“LVMH” группийн эзэн Бернард Арногийн гэр бүл сүмийг сэргээх ажилд 200 сая евро хандивлана

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

“LVMH” группийн эзэн Бернард Арногийн гэр бүл сүмийг сэргээх ажилд 200 сая евро хандивлана

Парис хотын нэрийн хуудас болсон алдарт Нотр Дам буюу Дарь эхийн сүмд орон нутгийн цагаар өчигдөр орой /2019.04.15/ их хэмжээний гал гарлаа. Одоогоор /2019.04.16-ны 06.00 цаг/ галыг намжаагаад байгаа ч сүмийн дээд хэсэг тэр чигтээ шатсан байна. Галыг унтраахаар 400 гаруй гал сөнөөгч ажилласан байна. Франц улсын прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа аж. Ерөнхийлөгч Эммануэль Макрон төлөвлөсөн уулзалтуудаа цуцалж, сүм дээр иржээ.

Нүдэн дээр нь дүрэлзэн шатаж буй Нотр Дам сүмийн хажууд залбиран зогсох Парисын иргэд “Нотр Дамгүйгээр Парис хот юу ч биш шүү дээ” хэмээн халаглаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс, Ватиканы эрх баригчид, АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама зэрэг дэлхийн томоохон удирдагчид уг үйл явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээ.

Энэхүү сүм нь XIII  зуунд баригдсан архитекторын гайхалтай бүтээл бөгөөд дэлхийн соёл урлаг, шашны түүхэн дурсгалт газруудын нэг билээ. Уг сүмийг үзэж сонирхохоор жилд 13 сая жуулчин Парис хотыг зорьдог.


“Kering” группын ерөнхийлөгч Хенри Пинальт

Францын тэрбумтан алдарт Gucci, Saint Laurent брэндүүдийн толгой компани “Kering” группын ерөнхийлөгч Хенри Пинальт Францын төдийгүй дэлхийн шашин, соёлын өв болсон Нотр Дам сүмийг сэргээн засварлахад хувиасаа 100 сая еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээр болжээ.

Тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон сүм галд автсаны дараа сүмийг дахин сэргээн засварлах болно хэмээн мэдэгдээд уг ажилд үндэсний хэмжээнд хандив цуглуулах кампанит ажил өрнүүлнэ хэмээн хэлсэн юм. Ингээд энэ кампанит ажлын хамгийн анхны хандивлагч Хенри Пинальт болж түүхийн өвийг хадгалж үлдэхэд үлэмж хувь нэмрээ оруулж байна.

Нотр Дам сүмд ажиллаж буй албаны хүмүүсийн мэдээллээр хүмүүсийн ярьж байгаа шиг сүм тэр чигтээ шатаагүй, зөвхөн дээвэр хэсэг нь шатсан бөгөөд гол чулуун байгууламж руу гал ороогүй байна.

Гэхдээ галыг унтраахад их хэмжээний ус ашигласан учир олон зуун жилийн настай чулуун байгууламжид ус шингэж хэтэрхий хүндэрснээс нурах аюул нүүрлэж магадгүй байгаа аж.

Тиймээс аврагчид сүмийн үзмэрүүдийг аврах ажиллагааг явуулж байгаа гэв. Мөн сүмийн ойр орчимд амьдардаг иргэдийг нүүлгэн шилжүүлж, замуудыг түр хугацаагаар хаагаад байна.

Гал гарсан шалтгааныг албан ёсоор тодруулаагүй байгаа ч сүмийг сэргээн засварлах ажил явагдаж байсан нь галын шалтгаан болсон байж магадгүй гэсэн таамаг байгаа юм байна.

“LVMH” группийн эзэн Бернард Арногийн гэр бүл

Мөн Францын тансаг зэрэглэлийн Louis Vuitton, Christian Dior, Givenchy брэндүүдийг эзэмшдэг “LVMH” группийн эзэн Бернард Арногийн гэр бүл сүмийг сэргээх ажилд 200 сая евро хандивлана гэдгээ мэдэгджээ.

Дундад зууны үеийн архитекторын хосгүй бүтээл готик хэв маягийн Нотр Дам сүмийн барилгын ажил нь 1160 оноос эхэлж, 1260 оныг хүртэл 100 жил үргэлжилжээ. Чухам энэ л сүмд Францын бараг бүх хаадын титэм залах ёслол болдог байж. Сүмийн гайхалтай засал чимэглэл, дотор байрлах барималууд, ханан дээрх хээ угалзнууд зэрэг нь ер бусын хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг юм.

Сүмийн өндөр нь 35 метр, урт нь 130 метр, өргөн нь 48 метр, хонх өлгөсөн цамхгуудын өндөр 69 метр, зүүн цамхаг дахь Эммануэль хонхны жин нь 13 тонн. Үүнээс гадна зургаан тонноос 700 килограмын жинтэй есөн хонх байдаг. Нотр Дам сүмд 1600-аад оны үеийн уран зургууд, Францын Луй хааны 1238 онд Византын Эзэнт гүрнээс авчирсан шашны дурсгалууд, Есүс Христ цовдлохоос өмнө түүний толгойд нь зүүж байсан гэх “Өргөст титэм” зэрэг олон зуун түүхийн үнэт дурсгалууд хадгалагдаж байдаг.

1790-ээд онд буюу Францын хувьсгалын үеэр уг сүм хамгийн их сүйтгэгдэж, хүмүүс сүм дотор байрлуулсан шашин, урлагийн бүтээлүүдийг ихээр эвдэн сүйтгэсэн юм. Үүнээс хойш 1963, 2000-аад оны үед сүмийг сэргээн засварлаж байжээ.

Нотр Дам сүм нь 1991 онд ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэгдэж байсан юм. Францын нэрт зохиолч Виктор Хюго 1831 онд “Парисын Дарь эхийн сүм” алдарт романаа бичиж байв. Нотр Дам сүмийн нэрээр нэрлэсэн уг зохиолд барилгын ур хийц, дотор зохион байгуулалтын талаар маш дэлгэрэнгүй бичсэн нь сүмийг алдартай болоход хамгийн их нөлөөлсөн гэдэг. Хожим энэхүү зохиолоос сэдэвлэсэн олон кино, дэлгэцийн бүтээлүүд гарсан байдаг.

 

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж