Уулын ОУХМ, Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Гүррагчаа 74 насандаа Эверестийн ноён оргилд авирахаар цаст Гималайг зорьсон билээ. Тэрбээр, Энэтхэгийн хоёр, Австрийн гурван уулчинтай нэг баг болон авиралтаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр эхлүүлсэн бөгөөд далайн түвшнээс дээш 8000 метрийн өндөрт хүрсэн байна.
Балбын гамшигтай холбогдуулан зургаан хоног хүлээлгэсний эцэст цасан нурангийн улмаас ангал үүссэн, дахин газар хөдөлж болзошгүй гэж үзэн Эверестид авирч байсан бүх улсын уулчдын авиралтыг зогсоож, цаст уулан дахь авиралтыг нэг жилийн хугацаатай хориглосон албан ёсны шийдвэр гаргасан юм.
Т.Гүррагчаатай холбогдоход “Биеийн эрүүл мэнд, бэлтгэл маш сайн, цаашаа авирч оргилд гарахыг маш их хүсч байсан гээд оргилын хажууд ирээд буцаж буйдаа харамсаж буйгаа” илэрхийлжээ. Гэсэн хэдий ч 74 настай хүний хувьд багагүй эр зориг гаргаж, цаст Гималайн ноён оргилд нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан гарч чадаагүй ч 8000 м өндөрт хүрч чадсан нь том амжилт юм. Өвгөн уулчин энэ бямба гаригт эх орондоо ирэх бөгөөд түүнийг ууланд авирахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн хандивлагчдын талаар ОБЕГ-аас ирэх долоо хоногт олон нийтэд мэдээлэх аж.
Түүнтэй хамт ОУХМ Б.Цэвээндаш авирсан юм.
Ч.БОЛОР