Нөөцийн мах нийслэлчүүдийн хэрэгцээг хангаж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

Нөөцийн мах нийслэлчүүдийн хэрэгцээг хангаж чадах уу?

Нөөцийн мах нийслэлчүүдийн хэрэгцээг хангаж чадах уу?

Нийслэлийн иргэдийн хүнсний хаврын чухал хэрэглээ болох нөөцийн мах өчигдрөөс /2019.4.15/ худалдаанд гарч эхэлсэн. Энэ жилийн нөөцийн мах чанар, үзэмжийн хувьд урьд жилүүдийнхтэй адил ч үнэ болон хэмжээгээр ялгарч байна. Учир нь, нийслэлчүүдийн хаврын хүнсэнд зориулан жилд дунджаар 10 гаруй мянган тонн нөөцийн мах бэлтгэдэг. Өнгөрсөн жил гэхэд л 12 мянган тонн мах бэлтгэж байсан юм. Мөн энэ жилийн нөөцийн махыг “Баатарууд тэнгэр”, “Дархан миат фүүдс”, “Сүхбаатар мах маркет” зэрэг гурван компани бэлтгэж байгаа юм. Харин үнийн хувьд, үхрийн ястай мах 7200, хониных 6000, ямааных 5500 төгрөгийн үнэтэй байна. Нөөцийн махыг “Мах сүүний анхдугаар аян” гэсэн цэнхэр бичигтэй уутанд 2-3 килограммаар савлажээ. Нөөцийн мах худалдаанд гарч буй эхний өдөр гэхэд худалдан авагч олон байв. Эндээс харахад эрэлт их байх бололтой. Гэвч хүртээмжтэй байж чадахгүй болов уу. Учир нь, өнгөрсөн жилийнхээс гурав дахин бага нөөцийн мах энэ жил бэлтгэжээ.

ШИНЭ МАХНААС ХӨЛДҮҮ БАЙГААГААРАА Л ЯЛГАРДАГ

Нөөцийн махны чанар, үнийн талаар иргэний сэтгэгдлийг сонслоо.

Иргэн Т.Цэцэгмаа

-Махны чанар давгүй харагдаж байна. Хэрэглэж үзээд бүр сайн мэдэгдэх байх. Урьд нь нөөцийн мах хэрэглэж байсан. Шинэ махнаас хөлдүү байгаагаараа л ялгардаг. Үнийн хувьд өнгөрсөн жилийнхээс арай үнэтэй байна. Хонины махнаас 10 кг, үхрийн махнаас мөн 10 кг-ыг авлаа. Байгууллагад хэрэглэх болохоор 10 орчим хоноод л дуусах байх. Чанар нь урьдынх шигээ байвал дахиж ирээд авна

10 ГАРУЙ КОМПАНИ ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЙ БАЙСАН Ч АРИЛЖААНЫ БАНКНЫ ШААРДЛАГА ХАНГААГҮЙ

Яагаад дунджаас гурав дахин бага мах бэлтгэснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Гантогтохоос тодрууллаа.


-Яагаад өнгөрсөн жилээс гурав дахин бага мах нөөцөлсөн юм бэ?

-Хаврын улиралд махны нийлүүлэлт багасч, шинэ махны үнэ өсдөг. Тиймээс нийслэлийнхний хүнсэнд хэрэглэх махны үнийг тогтвортой байлгах үүднээс нөөцийн мах бэлтгэх ажил хэрэгжүүлдэг. Энэ жилийн хувьд арилжааны банкаар дамжуулан хүүгийн хөнгөлөлт үзүүлэх зарчмаар уг ажлыг зохион байгуулсан. Нөөцийн мах бэлтгэх ажлын шалгаруулалтад 10 гаруй компани оролцсон ч арилжааны банкны шаардлага хангаагүйгээс гурван аж ахуйн нэгж л оролцсон.

-Үнийн хувьд өмнөх жилийнхээс харьцангуй өндөр байна. Илүү хямдруулах боломжгүй юм уу?

-Нөөцөнд бэлтгэсэн гурван төрлийн мах буюу үхэр, хонь, ямааны мах нь зах зээлд байгаа үнээс 15-30 хувиар хямд байгаа. Энэ нь зах зээлтэйгээ уялдуулж гаргасан үнэ. Одоогоор нөөцийн махыг 50 орчим цэгт борлуулж байгаа.

-Зарим иргэн нөөцийн махыг чанарын хувьд асуудалтай гэж үздэг юм бидээ. Энэ жилийн нөөцийн мах хэр чанартай вэ?

-Махыг бэлтгэхдээ тухайн аж ахуйн нэгж нь Малын эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу гарал үүслийн бичигтэй махыг тодорхой цэгүүдээс авч, чанарын шаардлага хангасан зооринд хадгалж, чанар аюулгүй байдлыг хангасан махыг борлуулж байгаа. Махыг арваннэгдүгээр сараас эхлэн бэлтгэсэн.

ГАРАЛ ҮҮСЛИЙН БИЧИГТЭЙ ЧАНАРТАЙ МАХ БЭЛТГЭСЭН

Энэ жилийн нөөцийн мах бэлтгэсэн гурван компанийн нэг “Баатарууд тэнгэр” компанийн ерөнхий менежер Э.Ононгоос махыг хэрхэн бэлтгэснийг тодруулахад “Манайх 1500 гаруй тонн мах бэлтгэсэн. Зах зээлийн үнээс 2000 төгрөгөөр хямд байгаа. Манайх стандартын дагуу дунджаар 25 кг жинтэй хонь, 170 кг жинтэй үхэр, 16 кг жинтэй ямааны махыг бэлтгэсэн болохоор чанар сайтай мах бэлтгэсэн. Гарал үүслийн бичигтэй, үйлдвэрт нядалсан малын мах болохоор чанартай. Үнийн хувьд мах бэлтгэх үед махны үнэ өндөр байсан, мөн махны эрэлт их, нийлүүлэлт бага байсан, бас сонгон шалгаруулалт дууссаны дараа махаа бэлтгэж эхэлсэн болохоос өмнөх жилийнхээс арай үнэтэй байгаа” гэсэн юм.

ӨНГӨРСӨН ЖИЛ НӨӨЦИЙН МАХНЫ ҮНЭ ГУРВАН УДАА БУУРСАН

Мах нөөцлөх ажилд цөөн компани оролцсон нь ашиг бага байдагтай холбоотой гэж Махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат үзэж байна. Тэрбээр “Нөөцийн мах бэлтгэх ажил нь уламжлал болсон. Энэ жил мах бэлтгэх ажилд тун цөөн компани оролцож байгаа. Шалтгаан нь мах бэлтгэж байгаа компаниуд нь махыг бэлтгээд, жижиглэж, хөрөөдөж, савлаад, борлуулж буй цэгүүдэд хүргэж өгдөг, ингээд хямд үнээр борлуулдаг гээд маш их ажил болдогтой холбоотой байх. Тиймээс нөөцийн мах бэлтгэх ажилд компаниуд идэвхтэй оролцдоггүй. Нөөцийн махны эхний үнэ энэ жил бусад жилийнхээс бага зэрэг өндөр байгаа. Энэ нь бэлтгэх үед махны үнэ өндөр байсантай холбоотой. Өнгөрсөн жил нөөцийн махны үнийг гурван удаа бууруулсан. Энэ жишгээр энэ жил ч нөөцийн махны үнэ буурах байх” гэсэн юм.

Нөөцийн махыг 50 орчим цэгээр дамжуулан худалдаалж байгаа. Эхний сард нөөцөлсөн махны 40 хувийг зах зээлд худалдаалах бол дараагийн сард 50 хувь, түүний дараа үлдсэн махыг худалдаалах юм байна.

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖ БУЙ ЦЭГИЙН ЖАГСААЛТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж