УБТЗ-аас Ерөнхийлөгч болон ҮАБЗ-д гомдол хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.15-нд нийтлэгдсэн

УБТЗ-аас Ерөнхийлөгч болон ҮАБЗ-д гомдол хүргүүлнэ

УБТЗ-аас Ерөнхийлөгч болон ҮАБЗ-д гомдол хүргүүлнэ

Иргэн Л.Пүрэвбаатар хууль бусаар эзэмшиж буй 1,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хаустай холбоотой шүүх болон шүүхийн хууль бус ажиллагааны талаар нэхэмжлэгч УБТЗ-аас  өнөөдөр /2019.04.15/ мэдээлэл хийлээ.


УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хууль зүйн албаны хуулийн зөвлөх Х.Энхсүх мэдээллийн эхэнд дээрх асуудлаар Монгол Улсын ерөнхийлөгч болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд гомдлоо хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.  Тэрбээр “2014 оны арванхоёрдугаар сард төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр УБТЗ-ын даргаар Л.Пүрэвбаатар сонгогдсон. Тэрбээр томилогдсон  тухайн өдрөө  УБТЗ-тай гэрээ байгуулалгүйгээр шууд тухайн үеийн төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Цогтбаатартай  хууль бусаар гэрээ байгуулсан. Ингэхдээ Л.Пүрэвбаатар нь 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй хаусыг төмөр замын хөрөнгөөр худалдаж авсан. Албан тушаалаа аваад үүрэгт ажилтайгаа танилцаагүй байхдаа шууд л албаны орон сууц хангуулах өндөр өртөг бүхий  ашиг сонирхлын зөрчилтэй гэрээг хийсэн нь  хууль бус  үйлдэл юм.  УБТЗ-ын хууль ёсны эрх ашигт ноцтой халдсан үйлдэл гэж харж байна.

2016 оны есдүгээр сард түүнийг хугацаанаас нь өмнө ажлаас нь чөлөөлсөн. Энэ тохиолдолд Иргэний хуульд зааснаар албаны орон сууцаар хангаж байгаа тохиолдолд ажил олгогч нь хууль журамд заасан шаардлагын дагуу албаны орон сууцаа буцааж авах эрхтэй байдаг. Энэхүү эрхийнхээ дагуу ажил олгогч УБТЗ тухайн өндөр өртөг бүхий орон сууцаа өөрийн өмчлөлдөө буцаан авах хүсэлт шаардлагуудаа тавьсаар ирсэн ч Л.Пүрэвбаатар нь тухайн орон сууцыг өөрийн сайн дураар султган өгөх УБТЗ-ын өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрөхгүй байсан. Ингээд хуулийн дагуу 2018 оны нэгдүгээр сард тухайн орон сууцны харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан  шатны шүүхэд орон сууцыг албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасан. Удалгүй Л.Пүрэвбаатар нь сөрөг нэхэмжлэл буюу  тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг УБТЗ-аас даалгуулах бүхий сөрөг нэхэмжлэлийг шүүх  хуралдааны явцад гаргасан. Анхан  шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд УБТЗ-ын үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож иргэн Л.Пүрэвбаатарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, УБТЗ энэхүү хаусыг Л.Пүрэвбаатарт шилжүүлэх нь зүйтэй гэсэн. Бид анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж 2018 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан. Тухайн үед давж заалдах шүүх хэргийг хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан байна гэсэн учраас шийдвэрт өөрчлөлт оруулж тухайн орон сууцыг УБТЗ-ын өмчлөлд оруулахыг дахин тогтоосон. Энэ шийдвэрийг Л.Пүрэвбаатар эсэргүүцэж гомдлоо улсын дээд шүүхэд гаргасан.

Энэхүү гомдлын дагуу улсын дээд шүүх хэрэг маргааныг 2018 оны есдүгээр сард хэлэлцээд нийслэлийн давж заалдах шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан байна. Энэхүү өндөр өртөг бүхий хаусын хууль ёсны өмчлөгч нь УБТЗ юм байна. Л.Пүрэвбаатар нь хууль бусаар ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулсан нь хууль бус гэсэн шийдвэр гаргаж эцэслэн шийдвэрлэсэн. Нэгэнт гурван шатны шүүхээр эцэслэгдсэн шийдвэрлэгдсэн асуудлыг иргэн Л.Пүрэвбаатарт хүргүүлж албаны орон сууцаа суллаж өгнө үү гэсэн хүсэлтээ удаа дараа   тавьсан боловч өнөөдрийг хүртэл орон сууцаа султгаж өгөхгүй хүндрэл учруулж байсан. Бид Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолыг албадан гүйцэлдүүлэх тухай хүсэлтийг Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тавьсан. Хүсэлтийг шүүх хүлээж аваад 2018 оны 12 сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүргүүлсэн.  Гэтэл энэхүү арга хэмжээг удаашруулах зогсоох арга хэмжээг иргэн Л.Пүрэвбаатар нэгэнт шийдвэрлэсэн асуудлаар дахин Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл гурван шатны шүүхээр УБТЗ нь өмчлөгч  нь мөн гэж тогтоосон асуудлыг дахин орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үүрэг бүхий нэхэмжлэлийг гаргатал Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь энэхүү нэхэмжлэлийг хүлээн аваад зогсохгүй нэхэмжлэлтэй холбоотой захирамж гаргасан.

Энэ үйлдэл нь өөрөө Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлт заалтуудыг зөрчсөн шийдвэр. Нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар шүүхийн шийдвэр тогтоол байгаа бол тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байтал Баянгол дүүргийн шүүх хүлээгээд авсан. Мөн энэ асуудлаар Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхэд орон сууцны өмчлөгч тогтоолгох асуудлаар нэхэмжлэлийг өгсөн. Дээд шатны шүүхийн шийдвэрлэсэн асуудлыг доод шатны шүүгч нь захирамжаараа зогсоодог, захирамжаараа түдгэлзүүлдэг. Хууль гажуудсан хууль гажуудуулсан нөхцөл байдал үүсээд бид хандах газаргүй боллоо.  Улсын дээд шатны шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх ёстой. Тиймээс бид энэ асуудлаар  Монгол Улсын ерөнхийлөгч болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд гомдлоо хүргүүлнэ" гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж