Дуучин Шакирагийн амжилтад хүрсэн түүх

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

Дуучин Шакирагийн амжилтад хүрсэн түүх

Бэлхүүсний бүжигчин

Колумбын дуучин Шакираг таньж мэдэхгүй хүн байхгүй биз. Хөлбөмбөгчин Пикегийн эхнэр тэрээр хэд хэдэн хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож дуугаа дуулсан нэгэн. Колумби улсын Баранкилла хотод 1977 оны хоёрдугаар сарын 2-нд Уильям Мебарак Чадидын цорын ганц охин болж төржээ. Шакирагийн аав нь Ливан гаралтай бөгөөд Нью-Йорк хотод төрсөн ч таван настайдаа Колумбид ирсэн аж. Мөн түүний аав хоёр дахь эхнэр испани, итали гаралтай Нидиа дель Кармен Риполл Торрадотой гэрлэсэн байна. Харин дуучин бүсгүй маань эцэг нэгтэй найман ахтай ажээ. Дуучны Шакира хэмээх нэрний утга нь арабаар “Талархагч” гэсэн утгыг илэрхийлдэг юм байна. Харин түүний хоёр дахь нэр Изабель нь испани гаралтай ээжийнх эмээгээс нь ирсэн нэр бөгөөд эхний овог Мебарак нь араб гаралтай бол хоёр дахь овог Риполл нь каталан нэр юм байна.

Тэрээр дөрвөн настайдаа анхны “Шилэн сарнай” хэмээх шүлгээ бичиж байжээ.  Мөн багадаа аавыгаа бичгийн машинаар түүх бичихийг сонирхож хардаг байсан учраас шинэ жилийн баяраар бичгийн машин бэлгэнд авахыг хүссэн гэдэг. Түүнийг долоон настай байхад энэ хүсэл нь биелснээр үргэлжлүүлэн шүлэг бичдэг байсан нь дууны үг бичдэг болсноор дууссан аж. Шакираг хоёр настай байхад нэг ах нь нас барж аав нь уйтгар гунигаа нууж хар шил зүүдэг болсноос санаа авч “Чиний хар шил” хэмээх анхны дуугаа бичжээ. Түүнийг дөрвөн настай байхад аав нь Алс Дорнодын нэг ресторанд аваачснаар бэлхүүсээрээ бүжиглэдэг бүжигтэй хослуулсан араб үндэсний бөмбөр дербакаар тоглохыг анх удаа харсан байна. Харин аавыгаа харахаас өмнө бяцхан Шакира ширээн дээр бүжиглэж, ресторанд байсан үйлчлүүлэгчид алга ташиж байжээ. Тэр үед л урлагийн хүн болохыг хүсч байгаагаа мэдсэн байна.

Шакира католик сургуульд байхдаа найзууд, багш нартаа дуулж өгөх таалагддаг байсан ч хоёрдугаар ангид ороход нь сургуулийн дууны бүлгэмд дуулахыг зөвшөөрөөгүй байна. Учир нь түүний хоолой их хүчтэй байжээ. Дууны багш нь түүний дуулах нь ямаа шиг сонсогддог гэж хэлж байсан аж. Харин сургуульдаа  баасан гариг бүр бэлхүүсээрээ бүжиглэж сурсан шинэ хөдөлгөөнөө үзүүлж бүжиглэдэг байсан учраас түүнийг бэлхүүсээрээ бүжиглэдэг охин гэдгээр нь таньдаг болсон байна. Харин найман настайд нь аавын ажил дампуурснаар түүнийг үрчилж авсан гэр бүлийнхэн Лос Анжелес руу явжээ.

Дараа нь Баранкиллад буцаж ирэхдээ аав ээжийнх нь ихэнх эд зүйл худалдагдсаныг мэдэж цочирдсон гэдэг. Шакира энэ талаар хожим нь “Миний хүүхдийн оюун ухаанд энэ нь ертөнцийн төгсгөл шиг санагдаж байсан” гэж ярьсан байдаг. Харин аав нь хэрэг явдап бүр муу байж болох байсныг харуулахын тулд амьдарч байсан өнчин хүүхдүүдийг харуулахаар гэртэй нь хамгийн ойрхон байсан  цэцэрлэгт хүрээлэнд аваачжээ. Энэ нь түүнийг гайхшруулсан бөгөөд би урлагийн нэртэй хүн болсон хойноо энэ хүүхдүүдэд тусална гэж хэлжээ. Тэрээр 1988 онд урлагийн авьяастай хүүхэд хайж байна телевизийн уралдаант нэвтрүүлэгт анх удаа оролцож, гурван жил дараалан түрүүлж байжээ.

Анхны цомог

Дуучин Шакира 10-14 настайдаа төрсөн хотынхоо олон үйл ажиллагаанд уригддаг байснаар хотдоо алдаршиж, хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг. Үүний үр дүнд төрөлх хотоосоо өөр газар танигдахад нь тусалсан театрын найруулагчтай танилцжээ. Мөн “Сони Колумбиа” компанийн захирал түүнийг шалгасныхаа дараа дуучин болгохоор шийдсэн байна. Гэвч эхэндээ хэд хэдэн бичлэгээ сонсгосон ч компанийн удирдлагуудыг итгүүлж чадсангүй. Гэхдээ дараа нь түүний дуулахыг сонссоноор Шакира эхний гурван цомгоо бичүүлэх гэрээ байгуулжээ. Тэрээр  түүний бичсэн дуунууд орсон анхны “Ид шид” цомгоо 1991 онд 14 настайдаа гаргаснаар  Богота хотод амьдрахаар нүүсэн байна. Тодруулбал, түүний бичсэн “Ид шид”, “Энэ шөнө чамтай явна”, “Чиний хар нүдний шил” дуу нь оржээ. Гэвч 1000 ширхэг зарагдсанаар цомог нь бүтэлгүйтсэн аж. Харин үүнээс хоёр жилийн дараа 16 настайдаа 34 дэх удаагийн олон улсын дуу хөгжмийн “Vina del mar” тэмцээнд оролцож “Чи бол” дуугаараа III байрт оржээ. Мөн “Аюул” нэртэй хоёр дахь цомгоо тэр жилдээ гаргасан байна.

Хэдийгээр энэ цомог нь эхнийхээсээ сайн болсон ч борлуулалт муутай байсан учраас Шакира сургуулиа төгсөхийн тулд дуу хөгжмөөс холдохоор шийдсэн байна. Тэрээр 1994 онд Колумбын төв телевизийн хийсэн галт уулын дэлбэрэлтийн улмаас Армерогийн эмгэнэлт явдлаас амьд үлдсэн гэр бүлийнхний тухай харуулсан “El Oasis” хэмээх жижиг цуврал киноны гол дүрийг бүтээсэн байна. Колумбын нэг дуу бичлэгийн студи 1995 онд нутаг нэгт дуучдынхаа дуунаас бүрдсэн цомгийг зах зээлд гаргахаар шийдэж Шакирад анхны хоёр цомогт орсон дуунаас оруулахыг санал болгожээ. Гэвч тэрээр татгалзаж, өөр дуу зохиож өгөхөөр амласнаар “Чиний зүрх хаана байна” буюу “Dondeestasсorazon” дуу нь бүтжээ. Энэ дуу нь ч амжилтад хүрч, Колумбаас өөр оронд түгсэн байна.

Ийнхүү түүний дуучны замнал үргэлжилсээр студид хийсэн “Pies descalzos” анхны цомгоо гаргаснаас хойш олон дуу нь хүмүүст хүрч цомог нь таван сая гаруй хувь борлогджээ. 1997 онд анхны холимог дууны цомгоо гаргасан нь дэлхийд 500 мянган хувь борлогдсон байна. Мөн дараа жил нь гурван сая ам.доллар зарцуулж  “Хулгайч нар хаана байна” буюу “Donde estan los ladrones” хэмээх цомгоо гаргаснаар 10 сая гаруй хуулбар нь зарагдаж түүний нэр хүнд Франц, Швед, Канадад түгжээ. Ялангуяа, АНУ-д сая гаруй цомог нь зарагдсан аж. Түүний энэ амжилтын улмаас  “МТV” дуу хөгжмийн нэвтрүүлэгт уригдаж, 1998 онд “MTV Unplugged”, “Donde estan los ladrones” цомгийнхоо нэг дуунаас бусдыг дуулсан нь АНУ-д анхны Латин Америк дуучин испани хэлээр дуулсан тохиолдол болжээ. Ингэснээр  бүх оронд таван сая гаруй цомог борлуулагдаж, зах зээлд 2000 оны хоёрдугаар сард худалдаанд гарсан байна. Тэрээр 2000 оны гуравдугаар сард Латин Америкийн орнууд болон АНУ-ыг багтаасан аялан тоглолтоо Перугээс эхэлж Аргентинд дуусгажээ. Харин наймдугаар сард “MTV video music award”-ын олон улсын үзэгчдийн шагналыг “Ojos asi” дуугаараа авсан байна. Ийнхүү олон улсад танигдаж, шүтэн бишрэгчидтэй болсон Шакира 2017 онд “El Dorado” аялан тоглолтоо Герман улсаас эхлэн хийхээр төлөвлөж байсан ч бэлтгэл сургуулилтын улмаас дууны хөвч нь гэмтсэн учраас эмч нарын зөвлөгөөг дагаж цуцалсан юм. Мөн Парис, Амстердамд арваннэгдүгээр сард хийх гэж байсан аялан тоглолтоо цуцалсан байдаг. Гэхдээ тэрээр энэ аялан тоглолтоо амласан ёсоор хийсэн бөгөөд өнгөрсөн жилийн гуравдугаар сард Германд хийснээр эхэлж, арваннэгдүгээр сарын 3-нд Богота хотод хийснээр өндөрлөсөн юм. Энэ  үеэр Шакира “Nada”  хэмээх дуугаа дүрсжүүлэн клип болгон цацсан байна. Мөн нэгдүгээр сард “Грэмм авардс” наадмаас аялан тоглолтынхоо нэрээр нэрлэсэн цомгоор Латин Америк дууны шилдэг поп цомог ангилалд шагнал хүртсэн цорын ганц Латин Америкийн дуучин болжээ. Тэрээр энэ ялалтаа дуучин Малуматай хамтарч “Trap” дуулснаар тэмдэглэсэн байна.

Хүүхдэд туслах сан байгуулав

Шакира дуучнаас гадна төрсөн хотдоо 1990 оны сүүлчээр “Los pies descalzos” нэртэй сангаа Колумбын болон гуравдагч орнуудын бүх асран хамгаалагчгүй хүүхдүүдэд туслах зорилгоор байгуулжээ. Хүүхдийн сангийн тусгай төлөөлөгч түүний хүмүүнлэгийн үйлсийг үнэлж 2006 оны дөрөвдүгээр сард НҮБ-аас шагнасан юм. Тэрээр “Өдөр дуусч бүгд гэртээ харихад, Латин Америкийн орнуудад 960 хүүхэд нас барж байгааг мартахгүй байцгаая” гэж мэдэгдсэн юм. Түүний хүүхдийн төлөө хийсэн ажлаас дурдвал 2003 онд Латин Америкийн тусламж шаардлагатай хүүхдүүдийг дэмжсэн компанит ажлын үеэр Миамид Глориа Эстебан, Лаура Паусини нартай хамт уулзалт хийж байжээ.  Мөн дуучныг Билл Клинтон АНУ-ын ерөнхийлөгч байхдаа өөрөө зохион байгуулсан цаг агаарын өөрчлөлтийн талаар хэлэлцсэн, хандивын ажиллагаанд уригдан оролцож байсан байна. Шакира Перу, Никарагуагийн гамшигт өртсөн иргэдэд зориулж 40 сая ам.доллар, Латин Америкийн орнуудын боловсролын хөтөлбөрт таван сая ам.долларын хөрөнгө хандивлаж байсан аж.

Хувийн амьдрал

Католик шашинтай гэр бүлд өсч хүмүүжсэн Шакира 2000 онд Аргентинийн ерөнхийлөгч асан Фернандо де ла Руагийн хүү Антонио де ла Руатай үерхэж эхэлжээ. Улмаар 2001 оны гуравдугаар сард Антонио түүнд гэрлэх санал тавьсан ч биелсэнгүй. 2010 онд тэдний харилцаа дууссан болохыг хэлсэн ч Антонио түүнтэй хамт байж менежерээр нь ажиллажээ. Ийнхүү дуучин бүсгүй Антониогоос салсныхаа дараа 2011 онд Өмнөд Африкт болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Барселон багийн хөлбөмбөгчин Жерард Пикетэй танилцсан байна. Шакира энэ тухайгаа твиттертээ жиргэж байжээ. Улмаар төрсөн өдөр нь нэг өдөр болдог шинэхэн хосууд 2013 оны нэгдүгээр сарын 22-нд анхны хүүхдээ Испанийн Милан хотод өлгийдөн авчээ. Харин дараа жилийн есдүгээр сард “Космополитан Мехико” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хоёр дахь хүүхдээ хүлээж байгаагаа ярьсан байна. Тэдний хоёр дахь хүү Саша нь 2015 оны нэгдүгээр сарын 29-нд Барселон хотод төрсөн ажээ.

Харин дуучин Шакира хэл аманд өртөөд байгаа нь хэвлэлийнхний анхааралд өртөөд байгаа юм. Тодруулбал, Барселон хотын шүүхээс түүнийг хоёр жил дараалан татвар төлөөгүй гэж буруутгажээ. Мөн түүний нөхөр Жерард Пике замын хөдөлгөөнд оролцохдоо зөрчил гаргасан хэрэгт орооцолдоод байгаа аж. Гэвч хосууд цахим орчинд тэдний хамтдаа төрсөн өдрөө тэмдэглэж байгаа мэдээллийг  хуваалцсан шиг амьдарч байна.

Эшлэл:

  • Бүтээлч байдал бол гэнэтийн зүйлсээр дүүрэн хайрцаг юм. Гэхдээ өөрийнхөө дотроос юуг олж болохыг чи хэзээ ч мэдэхгүй.
  • Намайг зовоож байгаа эсвэл надад таалагддаг, намайг татаж байгаа бүхнийг дуугаар илэрхийлж чадна.
  • Нэр хүнд намайг хүмүүсээс холдуулдаггүй, намайг ойртуулдаг.
  • Жаахан охин байхдаа айдаг байснаа санадаггүй, одоо том болоод илүү айдаг болсон гэж бодож байна.
  • Хэн ч нүглээс ангид биш. Бид бүгд хулгайч.
  • Олон хүн надад итгэхгүй байсан. Одоо намайг хар гэж тэдэнд хэлмээр байна.
  • Хайр дурлал бодогдохгүйгээр төрж, мэдэгдэлгүйгээр өсч, үхэхгүй амьдардаг мэдрэмж юм.
  • Би  бүх шүүмжийг зөвшөөрнө. Учир нь бүгд өөр мэдрэмж юм.
  • Хайр дурлал, оюун ухаан гэдэг бол  хэзээ ч нэг саванд багтдаггүй хоёр аялагч юм. Нэг нь ирэхэд нөгөө нь явж байдаг.
  • Энэ амьдралд, дэлхийд өөрийнхөө байр суурийг эзлэхийн тулд түүнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй.
  • Хүмүүсийг намайг од биш урлагийн хүн гэдгийг мэдэхийг хүсч байна.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж