Жил болгоны тавдугаар сард Завхан аймгийн Идэр суманд ахмад багш Лутын Лхагважавын нэрэмжит болгон зохион байгуулдаг Идэрийн эх хэлний их сорилго олимпиад энэ жил өнжихөөр болжээ.
Саяхан БСШУС-ын сайдын А/192 тоот тушаал гарч яамнаас зөвшөөрөгдөөгүй аливаа олимпиад, тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглосонтой холбоотой Идэрийн эх хэлний сорилгыг зохион байгуулагч Шинэ Ази групп, Үлэмж эгшиглэн сангаас дээрх шийдвэрийг гаргаж, олон жил энэ арга хэмжээнд оролцож ирсэн багш сурагчдаасаа хүлцэл өчиж буйгаа мэдэгдлээ. Улс төр, бизнесийн аливаа эрх ашиг, сонирхлоос ангид байлгаж, есөн жилийн хугацаанд нэг тэрбум шахам төгрөгийн санхүүжилтийг хувийн хэвшил өөрөөсөө гарган монгол хэл, бичиг соёл, энэ салбарын багш сурагчдын хөгжлийн төлөө шударгаар зориулж ирсэн уг олимпиад тасалдсанд хөдөө орон нутгийн багш сурагчид харамсаж байгаагаа илэрхийлж буй аж. Энэ олимпиадад түрүүлсэн мэргэжлийн багш 5,000,000 төгрөг Эрдэнийн тэмдэг хүртэж, түрүүлсэн баг 2,000,000 төгрөгийн шагнал авдаг төдийгүй оролцсон багуудын шатахууны зардлыг зохион байгуулагчид бүрэн хариуцдаг юм байна. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 13 аймгаас 50 гаруй багийн 200 орчим багш, 1100 орчим сурагчид оролцож эх хэлний мэдлэг чадвараар өрсөлдөж, багш сурагчдын шагналын санд 65 сая төгрөг зарцуулж байжээ. Ирэх жил бид БСШУС-ын яаманд албан ёсоор хүсэлтээ тавьж, сорилго олимпиадаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтэй байна гэж зохион байгуулагчид мэдэгдлээ.
С.БЯМБА
Холбоотой мэдээ