Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг буурууллаа

Хуучирсан мэдээ: 2015.05.07-нд нийтлэгдсэн

Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг буурууллаа

Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны гишүүд мэдээлэл хийж тус хорооны хуралдаанаар “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоож, тэдгээрийг төвлөрүүлэх журам”-д өөрчлөлт оруулсан талаар мэдээллээ.

“Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарсан, эдийн засгийн суурь үзүүлэлт буурсан, бодит секторын бизнесийн үйл ажиллагаа агшсан нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа зохицуулалттай хуулийн этгээдүүд, мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааг бодлогын төвшинд дэмжих, санхүүгийн нэмэлт дарамт учруулахгүй байх зорилгоор СЗХ-ноос зохицуулалтын үйлчилгээний хөлс, шимтгэлийн хувь хэмжээ болон Хөрөнгийн биржийн зүгээс харилцагчдаасаа авч байгаа шимтгэл хураамжийг бодлого барьж, тодорхой хувиар буурууллаа” гэж СЗХ-ны гишүүн Ж.Цэдэнрагчаа онцолсон юм. Ингээд “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоож, тэдгээрийг төвлөрүүлэх журам”-д өөрчлөлт орсноор болон “Зарим зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөхийг түр зогсоох” шийдвэр гарснаар ямар өөрчлөлтүүд орж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.


Даатгалын зах зээлд оролцогчдыг дэмжиж зохицуулалтын үйлчилгээний хөлсийг дараах байдлаар өөрчилсөн байна.

  • Даатгагчаас жил бүр төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шатлалгүйгээр өмнөх жилийн тайланд тусгагдсан даатгалын цэвэр хураамжийн орлогын дүнгээс 0.65 хувиар бодож төвлөрүүлдэг байсан. Харин үйлчилгээний хөлсөнд өөрчлөлт оруулснаар дээрх дүнг 0.5 хувь болгож бууруулжээ. Мөн зохицуулалтын үйлчилгээний хөлсний доод хэмжээг гурван төгрөг, дээд хэмжээг 75 сая төгрөг байхаар тогтоосон гэнэ.  

  • Урт хугацааны болон давхар даатгалын үйл ажиллагаанаас жил бүр төвлөрүүлэх хөлсийг таван сая төгрөг байсныг гурван сая төгрөг болгож бууруулсан.

  • Даатгалын хохирол үнэлгээчээс жил бүр төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг хохирол үнэлгээний орлогын 0.55 хувиар боддог байсан бол 0.45 хувь болгож тус тус бууруулжээ.

Ийнхүү даатгалын байгууллагуудаас төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд өөрчлөлт оруулснаар даатгалын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжихээс гадна даатгалын байгууллагуудын үйл ажиллагааны зардлын тодорхой хувийг бууруулах боломжтой гэж СЗХ-ны гишүүд ярьсан юм. Тухайлбал, даатгалын байгууллагын зохицуулалтын хөлсөнд төлдөг хэмжээ 30 орчим хувиар буюу 200 гаруй сая төгрөгөөр буурч энэ хэмжээгээр даатгалын байгууллагын ашигт ажиллагаанд эерэгээр нөлөөлөх гэнэ.


Үнэт цаасны зах зээлд оролцогчдыг дэмжиж зохицуулалтын үйлчилгээний хөлсийг дараах байдлаар өөрчилжээ. Үүнд,

  • Хөрөнгийн биржээс хувьцааны арилжааны шимтгэлийг 0.4 хувиар тооцож авдаг байсныг 0.15 хувь болгосон. 

  • Брокер, дилерийн компанийн хувьцааны арилжааны хэлцэл тус бүрийн үнийн дүнгээс 0.04 хувиар бодож авдаг зохицуулалтын үйлчилгээний хөлсийг ирэх 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл 100 хувь бүрэн чөлөөлсөн байна.  

  • Брокер, дилерийн компанийн хувьцаанаас бусад үнэт цаасны арилжааны хэлцлээс олсон шимтгэлийн орлогоос арван хувиар бодож авдаг зохицуулалтын үйлчилгээний хөлсийг мөн ирэх 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл 100 хувь бүрэн чөлөөл

  • Андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэхэд жил бүр авдаг байсан хоёр сая төгрөгийн зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 2016 оныг дуустал чөлөөлсөн.

  • Төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламж, өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэхэд үнэт цаасны биржийн арилжааны хэлцлийн үнийн дүнгээс зохицуулалттай этгээдүүдийн авсан шимтгэлийн орлогоос арван хувийг тооцож авдаг  зохицуулалтын үйлчилгээний хөлсийг мөн ирэх 2016 оныг дуустал чөлөөлсөн. Мөн үнэт цаасны арилжаа эрхлэхэд үнэт цаасны биржийн арилжааны хэлцлийн үнийн дүнгээс зохицуулалттай этгээдүүдийн авсан шимтгэлийн орлогын арван хувийг тооцож авдаг  зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 2016 оныг дуустал чөлөөлжээ.

Дээрх өөрчлөлтийг оруулснаар үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч нар зохицуулалтын үйлчилгээний хөлснөөс хоёр жилийн хугацаад бүрэн чөлөөлөгдөж 358 сая  төгрөгөөр үйл ажиллагааны зардлаа хэмнэх боломжтой болох юм байна.

Бичил санхүүгийн зах зээлд оролцогчдыг дэмжиж зохицуулалтын үйлчилгээний хөлсийг дараах байдлаар өөрчилжээ. Үүнд, Банк бус санхүүгийн байгууллага нь Монголын банк бус санхүүгийн байгууллагуудыг холбооны гишүүн бол Санхүүгийн зохицуулах хорооны авдаг зохицуулалтын үйлчилгээний хөлснөөс арван хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна. Мөн Хадгаламж зээлийн хоршооны нийт актив буюу хөрөнгийн дүн нь 300 сая төгрөгөөс доош бөгөөд Монголын Хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбооны гишүүн бол жил бүр төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлснөөс чөлөөлөгдөх гэнэ. Харин 300 сая төгрөгөөс дээш актив хөрөнгөтэй бөгөөд холбооны гишүүн бол жил бүр төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлснөөс арван хувийн хөнгөлөлт эдлэх юм байна.  

Үүнээс гадна Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын даатгалын зуучлагдын холбоо, Монголын даатгалын хохирол үнэлэгчдийн холбооны гишүүн болбол зохицуулалтын үйлчилгээнийн хөлс шимтгэлээс арван хувийн хөнгөлөлт эдлэх боломжийг нээжээ.

Зохицуулалтын үйлчилгээний бусад төрлийн хөлсийг мөн тодорхой хэмжээгээр бууруулжээ. Үүнд, зохицуулалттай этгээдийн оноосон нэрийг өөрчлөхөд хоёр сая төгрөг авдаг байсныг 500 мянган төгрөг болгож бууруулсан бол тусгай зөвшөөрлийг сэргээхэд  500 мянган төгрөг авдаг байсныг 100 мянган төгрөг болгон тус тус бууруулжээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж