2011 онд “Хязгааргүйн цаана” тоглолтоо толилуулсанаас хойш бие даасан тоглолтоо хийгээгүй байсан дуучин Б.Баярцэцэг маргааш Крокус эвент холлд орос дуунуудаас бүрдсэн эксклюзив амьд тоглолтоо толилуулах гэж байна. Энэ нь түүний орос дуунуудаас бүрдсэн хоёр дахь бие даасан тоглолт юм. Өмнө нь 2008 онд “Ностальгия” орос дууны бие даасан тоглолтоо үзэгчиддээ толилуулж байжээ.
Монголчуудын сэтгэлд хоногшсон орос киноны хит дуунууд, 80-90-ээд оныхны диско дуунууд болон дурсамж сэргээсэн, гайхалтай аялгуутай 25-н дуунаас бүрдсэн энэхүү тоглолтоос түүний олон авьяасыг нь нээх нь.
Тоглолтын хөгжмийн найруулгыг Т. Пүрэвсүх, хөгжимчдөөр нь “A SOUND” хамтлагийнхан нь ажиллаж байна. Уран бүтээлчид хэдийн бэлтгэлдээ гарчихсан байгаа билээ.
Өвөрмөц тембр, импровизаци шаардсан уянгалаг дуунуудаас бүрдсэн Б.Баярцэцэгийн урын сан хөнгөн, цоглог хэмнэлтэй дуунуудаар ч баялаг. Тиймээс бидний ах эгч, аав ээжийн доргин бүждэг байсан 80-90-ээд оны диско дуунууд энэ үдэш эгшиглэх нь.
Сюрприз задлахад, тоглолт 4-н хэсгээс бүрдэнэ.
- Сэтгэлд дотно оросын кино дуунууд. “Ийм нэгэн явдал”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Москва нулимсанд итгэдэггүй” зэрэг олон кино хит дуунууд эгшиглэнэ.
- Эх орны дайны дуунууд хэсэгт бидний хүсэн хүлээж үздэг “Хаврын 17 учрал” зэрэг сэтгэлийн дуудлага болсон шилмэл дуунуудаас бүрджээ.
- Бүсгүй ертөнц, хайр сэтгэл, аялгуут хөгжмийн дотоод гайхамшигийг уран бүтээлээрээ нээсэн Анна Герман, Майя Кристалинская, Муслим Магомаев зэрэг уран бүтээлчдийн бүтээлүүдээс бүрдсэн хэсэг.
- 80-90-ээд оныхны үтрэмийн талбай, соёлын төвүүдийн бүжгийн талбайг доргиож, айл бүрийн магнитофон, пянз тоглуулагчаас эгшиглэдэг байсан хөнгөн цоглог, диско хэмнэл бүхий Алла Пугачёва, София Ротару, “Здравствуй, песня”, “Самоцветы”, “Ласковый май” хамтлагуудын шилмэл бүтээлүүдээс бүрдсэн хэсэгтэй байна.
Та амьд тоглолтын гайхамшгийг мэдрэн хамтдаа уярч, доргин бүжиглэж нэг үдшийг хамтдаа сайхан өнгөрүүлэнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тасалбар 39,999 болон 119, 999 төгрөгийн үнэтэй байх юм. Түүнд нь зууш, халуун хоол, уух зүйлс багтсан бөгөөд уран бүтээлчийн “Хязгааргүйн цаана” цомог бэлгэнд очих ажээ.
Тасалбарыг “Hi-Fi Records” хөгжмийн сүлжээ дэлгүүрүүдээс, easyticket.mn сайтаар болон 1900-1950, 1900-1188 үнэгүй хүргүүлж болох аж.
Дашрамд сануулахад, тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Nomin Construction Development Group”, “Төгс зуурмаг” ХХК, “Таван Богд Интернэйшнл” ХХК, эвент менежментийн салбарт тэргүүлэгч Крокус Эвент Холл ажиллаж байгаа аж.
Болзох газар “Crocus Event Hall-19.00 цагт ” шүү.
Г.НАРАН