Гадаад харилцааны гацаа нь Ерөнхийлөгч үү?

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

Гадаад харилцааны гацаа нь Ерөнхийлөгч үү?

Гадаад харилцааны гацаа нь Ерөнхийлөгч үү?

Хаврын чуулганаар хэд хэдэн улсад Монголыг төлөөлөх Элчин сайд нарын томилоог хэлэлцэнэ. УИХ-аас хоёр жилийн өмнө “виз”-ээ авсан Элчин сайдууд Ерөнхийлөгчөөс Итгэмжлэх жуух бичгээ авч чадахгүй буцаагдсанаар үндсэндээ нийт 18 улсын Элчин сайд болон Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүн нарын асуудал яригдаж эхлээд удаж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг өчигдөр /2019.04.15/ эгүүлэн татах саналаа УИХ-ын даргад хүргүүлэв. Шалтгаан нь Б.Дэлгэрмаа Ардчилсан намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон нь Төрийн албаны тухай хуулийн заалтуудыг зөрчсөнтэй холбоотой. Тэгэхээр түүний оронд дараагийн Элчин сайдыг томилно.

Мэргэшсэн, мэргэжлийн дипломатчид гэхээсээ хэн нэгэн албан тушаалгүй үлдсэн улстөрч гэгчийг Элчин сайдаар томилогддог гэх шүүмжлэл ч бий. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн таалалд нийцэж байж Элчин сайдаар томилогдох учиртай. Товчхондоо, Гадаад харилцааны гацаа нь Ерөнхийлөгч болж хувирав. Үүний нэг илрэл нь Засгийн газраас Тайландын Вант улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Австрали улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэрийг, БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурц нарыг УИХ-ын батлаад байсан ч Ерөнхийлөгч эдгээр Элчин сайдыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэнээр тэднийг буцаан татсан. Тэдний оронд болон бүрэн эрхийн хугацаа нь дууссан 10 гаруй  улсад суух Элчин сайдын нэрсийг Гадаад харилцааны яамнаас санал болгож, Засгийн газар, УИХ улмаар Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн гэж мэдэгдсэн ч өнөө хэр нэрс нь тодорхой болоогүй байна.

18 УЛСЫН ЭЛЧИН САЙД НАРЫГ ТОМИЛНО

Тайланд, Австрали БНСУ-аас гадна Польш, Унгар, Египет, Сингапур, Лаос, Киргиз, Австралид суух Элчин сайд нарын томилолтын хугацаа өнгөрсөн онд дууссан.

Монгол улсаас гадаад улс оронд суугаа Элчин сайд нар бүгд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн бөгөөд одоогоор БНСУ-д Элчин сайдгүй байгаа. Тагнуулын ерөнхийн газрын дарга асан Б.Хурцыг Өмнөд Солонгост суух Элчин сайдаар томилсон байсан ч манай тал саналаа буцаан татсан учир Элчин сайдгүй байгаа юм.

Шинэ Элчин сайд нарын нэрсийг хэзээ оруулж ирэх талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас асуухад, “Элчин сайд нарын нэрийг оруулж ирэх арай болоогүй, одоогоор ярилцацгааж байна”гэсэн тайлбарыг өглөө.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад тэрбээр “18 улсын Элчин сайд болон Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүн нарын асуудал яригдаж байгаа. 18 хүний нэр орж ирнэ гэсэн үг. Олон улс орон байгаа учраас процедур нь удаан явагддаг ийм зүйл. Засгийн газар Элчин сайд нарын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг. Зөвшилцөл тохирсноор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дараа нь УИХ-аар оруулдаг.  Гадаад харилцааны сайдын өгч байгаа мэдээллээр бол шинэ Элчин сайд нарын асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн барих болов уу. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын сүүлээр БНХАУ-д албан ёсны айлчлал хийх хүрээнд айлчлалын бэлтгэл ажлыг хангахаар Гадаад харилцааны сайд урд хөршид томилолтоор ажиллаж байгаа. Тийм учраас Элчин сайд нарын асуудал ирэх долоо хоногоос орж ирэх байх” гэсэн тайлбарыг өгөв.

ХЭНИЙГ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОХ, ЭС ТОМИЛОХ ЭЦСИЙН ШИЙДВЭРИЙГ УИХ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨВШИНД ГАРГАНА

Элчин сайдад нэр дэвшигчдэд Итгэмжлэх жуух бичгээ гардуулах эсэх нь Ерөнхийлөгчид хуулиар олгосон бүрэн эрх юм. Итгэмжлэх жуух бичигт Ерөнхийлөгчөөс гадна Гадаад харилцааны сайд гарын үсэг зурах ёстой аж. Итгэмжлэх жуух бичиг нь тухайн Элчин сайдыг улсаа төлөөлөн ажиллахын баталгаа болдог. Энэ ч утгаараа Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ суух орныхоо төрийн тэргүүнд нь барьснаар дипломат ажлаа эхлүүлдэг. Венийн конвенцээр гадаад орнууд Элчин сайдад нэр дэвшигчийнхээ нэрийг эхэлж тухайн ажиллах орон руу илгээж, зөвшөөрөл авдаг. Зөвшөөрөл ирсний дараа парламентаараа хэлэлцэж, баталгаажуулдаг байна. Харин Монгол улсын хувьд дээрхээс эсрэг буюу Элчин сайдаар томилж явуулахаас өмнө Гадаад харилцааны яамнаас нэрийг нь дэвшүүлээд Засгийн газар, Байнгын хороо, чуулганы хуралдаанаар оруулж батлуулдаг. Энэ тогтолцоо буруу гэдгийг мэргэжлийнхэн шүүмжилдэг.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд доктор, профессор О.Нямдаваа "Зөвхөн Элчин сайдад асуудаг агреман гэж бий. Тодруулбал, энэ хүнийг Элчин сайдаар танай улсад томилох гэж байгаа учраас агреманы хариуг өгнө үү гэсэн хүсэлт тавьдаг. Тухайн улс хүнийг нь хүлээж авахгүй гэвэл агреманы хариу өгөхгүй байж болно. Агреманы хариуг нэг сарын дотор өгөхгүй бол хүлээж авахгүй, дургүйцэж байна гэсэн үг. Манай улсад хариуг нь шаардах эрх байхгүй. Дэлхийн хэмжээнд тогтсон ийм жишиг бий. Гэтэл манай улс агреманы хариу  авахгүйгээр дотоод хууль журмаараа оруулж бүх хүнд нэрийг нь ил болгодог. Агреманы хариу ирэхгүй нөхцөлд Элчин сайдад нэр дэвшиж, томилогдсон хүн эвгүй байдалд орж, нэр хүнд унах эрсдэлтэй. Тиймээс хууль дүрэмдээ өөрчлөлт оруулж Элчин сайдуудыг Их хурлаар томилдгийг өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа, агреманы хариуг авсныхаа дараа Элчин сайдын нэрийг ил болгох хэрэгтэй" гэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж