Сүхбаатар дүүргийн 19 хорооны нутаг Гоодойн аманд өчигдөр /2019.04.15/ гарсан түймрийг Нийслэлийн онцгой байдлын 100 орчим албан хаагчид 28 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цурамд оруулсан ч дахин гал алдах магадлалтайг холбогдох албаны хүмүүс хэлж байсан юм. Энэ талаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайханаас дараах зүйлийг тодрууллаа.
-Гоодойн зусланд гарсан түймрийг цурамд оруулсан ч дахин гал гарч болзошгүйг сануулж байсан. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ямар байна вэ?
– Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид өчигдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ Гоодойн аманд гарсан гал түймрийг унтраахад шуурхай ажиллаж, үүргээ амжилттай биелүүлсэн. Бид бүхэн өчигдөр орой 20.00 цагийн үед бүрэн цурамд оруулж аюулгүй болгосон байгаа. Урьдчилсан байдлаар галын шалтгааныг гагнуурын оч алдсанаас болж богино хугацаанд гал алдсан гэж дүгнэсэн.
-Он гарснаар нийслэлийн хэмжээнд хэчнээн гал түймрийн дуудлага ирсэн бэ. Бас ОХУ-аас хил дамжин гал түймэр орж ирэх аюул хэр их байна вэ?
– Он гарснаас хойш гал түймрийн дуудлага мэдээлэл ихэссэн. Нийслэлийн ногоон бүсэд гарсан хоёр дахь том гал түймэр нь Гоодойн зусланд бүртгэгдлээ. Өнжмөл шар өвснөөс болж гал алдах тохиолдол маш их байна. Энэ нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэлтэй холбоотой. Ялангуяа амралтын өдрүүдэд өнжмөл өвс шатааснаас болж гал алдсан дуудлага зөрчил мэдээлэл Нийслэлийн онцгой байдлын газарт өдөрт 10 орчим ирж байна. Энэ бол маш өндөр үзүүлэлт. ОХУ-аас хил дамжин гал түймэр орж ирэхээс урьдчилан сэргийлэх ажлыг Онцгой байдлын ерөнхий газар хариуцна.
– Урьдчилсан байдлаар Гоодойн зусланд гарсан түймрийн хохирлын хэмжээг тогтоосон уу?
-Цагдаагийн байгууллагаас яг одоо энэ асуудлыг шалгаж байгаа тул хохирлын хэмжээг тогтоож хэлэх боломжгүй. Манай байгууллагад энэ талаарх мэдээлэл байхгүй.
Холбоотой мэдээ