Ё.Отгонбаяр: Тоглоод байна уу?

Хуучирсан мэдээ: 2015.05.07-нд нийтлэгдсэн

Ё.Отгонбаяр: Тоглоод байна уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

Уг хуулийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Хямралтай үед татвар тавих нь иргэн, аж ахуйн нэгжид хүндрэл үүсгэнэ. Тиймээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулъя” гэсэн санал гаргасан ч гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээгээгүй болохыг ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг таницуулга хийхдээ онцоллоо.

Хэлэлцүүлэг эхлэхэд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Баасан гаригт Ерөнхий сайд татвар нэмэхгүй гэчихээд буцаагаад татвар нэмэх тухай оруулж ирэх нь тоглоод байна уу. Засгийн газраас хариу өгөөч” гэв.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Энэ хуулийн төслийг Засгийн газар  2014 оны төсвийн хүрээний мэдэгдэлтэй цуг  2014 оны арванхоёрдугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ төсөвтэй хамт хэлэлцэх шаардлагагүй, орон нутаг, нийслэлд эрх олгох хууль учраас тусад нь хэлэлцье гээд явсан. Засгийн газраас хамаарсан зүйлгүй” гэсэн хариулт өглөө.

Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Хот тусдаа улс байгуулсан юм уу, Ерөнхий сайдын хэлсэн үг үнэ хүндгүй ач холбогдолгүй юм уу. Түүнийгээ мэдэгдчих” гэж байлаа.

УИХ-ын гишүүн О.Баaсанхүү “Татвар нэмж байна, дээр нь татварын давхардал үүсгэх болж байна” гэсэн асуудлыг тус тус хөндөөд байна.

Энэхүү хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байгаа юм.

Дээрх асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ч дахин хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төслийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Учир нь банк, хэвлэл мэдээлэл, уул уурхай, харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулах бол хууль хяналтын байгууллагаас тодорхойлолт авахаар хуулийн төсөлд тусгасан байсныг гишүүд анзааралгүй өнгөрөөсөн нь, байнгын хорооны төвшинд дахин хэлэлцэж нягтлах шаардлагатай болов.

УИХ-аар мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлээд байна.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж