"Төрийн түшмэлүүд өөрсдөө янз бүрийн хэмжил зүйн хэрэгслүүдийг шахдаг"

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

"Төрийн түшмэлүүд өөрсдөө янз бүрийн хэмжил зүйн хэрэгслүүдийг шахдаг"

"Төрийн түшмэлүүд өөрсдөө янз бүрийн хэмжил зүйн хэрэгслүүдийг шахдаг"

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдгийг байнгын хорооны гишүүдийн олонх үзлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Өнөөдөр Стандарт хэмжилзүйн газрын үйл ажиллагаанд янз бүрийн стандартыг шаарддаг. Тэр нь орон нутаг бүрт өөр байдаг. Хүн бүхэн дур дураараа энэ асуудлыг ярьдаг. Тоног төхөөрөмжөө шахдаг. Төрийн түшмэлүүд өөрсдөө янз бүрийн хэмжил зүйн хэрэгслүүдийг шахдаг, оролцдог байдал өнөөдөр хавтгайрсан.  Гурилын үйлдвэр бүр янз бүрийн хэмжил зүйн тоног төхөөрөмж тавьдаг.  Манай Сэлэнгэчүүд ургацаа хураагаад үйлдвэрүүдэд өгөхөөр өөр өөр стандартын хэмжлүүд гардаг. Энэ нь буудайн үнэд нөлөөлж хэдэн тариаланчид хохирдог. Энэ асуудалд хяналт болон нэгдсэн бодлого өнөөдрийг хүртэл байхгүй.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Хэмжил зүйн шинжлэх ухаан бусад салбараас түрүүлж хөгжих ёстой гэсэн үг бий. Шинэ хуулийн төсөлдөө үүнийг яаж тусгасан бэ. Хэмжил зүйн хяналт шалгалтын ажлыг төвд бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, орон нутаг салбар байгууллага нь хэрэгжүүлнэ. Энэ хоёр байгууллагын дунд шалгалт нь хэр зэрэг явагдах вэ. Мөн Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэрэгжсээр зардалд ямар өөрчлөлт орох вэ. Нийт 160 гаруй стандартаас монголд хэд нь мөрдөгдөж байгаа талаар мэдээлэл өгөөч.

Ажлын хэсэг:

Олон улсын жишгийн дагуу хэмжил зүйн шинжлэх ухаан гэж бий. Өөрөөр хэлбэл, манай улсын хэмжил зүйн байгууллага дотор хэмжил зүйн шинжлэх ухааны асуудал хариуцсан хүрээлэн гэж байна. Тус хүрээлэнгийн үүргийг уг хуулийн төсөлд тодорхой тусгасан. Хэмжил зүйн байгууллага зөвхөн хэмжих хэрэгслийг шалгах, баталгаажуулах техникийн бодлого хэрэгжүүлж байсан бол олон улсын жишгийн дагуу хэмжил зүйн судалгаа шинжилгээний ажил эрхлэхийг хуулиар нь баталгаажуулна гэсэн үг. Жил бүр 300 мянган  хэмжих хэрэгслийг баталгаажуулдгаас  дийлэнхийг нь Стандарт хэмжил зүйн газар өөрөө баталгаажуулдаг. Энэ хуулийн төсөл хэрэгжсэнээр зардалд өөрчлөлт орохгүй. Бүтэц, орон тоо хэвээр үлдэнэ. Нийгэмд бий болох давуу тал нь тусгай зөвшөөрөл гэж байсан нь байхгүй болно. Ингэснээр тэмдэгтийн хураамж байхгүй болно.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Хэмжил зүй салбар бусад шинжлэх ухаанаас түрүүлж хөгжинө гэж ярьдаг атлаа бодит байдалд тийм байж чаддаггүй. Үүнийг шинэ хуулиар тод болгох хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагын ажил үүргийн давхцалыг арилгаарай. Монголчууд хамтарч ажиллаж чаддаггүй тал бий шүү, энэ нь ажлын үр дүнд нөлөөлдөг. Монголчууд өнөөдөр хамгийн чанаргүй, муу хүнсийг хэрэглэдэг. Үүнийг тодорхой үе шаттайгаар шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхгүй бол бидний ходоод хогийн сав биш. Зардлыг аль болох хэмнээрэй. Монголын төрд өнөөдөр 193 мянган төрийн албан хаагч бий. Үүнээс 40-50 хувийг нь цомхотгох боломжтой. Стандарт хэмжил зүйн газар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай маш сайн хамтарч ажиллах шаардлага байна. Энэ чиглэлийг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад тодруулах хэрэгтэй. 2001 оноос хойш нийт долоон удаа өөрчлөлт орсон.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Стандартын тухай хууль тусдаа гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ стандарт, хэмжил зүй хоёр салшгүй холбоотой, нэг зүйл. Хэмжих тоног төхөөрөмж, хэрэгсэл Хэмжил зүйн тухай хуулиар зохицуулагдана гэж ойлгосон. Хэмжил зүйн тоног төхөөрөмжийг хүн бүхэн бизнес болгоод байна. Ялангуяа Хэмжилзүйн тоног төхөөрөмжөө хариуцсан байгууллага нь бизнес хийгээд байгааг би анхааруулсан. Хятадын, Оросын гээд янз бүрийн улсын Хэмжил зүйн тоног төхөөрөмжийг иргэдэд шахдаг. Үүнээс болж иргэд хохирч байна. Энэ асуудлыг хуулийн төслөөр яаж зохицуулах юм бэ. Хууль батлах өөр, амьдралд гарч буй алдаа дутагдлыг энэ хууль зохицуулж чадах уу гэдэгт л би хариулт нэхээд байна. Гэтэл өмнөөс Стандартын газрын асуудал биш хэмжил зүйн асуудал гээд бөөрөнхий хариулт өгч байгаатай нь санал нийлэхгүй байна. Асуудалд ингэж хөндлөн хандаж болохгүй.

Хуучин хуулиар хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, түүнд хяналт тавих эрх зүйн үндсийг тогтоож байсан бол энэ хуулиар хэмжлийн нэгдмэл байдлыг хангахын сацуу эдийн засаг, нийгмийн хөгжилд хэмжил зүйн бодлогоор дэмжлэг үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоож, хэмжил зүйн чиглэлээр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн харилцааг зохицуулах аж.

Хэмжил зүйн тухай хууль батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн орчны хувьд дараах үр дүн гарна гэж үзэж байна.

Монгол Улсын хэмжил зүйн тогтолцоо олон улсын жишигтэй нийцнэ. Хэмжил зүйн судалгаа, шинжилгээний ажил, олон улсын түвшинд хүрэх болно.  Мөн олон улсын жишгийн дагуу худалдаа, үйлчилгээний тооцоонд ашиглахаас бусад хэмжих хэрэгслийн загварын туршилт, баталгаажуулалтын ажлыг итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ. Салбаруудын болон үйлдвэрлэл, аж ахуйн нэгж байгууллагуудын дэргэд итгэмжлэгдсэн хэмжил зүйн алба, лабораториуд бий болсноор төрийн ажил үйлчилгээг одоогийн төвлөрөл, ачаалал саарна гэж үзжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж