Үндэсний хоккейн лиг /ҮХЛ/-ийн плэй-оффын эхний шатны тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр дөрвөн тоглолт болсон бөгөөд өнгөрсөн жилийн Стэнлийн цомын аварга Вашингтон Капиталс баг өөрсдийн талбайдаа Каролина Харрикейнз багийг нэмэлт цаг 4-3 харьцаатай хожиж цувралыг 2-0 болгон тэргүүлж байна. Хоёр багийн тоглолт үндсэн цагт 3-3 харьцаатай тэнцсэн бол нэмэлт цагт Б.Орпик ялалтын гоолыг оруулсан. Талбайдаа хийсэн цувралын эхний 2 тоглолтоос хожил авсан Вашингтон Капиталс баг давуу байдалтайгаар Каролина Харрикейнз багийн талбайд зочилно. Дорнодын 2 багийн дараагийн хоёр тоглолт Каролина Харрикейнз багийн талбайд болно. Каролина Харрикейнз баг талбайдаа цувралыг тэнцүүлэхийн төлөө тоглох бол Вашингтон Капиталс цувралыг айлын талбай дээр өндөрлүүлэх ч боломжтой.
Өчигдөр болсон тоглолтуудаас Вашингтон Капиталс цувралын 2 дахь хожлоо авсан бол бусад гурван тоглолтуудад эхний тоглолтонд хожигдсон багууд хожил авч цувралын харьцааг тэнцүүлжээ. Бостон Брюинс баг 4-1 харьцаагаар Торонто Мейпл Лифс багийг, Нэшвилл Предаторс баг нэмэлт цагт К.Смитийн оруулсан гоолоор Даллас Старс багийг буулгаж авсан бол Колорадо Эвеланш баг мөн нэмэлт цагт Калгари Флэймз багийг хожсон байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ