Капиталын 250 ажилтныг халах шийдвэрээ танилцуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.15-нд нийтлэгдсэн

Капиталын 250 ажилтныг халах шийдвэрээ танилцуулжээ

Капиталын 250 ажилтныг халах шийдвэрээ танилцуулжээ

Монголбанкнаас өнөөдөр /2019.04.15/дампуурлыг нь зарлаад байгаа Капитал банктай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Капитал банкны харилцах, хадгаламжийн данс эзэмшигчдийн нэхэмжлэлийг энэ сарын 22-ноос эхлэн хүлээн авахаар болсон байна. Нэхэмжлэл хүлээн авах хугацаа 60 хоног байх тул эхний өдөр өгөх гэж дараалал үүсгэх шаардлагагүй. Нэхэмжлэл хүлээн авсан хугацааг үндэслэн дараалал тогтоохгүй юм байна. Нэхэмжлэл хүлээн авах хаяг нь Капитал банкны  Чингэлтэй дүүрэг дэх төв байр гэх хаяг байх аж.

Мөн Капитал банкинд  ажиллаж байсан 250 хүндийг халах шийдвэрийг өнөөдөр танилцуулжээ.

Мэдээллийн үеэр сэтгүүлчид “Капитал банкнаас олгосон зээлийн 80 хувь найдваргүй зээлд орсон тухай мэдээлж байгаа. Хэдэн хувь хүрсэн тохиолдолд банкин дээр арга хэмжээ авдаг вэ. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, Хөгжлийн банкны мөнгө гээд төрийн 340 тэрбум төгрөг тус банкинд байршиж байсан. Гэтэл дампуурлаа. Хариуцлагыг хэн хүлээх вэ” гэсэн асуулт тавьсан юм. Төв банкны холбогдох албан тушаалтан “2015 оноос дээр дурдсан төрийн мөнгө байршиж ирсэн байдаг. Монголбанк шаардлагатай арга хэмжээнүүдийг авсаар ирсэн. Гэвч хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Хяналт тавин ажиллаж байхдаа зээл олголтыг нь хязгаарлаж байсан. Чанаргүй зээлийн хэмжээ тэдэн хувьд хүрсэн тохиолдолд арга хэмжээ авна гэсэн тодорхой хуулийн заалт байхгүй” гэдэг тайлбар хийлээ.

БАНКНЫ ЭРХ ХҮЛЭЭН АВАГЧИЙН ЗӨВЛӨЛӨӨС ДАРААХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ

Капитал банк нь хадгаламж эзэмшигч болон үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, тэдний анхны шаардлагаар мөнгөн хөрөнгийг гаргаж өгөх чадваргүй болсон тул Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгах шийдвэр гарч, Банкны эрх хүлээн авагчийг томилсон.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуулийн дагуу Капитал банкны хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн даатгагдсан мөнгөн хөрөнгийн даатгалын нөхөн төлбөрийг хуульд заасан хугацаанд ХААН банкаар дамжуулан олгож эхлээд байна.

20 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж эзэмшигч болон банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэл гаргах хугацааг Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 60 хоногийн хугацаанд хүлээж авахаар тогтоож байна.

Банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэл хүлээн авах эцсийн хугацаа өнгөрснөөс хойш 90 хоногийн дотор Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт зааснаар шаардлагын хэмжээг тодорхойлж, хуульд заасны дагуу нэхэмжлэлийн дарааллыг тогтоох, нэхэмжлэгчийн шаардлага болон түүний баталгаажсан хэмжээний талаар тухайн этгээдэд мэдэгдэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллана.

Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3 дахь хэсэгт зааснаар Банкны эрх хүлээн авагч нь энэхүү мэдэгдэл гарснаас хойш 60 хоногийн хугацаа өнгөрсөн, нэхэмжлэлийн шаардлага хүчин төгөлдөр эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн дараалалд оруулахгүй байх үндэслэл болохыг анхаарна уу.

Үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт:

  1. Шаардах эрх бүхий этгээдээс ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ банкны санхүүгийн тайлан, данс, мэдээлэлд бүртгэгдсэн мэдээллээс зөрвөл;
  2. Банкны үйл ажиллагаанд хамаарахгүй хэлцэл;
  3. Банкны тухай хууль болон бусад хууль зөрчиж хийсэн хэлцэл;
  4. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн бусад нөхцөл байдал илэрсэн.

Нэхэмжлэл хүлээн авах хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43, Капитал банкны Төв байранд өөрийн биеэр, орон нутгаас өөрийн биеэр, шуудангаар эсхүл Монголбанкны салбар, хэлтсээр дамжуулан гаргаж болно.

Тодруулга мэдээлэл авах утасны дугаар: 18001912, 70001918

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж