Утаанд дарагдсан өвлийн улирал дуусч урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн нийслэлчүүдэд хөрсний бохирдол гэх бас нэгэн толгойны өвчин гарч ирдэг. Хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын 00 буюу газар ухаж барьдаг модон жорлонг гэж үздэг. Өнөөдрийн байдлаар 180 мянган айлын 800 орчим мянган хүн модон 00 хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Нийслэлийн 60 гаруй хувийг гэр хороолол эзэлдэг гэж үзэхэд тэр чинээний хөрсний бохирдол үүсч байгаа гэсэн үг. Тиймээс гэр хорооллын модон 00-ын стандартыг шинэчлэн, иргэдэд мөрдүүлэх ажлыг эхлүүлжээ.
Өнөөдрийн байдлаар гэр хорооллын модон 00-ын стандартын хэрэгжилт огт байхгүй байгааг албаны хүн өөрөө ч хүлээн зөвшөөрч, бидний нүдэнд ч ил харагдаж байгаа. Хэдий тийм ч эхний ээлжинд цаасан дээрх зүйл заалт, зохицуулалтаа шинэчилнэ. Дараагийн ээлжинд түүнийг амьдрал дээр хэрэгжүүлэх асуудлыг бодитой ярих болно гэх зүйлийг албаны хүн ярьж байна.
Б.ЗОЛЗАЯА