Хөдөө аж ахуйн их сургууль/ХААИС/-ийн Агроэкологийн сургуулиас “Газар тариалангийн хөгжил 2015” эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурал”-ыг зохион байгууллаа. Хуралд Хүнс хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөө аж ахуйн их сургууль, ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал хамгааллын хүрээлэн, Инженер технологийн сургууль, “Монгол төмс хөтөлбөр”-ийн зохицуулагч, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд оролцжээ.
Хурлаар хөрсний үржил шим, хяналтын тогтолцоо, таримлын технологи, үрийн аж ахуй, ургамал хамгаалал, техникийн шинэчлэл, тариалангийн газрын ашиглалт, бүртгэл үнэлгээ зэрэг хэд хэдэн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Мөн газар тариалангийн салбарт хэрэгжүүлж байгаа урамшуулалд тулгуурласан өнөөгийн төрийн бодлого зөв үү, цаашид үр тариагаа экспортлох хэмжээнд хөгжих боломж бий юу зэрэг асуудлаар санал солилцсон аж.
Энэ үеэр Хүнс хөдөө ау ахуйн сайд Р.Бурмаа “Атрын гуравдугаар аяныг эхлүүлсэн өнгөрсөн жилүүдэд уналтат ороод байсан энэ салбар сэргэж, үр тариагаар дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээнд хүрсэн. Гэсэн ч тариаланчид тодорхой нэгдсэн бодлогогүй, техник, технологийн заавар зөвлөмжийг нарийн мөрддөггүйгээс 580 мянган га тариалангийн талбайд хийсэн шинжилгээгээр 61,4 хувь нь хүчтэй элэгдэлд орсон, монгол орны хөрсөнд нутагшаагүй үр сорт сонгож, тариалдгаас өвчин хортонд өртөх, дутуу болцтой ургац авах гэх мэт тодорхой эрсдэлүүдийг дагуулсаар байна. Мөн Монгол орны газар нутгийн 74 хувийг эдэлбэр газар эзэлдэг ч харьяа яамандаа ямар ч харьяалалгүй явж ирсэн нь эргээд үүрэг, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхэд ихээхэн бэрхшээл болж байгаа” гэдгийг онцолжээ.
Д.ЖАРГАЛ