Дэлхийн хамгийн их хүн амтай Энэтхэг улсад ээлжит парламентын сонгууль эхлээд байгаа билээ. Ойролцоогоор 900 сая сонгогчтой нүсэр сонгууль дөрөвдүгээр сарын 11-ний өдөр эхэлсэн. Санал хураалт сар гаруй хугацаанд үргэлжилж, тавдугаар сарын 19-нд дуусч, тавдугаар сарын 23-нд сонгуулийн дүнг зарлана. Энэхүү сонгуулиар гол нэр дэвшигч болох Энэтхэг улсыг сүүлийн таван жил удирдсан Ерөнхий сайд Нарендра Модиг суудалдаа үлдэх эсэхийг шийдэх юм.
Нарендра Модигийн өөрийнх нь тодорхолсноор бахархалтайгаар цэцэглэн хөгжиж буй Энэтхэг улсыг Нарендра Моди үнэхээр өөрчилж чадсан болов уу? Модиг дэмжигчдийн үзэж байгаагаар Модигийн удирдлага дор Энэтхэг улсын эдийн засаг хурдацтай сайжирч, дэлхийн хүчирхэг эдийн засагтай гүрнүүдийн нэг болж байгаа. Харин Модиг шүүмжлэгчид түүнийг төрийн эрхэнд гарснаас хойш Энэтхэг улсад нийгэм, ард иргэдийн дунд сөргөлдөөн нэмэгдэж, ардчиллын үнэт зүйл доройтож байна гэж үздэг.
ЭДИЙН ЗАСАГ
Модиг сайн муу ажилласан талаар маргаан үргэлжилсээр байгаа ч нэг зүйл тодорхой байгаа юм. Түүний удирдлага дор Энэтхэг улсын эдийн засаг үнэхээр л тасралтгүй өсөлттэй байгаа. ДНБ-ий өсөлт долоон хувиас даваад байгаа нь эдийн засаг дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй орнуудын нэгээр нэрлэгдэх үндэслэл юм. Энэ байдлаараа одоогоор Их Британи, Франц зэрэг улсуудтай эн зэрэгцээд байгаа ба энэ оны сүүлч гэхэд дээрх улсуудыг давах хандлагатай байна. Моди татварын шинэ зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлснээр Дэлхийн банкны жагсаалтад Энэтхэг улс 65 байраар урагшилжээ.
Хэдий ДНБ-ий өсч, эдийн засаг сайжирч байгаа гэсэн тоон үзүүлэлтүүд байгаа ч Модигийн Засгийн газар төгс ажиллаагүй. Ажилгүйдэл ядуурал тус улсад хэвээр байгаа аж. ДНБ долоон хувиар өссөн нь ажилгүйдлийг дөнгөн данган нэг хувиар багасгасан байгаа юм. Мөн рупигийн ханш түүхэн дэх хамгийн доод түвшинд очжээ. Нэг ам.доллар 74 Энэтхэг рупитэй тэнцэж байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Моди 2014 онд Ерөнхий сайдын ажлаа хүлээж авчныхаа дараа Энэтхэгийн өрх бүрт нээлттэй панс үүсгэж, ядуус руу чиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээг шууд хүргэх зорилго тавьсан. Энэхүү ажил нь дөрвөн жилийн хугацаанд 345 сая хүнийг банкны системд холбож өгсөн юм. Энэ бол чамлахааргүй амжилт гэж Дэлхийн банкны судалгаанд дурджээ. Гэсэн хэдий ч Энэтхэг улсад одоог хүртэл банк, АТМ-ийн хүрэлцээ муу, дээрх 365 сая хүний 15 хувьд нь нийгмийн халамжийн үйлчилгээ хүрч чадахгүй байна.
Аж үйлдвэрийн салбарыг үсрэнгүй хөгжүүлэхэд чиглэсэн “Make in India” хөтөлбөр бол Ерөнхий сайд Модигийн санаачилга. “Make in India” санаачилга мөн л хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байна. Энэтхэг улсад хөрөнгө оруулалт буурч, зогсонги байдалд орсон төслүүдээр дүүрч багаа тухай олон улсын байгууллагуудын дата мэдээлэлд дурдагдаад байна. Модигийн Засгийн газрын үед тус улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэн ч Азийн бусад улс орнуудтай харьцуулахаар буурсан үзүүлэлттэй гарч байгаа юм.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Энэтхэг Пакистаны газар нутгийн маргаантай Кашмир бүс нутагт хоёрдугаар сард халдлага гарч Энэтхэгийн 40 цэргийн амь үрэгдсэн. Энэхүү халдлагыг Пакистаны тал үйлдсэн нь тодорхой болж, Моди Пакистанд агаарын цохилт өгөх эрхийг Батлан хамгаалах яамандаа өгсөн. Модигийн Засгийн газар Батлан хамгаалах салбартаа орчин үеийн технологийн шинэ зэвсэг техникийг нэвтрүүлэхийг зорьж байгаа. Энэ бүхэн нь бас л бодит байдалтай уялдсангүй. Пакистанд агаарын цохилт өгсөн явдал нь одоогийн энх тайван цагт ховор үзэгдэл болж, зэр зэвсгийн шинэчлэл ярьж байсан шигээ урагштай байсангүй. Батлан хамгаалах салбарын зардал нэмэгдсэн боловч ДНБ-нд эзлэх хувь хэмжээ нь буурсан байна. Модиг гарснаас хойш Кашмирын нөхцөл байдал ч өмнөх жилүүдийнхээс дордож, террорист халдлагын тоо ч нэмэгджээ.
Эх сурвалж: Bloomberg
Холбоотой мэдээ