Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан эхэллээ. Өнөөдрийн барилдааны эхэнд 70 кг-ын жинд өрсөлдөж буй Г.Идэрхүү БНСУ-ын тамирчин Ён Хо-Жүнтэй барилдаж, 7:2 харьцаагаар өрсөлдөгчөө яллаа.
Харин түүний дараа тамирчин Д.Хүдэрбулгын оронд дэвжээнд гарах шийдвэр гаргасан Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Цэрэнбаатарын Цогтбаяр 97 кг-д хүч үзэж, ид залуудаа 57 кг болон 63 кг-д барилдаж явсан, 44 настай гавьяат маань эхний тойрогтоо Тажикстаны Р.Искандарид 4:14 харьцаагаар ялагдлаа.
Өнөөдөр болж буй 61 кг-ын жингийн барилдаанд 15 орны шилдгүүд өрсөлдөнө. Энэ жинд өрсөлдөх ОУХМ Б.Номин жингийнхээ 12 дугаарыг татаж, эхний даваанд Тажикийн Р.Режеповтой хүч үзэх болсон. Б.Номингийн хэсэгт Казах, Узбек, Ардчилсан Солонгос зэрэг орны эвгүй учраанууд байна.
Харин 74 кг-ийн жинд барилдахаар мэдүүлэг өгсөн дасгалжуулагч Л.Энхбаярыг сугалаанд багтаагаагүй тул манай улсаас энэ жинд төлөөлөлгүй болсон. /74 кг-ын жинд барилдах байсан Д.Гомбодоржийг визний зөрчилтэй хэмжээн хил гаргаагүй тул түүний оронд шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр мэдүүлэг өгсөн юм/.
Л.Энхбаяр дасгалжуулагчийн хувьд саяхан шөрмөсний хагалгаанд орсон тул 80 гаруй кг-аас 74 кг руу богино хугацаанд жин хасч ороход хүндрэлтэй байсан нь мэдээж. Гэхдээ тэрбээр оноолтод багтаагүй ч барилдахаар бүртгүүлсэн тул энэ жинд Монголын багийг оролцсоноор тооцохоор болсон аж.
Өнөөдөр манай эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд Ц.Бямбазаяа өрсөлдөнө. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, улмаар Энэтхэгийн В.Винештэй барилдахаар болсон байна.
Б.ЭНХ