Орос хэлний мэдлэг шалгах “Тотальный диктант” цээж бичгийн шалгалтыг Москвад 20 мянган хүн сайн дураар өглөө. Шалгалт 2019 оны дөрөвдүгээр сарын 13-ны Бямба гаригт дэлхий даяар явагдсан юм.
"Тотальный диктант" төслийн зохицуулагч Ольга Ребковецийн хэлснээр шалгалтын дүнг дөрөвдүгээр сарын 27-нд зарлана. Шалгалтын дүн болон өөрийн гаргасан алдаануудаа цахимаар харах боломжтой ажээ. Энэ жилийн цээж бичгийн эхийг зохиолч Павел Басинский гаргасан байна.
"Тотальный диктант" аян нь хүссэн хүн болгонд орос хэлний мэдлэгээ шалгах, зөв бичдэг болох сэдлийг төрүүлэх зорилготой юм. 2004 он анх Новосибирскийн Их сургуулийн оюутнууд энэ санаачилгыг гаргаж эхний цээж бичгийн шалгалтыг хийж байжээ. Түүнээс хойш жил бүр зохиогдож байгаа юм. 2018 онд дэлхийн 76 орны 220 мянган хүн цээж бичгийн шалгалт өгчээ.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ