Эрх баригчид авлигатай бус АТГ-тай тэмцэж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.15-нд нийтлэгдсэн

Эрх баригчид авлигатай бус АТГ-тай тэмцэж байна

Эрх баригчид авлигатай бус АТГ-тай тэмцэж байна

Эрх баригчид авлигатай бус Авлигатай тэмцэх газар/АТГ/-тай тэмцдэг боллоо. Удирдлагыг нь өөрчилчихвөл авлига, албан тушаалын хэрэг ар, араасаа илэрнэ гэж ярьж буй нь үнэнтэй үл нийцэх үндэслэл юм. Тэд авлигатай хийх тэмцлийг улс төрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл  болгон ашиглахыг л санаархаж байна.

Уг нь эрх баригч хүчин хүнтэй ноцолдох бус цагаан захтнуудын хэргийг илрүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажилласан бол Монгол Улс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд авлигын индескээр ухрахгүй байв. Харамсалтай нь, тэд хулгай хийсэн албан тушаалтнуудад хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой гэж ярих ч хууль батлахдаа холбогдох заалтыг нь хасдаг, өөрчилдөг нь эргээд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгчид ял хүлээлгэх боломжгүй болгож буй юм.

Жишээ татвал, 2018 онд АТГ мөрдөн шалгасан хэргүүдээсээ 224 хэргийг шүүхэд шилжүүлснээс 84 нь эцэслэн шийдвэрлэгджээ.  Эцэслэн шийдвэрлэгдсэн хэргийн дийлэнх нь ял шийтгэлгүй өнгөрсөн байна. УИХ-аас Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг батлахдаа авлигын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг таван жил болгон өөрчилсөн нь цагаан захтнууд хууль завших боломж олгожээ.

Өөрөөр хэлбэл, дээрх заалтаас болж сургууль, цэцэрлэг барих мөнгө шамшигдаж, албан тушаалтнууд халаасаа түнтийлгэсэн хэвээр, хохирол нөхөн төлөгдөхгүй өнгөрч байна.

Уг нь авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэх хүсэл зориг байсан бол ядаж л энэ хугацаанд хэрэг хөөн хэлэлцэх хугацаа болохгүй байна, хугацаагүй болгоод өгөөч гэж санал хэлж байхад нь хүлээж, аваад хууль санаачлах боломж байсан. Хуруу гараа ч хөдөлгөөгүй нь авлига, хээл хахуультай хийх хүсэл сонирхолгүй л харуулж буй хэрэг шүү дээ.

УИХ-аас Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн батлахдаа Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд багтсан “Сонирхлын зөрчилтэй хүнийг төрийн албанд томилж болохгүй” гэдэг заалтыг “Сонирхлын зөрчил нь ил харагдаж байсан ч төрийн албанд томилж болно” гээд өөрчилсөн байх жишээний.  Ийм хууль үйлчилж байхад барилгын компанитай хүн Барилгын сайдаар томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй болж буй юм.

Биенээ хуулийн хариуцлагаас мултлах үйлдэл нь ч  ил цагаандаа гарсан гэж хэлж болно.

ЖДҮХС-тай  нэр холбогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах шаардлага байна гээд Улсын ерөнхий прокурор нь хүсэлт тавихаар УИХ нь хамгаалаад үлдсэн.  Энэ тохиолдолд АТГ-ын мөрдөн байцаагчид УИХ-ын гишүүний албан бичгийг нь ч шалгах эрхгүй болж буй. Хамаарал бүхий компанийнх нь данс руу ЖДҮХС-гаас зээл шилжсэн байхад үзэх эрх алга. Банкных нь харилцах дансных нь мэдээллийг авах, шалгах ч боломж алга. Ийм нөхцөлд УИХ-ын гишүүний гэмт үйлдлийг илрүүлнэ гэдэг боломжгүй үйлдэл болж байгаа. Харин УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрх нь дууссан хойно шалгая гэхэд дээр дурдсанчлан хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Ийм л хуулийн хамгаалалт, хана хэрэм босгосон атлаа “Авлига, хээл хахуул, албан тушаалтнуудын үйлдсэн хэргийг илрүүлэхгүй байна” гэдэг жүжиг тавих хэрэг байсан юм уу, хууль тогтоогчид оо.

Тэр бүү хэл хэргийг нь шалгаж буйн төлөө “Ална тална” гэж заналхийлж байгаа сураг дуулдана лээ. Ийм л эрээ цээргүй болцгоож… Тийм байтлаа АТГ ажлаа хийхгүй байна, албан тушаалтнууд ял завшиж байна гэж шүүмжилнэ.

Хууль эрх зүйн орчныг нь ийн боомилсноос гадна орон тоогоор нь хяхаж хавчиж байна.

АТГ нь 28 мөрдөн байцаагчтай. Харин албан тушаалтнуудтай холбоотой 300 гаруй хэрэг шалгагдаж байна. Жилд нэг байцаагчид дээд тал нь 25 хэрэг дээр ажиллах шаардлага үүсдэг аж. Нэг хэрэг дээр нэг хүнийг шалгахгүй, холбоотой хэчнээн хүн гарч ирнэ тэр бүгдийг шалгаж, хамааралтай эсэхийг нягтална. Нэг жил ажиллаад шийдэгдчих хэрэг бага, хэдэн жилийн хөдөлмөрөө зарцуулж, баримт нотолгоог нь хангалттай бүрдүүлээд шүүхэд шилжүүлэхэд өнөөх хэрэг хөөн хэлэлцэх хугацаа таван жил гэдгээр хэрэгсэхгүй болдог.

Ийм л эрх зүйн орчинд, авлига, хээл хахуультай тэмцэж байна.

Гэтэл өмнөд хөршийн Авлигатай тэмцэх байгууллагын нэг мөрдөн байцаагч жилд 5 хэрэг дээр л ажилладаг аж. Газар тэнгэр шиг зөрүүтэй байгаа биз. Харин манай хууль тогтоогчид 28 хан мөрдөн байцаагчтайгаар ажиллаж байгааг нь мэдэх атлаа орон тоог нь нэмэх тухай ам ангайдаггүй. Хэрэв нэмчихвэл өөрсдөө шоронд суучихна гэж эмээдэг үү, АТГ байгуулагдсанаас хойш 10 гаруй жил өнгөрч байхад үе, үеийн УИХ-аас хэн нь ч орон тоог нь нэмэх асуудлыг хөндөж, хуулийн төсөл санаачлаагүй байгаа юм.

Хууль тогтоогчид оо, хэдий болтол авлига, хээл хахуультай тэмцэнэ гэж худлаа сүржигнэх вэ. Хүн сольсноор асуудлаа шийдэхгүй, хууль эрх зүйн орчноо сайжруулж, ажиллах орон тоо боломжоор хангаж байж, албан тушаалтнуудтай холбогдох хэрэг илрэх юм байна гэдгийг бодож,  анхааралдаа аваач. Хэрэв өнөөдөр л энэхүү өөрчлөлтийг хийхгүй бол авлига хээл хахуулийн гэмт хэрэг жил ирэх тусам хүрээ нь тэлж, улам томорч байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж