Г.Бумчимэг: Банкны салбарт ч бизнесийн өрсөлдөөний зарчмууд үйлчилдэг

Хуучирсан мэдээ: 2019.04.15-нд нийтлэгдсэн

Г.Бумчимэг: Банкны салбарт ч бизнесийн өрсөлдөөний зарчмууд үйлчилдэг

Г.Бумчимэг: Банкны салбарт ч бизнесийн өрсөлдөөний зарчмууд үйлчилдэг

Эдийн засагч, судлаач Г.Бумчимэгтэй ярилцлаа.

-Төв банкнаас Капитал банкийг татан буулгах шийдвэр гаргасан. Энэ үйл явцыг та эдийн засагчийн хувьд хэрхэн дүгнэж, харж байна вэ? Энэ үйл явц санхүүгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөх бол?

-Санхүүгийн тогтвортой байдлыг хангах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс төв банк энэ шийдвэрийг авч хэрэгжүүлсэн болов уу. Төв банкны нэг үүрэг нь арилжааны банкуудын зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тавьж, хянаж ажилладаг. Капитал банкны хувьд зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангахгүй, дээр нь төв банкнаас тавьсан шаардлагуудыг хэрэгжүүлээгүй учраас татан буулгасан гэж мэдэгдсэн. Ерөнхийдөө санхүүгийн тогтвортой байдал гэж юу вэ гэдгийг юуны өмнө тайлбарлая. Санхүүгийн тогтвортой байдал гэдэг нь нэг ч банк дампуурахгүй байхыг хэлнэ гэж ойлгож болохгүй.  Санхүүгийн тогтвортой байдал гэдэг нь эдийн засаг өсөлттэй, уналттай аль ч үед банкны систем зөв ажилладаг байхыг л хэлнэ. Тэгэхээр Монголын хувьд хамгийн сүүлд Хадгаламж банкийг төрийн банктай нэгтгэсэн. Түүнээс хойш 6 жилийн дараа Капитал банк татан буугдаж байна.

-Төв банк эртнээс арга хэмжээ авсан бол банкийг татан буулгахгүйгээр аварч болох байсан. Харилцагчид хохирохгүй байх боломжтой байсан гэх гомдол байх шиг байна. Энэ талаар таны байр суурь? 

-Банкны систем өөрөө нэг  төрлийн зах зээл. Бизнесийн нэг салбар шүү дээ. Энэ зах зээлд хөрөнгө оруулалт хийж буй хүмүүс тодорхой хэмжээгээр эрсдэл хүлээж байгаа. Эрсдэлээсээ давсан ашиг олж чадахгүй бол өрсөлдөөнөөс хасагдах нь зах зээлийн хууль. Банкны салбар өөрөө зохицуулалттай зах зээл хэдий ч энд шударгаар өрсөлдөх нөхцөлийг хангах нь чухал. Өөрөөр хэлбэл, төв банкнаас нэг ч банкийг дампууруулахгүй гээд энэ салбарт хэтэрхий давуу тал, илүү их боломжийг олгох нь зохисгүй. Энэ салбарт цэвэр, шударга өрсөлдөөний үр дүнд бий болсон зээл болон хадгаламжийн хүү тогтох ёстой. Банкууд тодорхой хэмжээгээр эрсдэл хүлээгээд хэрэглэгчдэд хамгийн сайн бүтээгдэхүүнийг хамгийн боломжийн үнээр хүргэхийн төлөөх өрсөлдөөнд орж байгаа. Энэ бизнесийн өрсөлдөөнд ялж, ялагдах орчныг Монголбанк нээлттэй үлдээж өгч байгаа нь зөв гэж харж байна.

-Гэхдээ бусад улсуудын туршлагыг харвал төв банк нь арилжааны банкиндаа зээл өгч, аварсан жишээ олон байдаг. Ер нь банк татан буугдах нь санхүүгийн системд эрсдэл дагуулах бус уу?  

-Аль ч орны төв банкны хувьд хямралын болон хямралын бус үед банкны системд авч, хэрэгжүүлэх арга хэмжээ нь харилцан адилгүй. Ялангуяа эдийн засаг хямралтай байх үед төв банкууд аль болох банкны системд цочроо өгөхгүй байхыг зорьдог. Монголбанкны хувьд Капитал банкийг татан буулгах шийдвэр гаргахдаа нэгдүгээрт банкны системд 1.1 хувийг бүрдүүлдэг, системийн ач холбогдолгүй банк гэдгийг нь харсан байх. Хоёрдугаарт, эдийн засаг уналттай бус өсөлттэй байгаа үед энэ арга хэмжээг авсан учраас харьцангуй эрсдэл багатай гэж харж байна.

-Энэ удаад Хадгаламжийн даатгалын корпораци байгуулагдсан, иргэдийн хадгаламж даатгагдсан байгаа үед банкийг татан буулгах шийдвэр гаргаж байгаа нь эрсдэлийг бууруулахад бас чухал үр нөлөө үзүүлж байгаа байх?

-Өмнө нь Анод, Зоос, Хадгаламж банк дампуурахад төсвөөс 400 гаруй тэрбум төгрөг гарсан. Татвар төлөгчдийн мөнгө гэсэн үг.  Харин энэ удаад Хадгаламжийн даатгалын корпораци ажиллаж, харилцах, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг төлж, барагдуулах гэж байгаа нь зөв систем юм. Цаашдаа Хадгаламжийн даатгалын корпораци зөв зохистой ажиллавал аливаа банк хүндэрч, дампуурахад төсвийн мөнгөн дээр ирэх дарамтыг бууруулна. Гэхдээ Хадгаламжийн даатгалын корпорацийн мөнгөний тодорхой хувийг татвар төлөгчдийн мөнгө бүрдүүлсэн гэдгийг анхаарах хэрэгтэй. Банкны зах зээл талаас нь харвал аливаа нэг банк шалгуур үзүүлэлтээ хангахгүй удаан явснаар Хадгаламжийн даатгалын корпорацид бусад банкны төлж буй мөнгийг үр дүнгүй, хэтэрхий ихээр гаргаад байж болохгүй. ХДК-иас гарч байгаа мөнгийг банкуудад хадгаламжаа хийж, басхүү зээл авсан хүмүүс төлж байгаа. Тийм учраас банкийг аль болох шуурхай татан буулгасан нь бусад банк болон тэдгээрийн харилцагчдын хувьд шударга юм.

-Банкийг татан буулгаж байгаа нь харилцагчдыг хамгаалсан үйл явдал гэдгийг та ярилцлагынхаа эхэнд онцолсон. Яагаад харилцагчийг хамгаалж байна вэ гэдгийг тодруулахгүй юу?

-Капитал банкны хуримтлагдсан алдагдал 380 тэрбум төгрөгт хүрсэн гэсэн. Хэрвээ арга хэмжээ авахгүй удсан бол алдагдал улам л нэмэгдээд, 500 тэрбум төгрөг болчихвол харилцагчийг улам илүү хохирооно биз дээ. Тэгэхээр бага дээр нь шийдэх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж