"Тавдугаар сургуулийг бүхэлд нь биш хэсэгчлэн буулгана"

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

"Тавдугаар сургуулийг бүхэлд нь биш хэсэгчлэн буулгана"

"Тавдугаар сургуулийг бүхэлд нь биш  хэсэгчлэн буулгана"

Ататуркийн нэрэмжит  нийслэлийн тавдугаар сургуулийн хичээлийн байр 1957 онд баригдсан бөгөөд өнөөдөр “хөгширч”, газар хөдлөлтөд тэсвэргүй тул үйл ажиллагаа явуулах, ялангуяа хүүхдүүд хичээллүүлэх хориотой гэсэн дүгнэлтийг 2010 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас  /НМХГ/ гаргажээ. Тэгвэл дөрөвдүгээр сарын 1-ээс тус сургуулийг актлах шийдвэрийг гаргасан байна. Өнөөдрийн байдлаар тавдугаар сургуульд 3500 хүүхэд суралцаж байгаа бөгөөд тэд хэзээ шинэ сургуультай болох талаар Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны  /БСШУСЯ/ Үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Э.Эрдэнэбулагаас  тодрууллаа.


ТАВДУГААР СУРГУУЛЬ ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙГ ДУУСТАЛ ХИЧЭЭЛЛЭЭД ХААГДАНА

НМХГ-аас  тавдугаар сургуулийг актлах шийдвэрийг гаргасан. Харин  сургуулийн удирдлагуудын зүгээс энэ хичээлийн жилийг дуустал хичээллээд ирэх есдүгээр сарын 1-ээс үйл ажиллагаа явуулахгүй гэж мэдэгдсэн юм билээ. Тэгвэл шинэ хичээлийн жилд тус сургуулийн 3500 гаруй сурагчид хаана хичээллэх вэ гэдэг том асуудал тулгараад байна. Шинэ сургууль хэзээ баригдах вэ?

-НМХГ-аас 2019 оны гуравдугаар сарын 7-ны өдөр тавдугаар сургуулийн хичээлийн хуучин байрны ашиглалтыг зогсоох тухай албан шаардлагыг БСШУСЯ-д өгсөн. Тухайн албан шаардлагад дурдсанаар  “Сургуулийн хуучин барилга нь чулуун дүүргэгч шугаман суурьтай, даацын тоосгон ханатай, давхар дундын болон адрын модон хучилттай, 1957 онд ашиглалтад орсон барилга. Тус сургууль нь газар  хөдлөлтийн долоон баллын  бүсчлэлд байдаг. Сүүлийн үед газар хөдлөлтийн баллын бүсчлэл нь нэмэгдээд найман балл болсон учраас тухайн барилга газар хөдлөлтийн баллыг тэсвэрлэхгүй нурах эрсдэлтэй” гэж дүгнэлт гаргасан. Хичээлийн  үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 1-ээс зогсоох чиглэл өгсөн боловч сургуулийн удирдлагуудын зүгээс хичээлийн жилийг дуустал хичээллээ үргэлжлүүлэх санал тавьсан.

БСШУСЯ-ны зүгээс  2018  онд улсын төсвийн хөрөнгөөр тавдугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайн баруун урд дөрвөн давхар, спорт заалтайгаа таван давхар 640 хүүхдийн шинэ сургуулийн зураг төслийг боловсруулаад тендер шалгаруулалт явуулсан.  

-Ямар шалтгаанаар жилийн өмнө эхэлсэн ажил өдийг хүртэл хэрэгжүүлсэнгүй вэ?

2018 оны зураг төслөөр таван тэрбум 100 сая төгрөгөөр 640 хүүхдийн сургууль баригдана хэмээн баталгаажсан. Гэтэл 2018 оны улсын төсөвт батлагдахдаа дөрвөн тэрбум төгрөгөөр батлагдсан.  Гүйцэтгэгч компанитай санхүүгийн асуудлаар тохиролцоонд хүрээгүйн улмаас хойшлогдсон. Өнөөдрийн байдлаар эцсийн шатандаа орчихсон үнэлгээний хороо дүнгээ гаргачихсан. Эцсийн үнэлгээ албажих шатандаа явж байна. Хэрэв энэ долоо хоногт БСШУСЯ-д мэдэгдэл ирэх юм бол хуулийнхаа хугацаанд гэрээ байгуулагдаад явна. Гэрээгээ байгуулчихвал 640 хүүхдийн сургуулийн барилгаа есдүгээр сарын 1-ний дотор ашиглалт оруулахыг шаардана. БСШУСЯ  захиалагчийн хувьд хяналтыг бүх талаас нь шахаж ажиллана. Бүхий л талын дэмжлэгийг үзүүлж ажиллана.

-Шинэ сургуулийг барих гүйцэтгэх компанитай хөрөнгө мөнгөний хувьд тохиролцоонд хүрсэн гэж ойлголоо. Чухам хэдэн төгрөгөөр шинэ сургуулийг барих уу?

-2018 онд улсын төсөвт дөрвөн тэрбум төгрөгөөр суугдсан.  2019 онд таван тэрбум 100 сая төгрөг болж нэмэгдсэн. Гэтэл 2019 онд улсын төсөвт суугдсан мөнгөн дүн нь хоёр тэрбум төгрөг. Тэгэхээр үлдэгдэл мөнгөн дүн нь 2019-2020 он хүртэл дамжихаар хуульд тусгагдсан байгаа.

Тавдугаар сургууль энэ хичээлийг жилийг дуустал хичээллээд хаагдана.

Яаралтай шинэ сургуулийг ашиглалтад оруулах шаардлагатай байгаа учраас тухайн гүйцэтгэгч компанитай сургуулийг ашиглалтад оруулах хүртэл нь санхүүжилтийн асуудлыг нэмж шийдвэрлэхээр болсон.  Энэ жил хоёр тэрбум төгрөг, үлдсэн  гурван тэрбум төгрөгийг 2020 оны төсөвт суулгуулна.

 СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛ ХЭСЭГТ 1500 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ СУРГУУЛЬ БАРИНА

Хэрэв ирэх хичээлийн жилд шинэ сургууль баригдаж амжихгүй бол нөөц төлөвлөгөө юу байна?

-Тэгвэл сурагчдыг бусад сургуулиуд руу шилжүүлэх л арга хэмжээг авна. Өөр арга байхгүй.

-Шинэ сургуулийн асуудал ингээд шийдэгдлээ гэж бодоход хуучин сургуулийн байрыг буулгах уу?

Хуучин сургуулийн барилга шинэ хичээлийн жилд үйл ажиллагаагаа бүрэн зогсооно. Өөрөөр хэлбэл сургуулийн өргөтгөлийн шаргал барилгыг нураахгүй. Уг өргөтгөлийн хэсэг нь 1979 онд баригдсан. Хуучин буюу  1957 онд баригдсан чулуун суурьтай модон хучилттай барилга буюу голын А блок нь буух юм. Түүнээс биш одоо байгаа тавдугаар сургуулийг бүхэлд нь буулгахгүй.

-Сургуулийн өргөтгөл хэсэг үлдэх юм бол тэрхүү өргөтгөлд юу хийх  вэ?

-Сургуулийн өргөтгөл хэсэгт 1500 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг өргөтгөж барих зураг төслийн эхний ээлжийн скиз зураг боловсруулагдаад явж байна. Зураг төслийн судалгаа хийгдэж байгаа.

1500 хүүхдийн суудалтай сургуулийн санхүүжилтийг хэрхэн шийдэх вэ?

Тавдугаар сургууль нь БНХАУ-ын буцалтгүй тусламжаар гүйцэтгэх барилга угсралтын  жагсаалтад байдаг. Өөрөөр хэлбэл сургуулийг өргөтгөх  жагсаалт нь 2015 оны Засгийн газрын тэмдэглэлд байдаг гэсэн үг.Энэхүү жагсаалтыг үндэслээд цаашид тавдугаар сургуулийн өргөтгөл хэсэгт 1500 хүүхдийн сургууль барихаар болох юм бол эхний ээлжид хуучин барилгыг зураг төсөлтэй болгох шаардлагатай. Дараа нь санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэнэ. Сургуулийн санхүүжилтийг  буцалтгүй тусламжаар шийдвэрлэх үү,  аль эсвэл улсын төсвийн хөрөнгөөр  шийдвэрлэх үү гэдгийг тухайн үедээ шийднэ. Одоогоор зураг төсөл нь хийгдээгүй байгаа учраас барилгыг хичнээн төгрөгөөр барих нь тооцоологдоогүй байна. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж