Монгол, Тажикистаны ГХЯ хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

Монгол, Тажикистаны ГХЯ хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Тажикистаны ГХЯ хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт болов

Тажикистан Улсын Душанбэ хотноо энэ сарын 15-ны өдөр Монгол, Тажикистаны ГХЯ хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт болов. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, тажикистаны талаас Гадаад хэргийн Нэгдүгээр орлогч сайд Х.Нозири нар ахалж, Монгол, Тажикистаны харилцааг улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэгийн зэрэг өргөн салбарт хөгжүүлэх талаар санал солилцов.

Орлогч сайд Х.Нозири “Манай улс нээлттэй хаалганы, олон тулгуурт гадаад бодлого явуулж буй энэ цаг үед Монгол Улсаас ГХЯ-ны төлөөлөгчид айлчилж байгаад баяртай байна. Бид харилцаагаа чанарын шинэ түвшинд гаргах цаг ирж байна. Манай Улсын Ерөнхийлөгч Э.Рахмон Монгол Улсад 2009 онд төрийн айлчлал хийсэн. Одоо Монгол Улсаас манай улсад төрийн дээд түвшний айлчлал хийгээсэй хэмээн хүлээж байна. Монгол, Тажикистаны харилцааг хөгжүүлэхэд энэ удаагийн зөвлөлдөх уулзалт түлхэц болно гэдэгт найдаж байна” гэв.

Дэд сайд Б.Батцэцэг “Монгол Улс Төв Азийн улс орнуудтай уламжлалт, найрсаг харилцаатай бөгөөд манай хоёр улс түүх, соёлын өв уламжлалын хэлхээ холбоотой, Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд харилцаагаа идэвхжүүлж, хоёр талын төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд хамтран ажиллах өргөн боломж байгаа”-г тэмдэглэв. Тэрээр Тажикистан Улс олон улсын талбарт олон чухал санаачилга дэвшүүлсний дотор усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглахад чиглэсэн олон улсын хамтын ажиллагаа, хүч чармайлтыг идэвхжүүлэхэд чиглэсэн идэвхтэй бодлого явуулж байгааг өндрөөр үнэлэв.

Талууд ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулахаар тогтов. Мөн улс төрийн харилцааг идэвхжүүлэхийн сацуу худалдаа, хөрөнгө оруулалтын салбар дахь хамтын ажиллагааг дэмжиж, бизнесийн хэлхээ холбоог бэхжүүлж, юуны өмнө Худалдаа, аж үйлдвэрийн танхим хооронд шууд харилцаа тогтоохоор ярилцав.

Тажикистан Улс “Бүс ба зам” санаачилгын хүрээнд шинэ тээврийн коридоруудыг бий болгох чиглэлд бүс нутгийн улс орнуудтай хамтран ажиллаж эхлээд байгаагаа танилцуулав. Тус Улсад Төв Азийн бүс нутгийн усны нөөцийн 60% ногддог гээд усны нөөц, усны инженер, эрчим хүчний чиглэлд Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Талууд ГХЯ хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг 2021 онд зохион байгуулахаар тохиролцов. Харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд хоёр талдаа байгуулахаар ярилцаж буй баримт бичгүүдийг шуурхай судалж, шийдвэрлэхийн сацуу Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг урагшлуулах үүднээс Засгийн газар хоорондын комисс байгуулах саналыг тажикистаны тал дэвшүүлэв. Худалдааг дэмжих чиглэлд юуны өмнө тээврийн гарцуудыг судлах шаардлагатай байгаа тул талууд тээврийн коридоруудын талаарх мэдээллээ харилцан солилцохоор болов.

Монгол Улс гадаад улс орнуудад хадгалагдаж буй Монголын түүх, соёлын өв, нэн ялангуяа Цагаадай, Ил Хаант Улсын үеийн эх сурвалжууд, дурсгалуудаа бүртгэх, судлах, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Тажикистан Улс Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон перс хэл дээрх түүхийн эх сурвалжуудаас судлах хүсэлтээ мөн илэрхийлж, энэ чиглэлд хоёр улсын эрдэмтэд, архив, номын сангуудаа холбож ажиллахаар тогтов.

Дэд сайд Б.Батцэцэг айлчлалынхаа хүрээнд Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн дэд сайд З.Таягуншович, Эдийн засгийн хөгжил, худалдааны дэд сайд И.Камолиддинзода нартай тус тус уулзаж ярилцав. Хөдөө аж ахуйн дэд сайд З.Таягуншович Монгол Улсад мал аж ахуйн салбар сайн хөгжсөн тул энэ чиглэлд, нэн ялангуяа сарлаг, бог малын үржүүлэг, эрүүл мэндийн чиглэлд туршлага, мэдээлэл солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж