдоггүй. Боломжгүй зүйл.

-Мөн мэдээлэл хийх үедээ “Туул гол дагуу 1387 иргэн, аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байхад яагаад “Зүүнбаян Рэфайнери” руу дайраад байгаа юм бэ” гэж байсан. Бусад газруудыг яах вэ?

-Байгаль орчин аялал жуулчлалын яам сүүлийн гурван жилийн хугацаанд голын хамгаалалтын бүсэд байгаа зөвшөөрлийг бүгдийг нь цуцалсан. Хуулийн дагуу туул голоос 50 метр дотор үйл ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалт байхгүй. “Зүүнбаян Рэфайнери” компани нэгдүгээрт хууль бус үйл ажиллагаа явуулж байна, хоёрт, байгаль орчинд асар их хохирол учруулж байна. Тиймээс шүүхийн шийдвэр Богдхан уулын хамгаалалтын захиргааны талд гарна гэж найдаж байна. 

Дэлхий дээр 300-400 төрлийн бургас байдаг бөгөөд түүний 40 гаруй төрөл нь Монголд байдаг байна. Туул голын дагуух бургас нь таван дохиурт бургаж аж. Мөн бургас нь голын ай сав, намгархаг газар ургадаг гэдэг утгаараа хурдан ургадаг. Энэ утгаараа цөлжилтийг бууруулахад хамгийн сайн нөлөөлдөг байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Э.Содномпилээс бургасны ач холбогдлыг лавлахад “Ширгэж байгаа голын ойролцоо бургас таривал усны нөөц нэмэгддэг.  Энэ утгаараа усны нөөцөд шууд нөлөөлж байдаг” гэлээ.    

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж