Техник мэргэжлийн сургуулиудад эзэмшүүлж байгаа мэргэжлийн гуравны нэг нь зах зээлд эрэлтгүй байгаа учраас эрэлттэй мэргэжлийг сургах хэрэгтэй хэмээн ОХУ-ын Боловсролын дэд сайд Ирина Потехина өнгөрсөн Баасан гаригт /2019.04.12/ мэдэгдлээ.
“Оюутнуудыг сургаж байгаа мэргэжлийг нэн даруй шинэчлэн өөрчлөх хэрэгтэй байна. Одоо сургаж байгаа мэргэжлийн гуравны нэг нь зах зээлд эрэлтгүй болоод чамгүй олон жил болж байна. Хэн ч эдгээр мэргэжлийн боловсон хүчний ажиллуулах захиалга өгөхгүй байна. Тиймээс эрэлттэй мэргэжлийг эзэмшүүлэх хэрэгтэй” хэмээн тэр хэллээ.
Дунд мэргэжлийн боловсролын салбар өнөө цагт эрчимтэй хувиран өөрчлөгдөж байгааг тэр онцолсон байна. Эрэлттэй байгаа чиглэлд мэргэжилтэй боловсон хүчний захиалга өндөр байгаа ажээ.
Сүүлийн гурван жилд дунд мэргэжлийн коллежид элсэгчдийн тоо 4,5 хувиар өссөн байна.
Зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлийг эзэмшүүлэх талаар коллежийн удирдлага бодолцох хэрэгтэй байгаа хэмээн Ирина Потехина хэлсэн байна.
Мөн нөгөө талаар мэргэжлийн дунд боловсролын сургалтын бааз ихээхэн хуучирч, цаг үеийн шаардлага хангахгүй байгаа юм. Одоо хичээллэж байгаа 4000 орчим дунд боловсролын коллежийн 70 хувийнх нь сургалтын бааз хуучирсныг дэд сайд хэллээ. Эдгээрийг шинэчлэх зорилгоор ойрын таван жилдээ төсвөөс 26 тэрбум рубль зарцуулахаар төлөвлөсний гурван тэрбум рублийг энэ онд зарцуулах юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ