Цагдаагийн ерөнхий газар энэ сард “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг эхлүүлээд байна. Энэ асуудлаар өнөөдөр /2019.04.16/ хэвлэлийн хурал хийлээ. Мөн өнгөрөгч долоо хоногт их хэмжээний буюу 70-80 килограмм мөнгөн ус худалдахаар авч явсан иргэдийг илрүүлжээ.
Энэ асуудлаар ЦЕГ-ын МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэбилэг мэдээлэл өгөв. Тэрбээр
“Энэ оны эхний дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт Монгол Улсын Засгийн газрын 2007 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдрийн 95 дугаар тогтоолоор манай улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон 74.8 килограмм мөнгөн усыг худалдахыг завдсан гурван бүлэг этгээдийн үйлдлийг таслан зогсоосон.
Дээрх этгээдүүдийн хэлсэн үнэлэмжээр 52 тэрбумаар үнэлэгдсэн мөнгөн усны талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн сүлжээнд байршуулсан байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн.
Хэрэгт шалгагдаж байгаа хүмүүст Эрүүгийн хуулийн 24.2-т заасан химийн хорт болон аюултай бодисыг эргэлтэд оруулсан гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Манай улсад мөнгөн усны органик болон органик бус нэгдлийг ашиглахыг хязгаарлан, химийн хортой бодисын жагсаалтад оруулсан. Байгаль орчны сайдын 2008 оны тушаалаар мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг бүрэн хориглосон.
Гэсэн хэдий ч гар аргаар алт орлогчид эрүүл мэндээ үл хайхран мөнгөн усыг хэрэглэж байгаа нь судалгаанаас дүгнэхэд буурахгүй байна. Энэ нь Монгол Улсын хүн амын удмын санд ноцтой аюул учруулах эрсдэлтэй байгаа юм” гэж ярилаа.
Э.ЭНХ
Холбоотой мэдээ