74 кг-д Монголын бөх барилдахгүй

Хуучирсан мэдээ: 2015.05.07-нд нийтлэгдсэн

74 кг-д Монголын бөх барилдахгүй

Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн /V.07/ барилдааны сугалаа хэрхэн татсан тухай танилцуулья.

Чөлөөт бөхийн 61 кг-д 15 орны шилдгүүд өрсөлдөнө. Энэ жинд өрсөлдөх ОУХМ Б.Номин жингийнхээ 12 дугаарыг татаж, эхний даваанд Тажикийн Р.Режеповтой хүч үзэх боллоо. Б.Номингийн хэсэгт Казах, Узбек, Ардчилсан Солонгос зэрэг орны эвгүй учраанууд байна.

70 кг-д мөн 15 бөх барилдах бөгөөд энэ жинд хүч үзэх Г.Идэрхүү БНСУ-ын тамирчин Ён Хо-Жүнтэй эхлээд халз тулахаар боллоо.

Харин 74 кг-ийн жинд барилдахаар мэдүүлэг өгсөн Л.Энхбаярыг сугалаанд багтаагаагүй байна. Ийнхүү манай улсаас энэ жинд төлөөлөлгүй болжээ. /Энэ жинд барилдах байсан Д.Гомбодоржийг визний зөрчилтэй хэмжээн хил гаргаагүй тул 74 кг-д шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр, 97 кг-д барилдах байсан Д.Хүдэрбулгын оронд ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр нар мэдүүлэг өгсөн юм/.

Л.Энхбаяр дасгалжуулагчийн хувьд саяхан шөрмөсний хагалгаанд орсон тул 80 гаруй кг-аас 74 кг руу ийм богино хугацаанд ачаалал авч, жин хасах боломжгүй юм. Гэхдээ тэрбээр оноолтод багтаагүй ч барилдахаар бүртгүүлсэн тул энэ жинд Монголын багийг оролцсоноор тооцохоор болсон аж.

97 кг-д 12 бөх хүч үзэхээр сугалаа татсанаас ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр 11 дугаарыг авлаа. Ид залуудаа 57 кг болон 63 кг-д барилдаж явсан, 44 настай тэрээр эхний тойрогт Тажикстаны Р.Искандаритай барилдана.

Харин эмэгтэй 48 кг-ийн жинд манай Ц.Бямбазаяа эхний тойрогт гоц мөргөж, улмаар Энэтхэгийн В.Винештэй барилдахаар болсон байна.

Дохад болж буй Азийн АШТ-ий урьдчилсан барилдаан Дохагийн 09.00 цагаас буюу Улаанбаатарын цагаар 15.00 цаг орчимд эхэлнэ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж