Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонслоо.
Мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд Ажлын хэсгээс асуулт асуулаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ:
“Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одон авч чадаагүй үлдсэн ээжүүдэд нөхөн олгох талаар ямар бодлого гаргах вэ. Нийгмийн халамжийг хавтгайруулан олгох нь тохиромжтой зүйл биш. Хүүхдийг насанд хүртэл нь төрөөс дэмжлэг үзүүлэх нь бусад улс орнуудад нийтлэг хэрэгждэг. Гэхдээ үүнийг нийгмийн халамж гэж хэт хавтгайруулах нь зүйтэй юу гэж асуумаар байна.
АЖЛЫН ХЭСЭГ:
218.6 мянган одонтой эхчүүдэд жилд дунджаар 30 тэрбум орчим төгрөгийн тэтгэмж олгодог. Мөн дээр нь Ерөнхийлөгчийн зарлигийг дагаад одонгийн тэтгэмж олгодог. Энэ нь улсын хэмжээнд 114 сая орчим төгрөг.
Одонгоо авч чадаагүй үлдсэн ээжүүдийн тухайд "Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах" тухай хуульд дөрвөн хүүхэд төрүүлж, сүүлийн төрүүлсэн хүүхэд нь нэг нас хүрсний дараа нь одон авах эрх үүсдэг.
Тиймээс зарим эхчүүдийн тавьж байгаа асуудал бол хүүхэд нь нэг нас хүрэхээсээ өмнө эндсэн золгүй явдал гардаг. Ингэснээр одон авах эрх нь үүсдэггүй учир хуулийн заалтаар хасагддаг. Энэ талаар маш их санал гомдол ирдэг. Анх уг хууль батлагдахаа зөвхөн 18 хүртэлх насны ээжүүдэд хамаарч байсныг хоёрдох удаагийн шинэчлэлтээр ахмад настай ээжүүдийг нэмж хамруулсан.
Харин одоо бол дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн бүх ээж хамрагдах эрх нь үүссэн учраас улсын төсөвт дарамт үүсч байгаа. Тухайн ээжид насан туршид нь тэтгэмж олгодог жишиг манайхаас бусад улсад байхгүй. Тиймээс хуулийн төслийн шинэчилсэн найруулгаар хүүхэд нь 18 нас хүрсний дараа тухайн ээж одонгийн мөнгө авах болзлоос хасагддаг байх эсэх талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлгээс гарсан шийдвэрээс хамаарч УИХ-д хуулийн төслөө өргөн барина.
УИХ-ЫН ГИШҮҮН М.БИЛЭГТ:
Ц.Гарамжав гишүүний хэлсэнтэй санал нэг байна. Нийгмийн халамжийг хавтгайруулж бус зорилтот хэсэгт нь олгох ёстой. Биднийг бага байхад жилдээ нэг удаа ээж маань хүүхдийн баяраар одонгийн тэтгэмжээ авдаг байлаа. Тухайн үед хүүхдүүд нь 0-16 настай тохиолдолд олгодог байсан. Дөрвөн хүүхдийн нэг нь 18 нас хүрэхэд гурван хүүхэд гэдэг утгаараа хасагддаг байсан. Жилдээ нэг хүүхдэд 20-40 мянган төгрөг ноогдохоор олгож байгаа гэж үзвэл насан туршид нь бус зөвхөн 0-16 насны хүүхдүүдтэй ээжүүдэд одонгийн мөнгө олгодог болгоод нэг хүүхдэд оногдох мөнгийг нь нэмэгдүүлбэл ямар тоо гарах вэ?
АЖЛЫН ХЭСЭГ:
Алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжүүдэд жилд 200 мянган төгрөг, хоёрдугаар одонтой ээжүүдэд жилд 100 мянган төгрөг олгодог. М.Билэгт гишүүний хэлсэн 20-40 мянган төгрөгийн тухайд Ерөнхийлөгч зарлиг гаргахдаа одонгийн зэрэглэлээс хамаарч 20-40 мянган төгрөг нэг удаа дагалддаг. Анх уг хуулийг гаргахдаа төрүүлсэн хүүхэд бүрийн тоогоор мөнгөн дүн нь нэмэгдэж байсан. Одоо бол зургаагаас дээш хүүхэд төрүүлсэн бол 200 мянган төгрөг, 4-6 хүүхэд төрүүлсэн бол 100 мянган төгрөг олгодог. Цаашид ХНХ-ын яамны зүгээс Нийгмийн халамжийн тухай багц хуулийг шинэчлэх хүрээнд мөнгөн дүнг 100, 200 мянган төгрөг гэж хязгаарлахгүйгээр хүүхдийнх нь тооноос хамаараад олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээ өөр өөр байх нь зөв гэж үзэж байгаа. Хүүхдийг 16,18 нас гэж хязгаарлах нь нийгмийн халамжийг хавтгайруулахгүй гэдэгт санал нийлж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД:
Нэг нас хүртэл нь өсгөөд хүүхэд эндсэн ч одонгийн тэтгэмжид хамруулах ёстой гэдэгтэй бусад гишүүдийн адил санал нийлж байна. Шинээр оруулж ирж байгаа хуульд эрсдэлийг тооцож хуульчилж оруулж ирж байгаа нь хуучирсан арга барил. Шинэ хуульдаа үүнийг анхаарч тоо, бүртгэлийг нь сайтар хийх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл ангилж оруулж ирж болох байх. Нэг нас хүртэл биш сар, хугацаагаар нь ч юм уу яаж ангилж болох уу гэдэг талаар судалгаа хийгээд үзээрэй.
Монгол Улсад 18 хүртэлх насны дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй 45 мянган 300 орчим ээж бий.
Холбоотой мэдээ