УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Үйлдвэрлэлийн осол 2014 онд 333 бүртгэгдэж, өмнөх оноос 18 хувиар буурсан боловч нас барсан хүний тоо нэмэгдсэн байна. Ослын шалтгааныг авч үзвэл уналт нуралт, аюулгүй ажиллах арга, барилд хангалтгүй суралцсан, тээврийн хэрэгслийн болон тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл, технологийн процесс зөрчсөн зэрэг зөрчил зонхилжээ. Харин дээрх хуульд өөрчлөлт оруулснаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны салбар хороодыг яамдын дэргэд орон тооны бусаар ажиллуулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын уялдаа холбоог сайжруулах, Хөдөлмөрийн сайдын дэргэд ажиллаж байгаа Үндэсний хороо, яамдын дэргэд байгуулагдах салбар хороо болон аймаг, нийслэл, дүүргийн зөвлөлийн үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай зардлыг зохих шатны төсвөөс гаргах.
Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах зардлын хувь хэмжээг УИХ-ын 2013 оны 20 дугаар тогтоолд заасны дагуу 5.0 хүртэл хувиар нэмэгдүүлэн, уг төсөвлөсөн хөрөнгийн зарцуулалтыг тодорхой болгох зэрэг зохицуулалтууд тусаад байна.
Одоо энэхүү хуулийн өөрчлөлттэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс санал болгосон зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна.
Г.ДАРЬ