KFC-д гарсан хордлогын нян буюу шигелла SSM сургуульд гарсан хордлогоос ч мөн илрэв. Шалтгаан нь юу байв. Ихэнх хүн үүнд тахианы махнаас хордлого үүссэн хэмээх таамаглал дэвшүүлээд байгаа юм. Тэгэж таамаглах үндэслэл ч бий. Дэлхийд хоёрдугаарт жагсдаг түргэн хоолны сүлжээ болох KFC-гийн нэрийн бүтээгдэхүүн нь тахианы мах, мөн SSM буюу Сингапур монголын хамтарсан сургууль нь үдийн цайндаа тахианы бүрмэл шницель, кимбаб, алим, шарсан төмс өгсөн байсан юм.
KFC-д хордсон өвчтөнүүдэд хийсэн ХӨСҮТ-ийн шинжилгээгээр цусан суулга үүсгэдэг шигелла нянгаар хордлого үүссэн гэж гарсан бол Нийслэлийн мэргэжлийн хяналтаас явуулсан шинжилгээгээр KFC-ийн бүтээгдэхүүн болон уснаас шигелла нян илрээгүй юм. Харин тэнд ажиллаж байсан хоёр хүн шигелла нянгийн халдвар авсан байсан бөгөөд, үйлдвэрлэлийн дамжлагад бохирдол үүссэнээс хордлого үүссэн гэж үзэв.
Харин SSM сургуулийн тухайд хордлогын эмнэл зүйн шинж тэмдэг 83 хүнд илэрсэн бөгөөд 73 хүнд лабораторийн шинжилгээ хийснээс 30 хүнд цусан суулгын нян шигелла илэрсэн юм. НМХГ тус сургуулийн үдийн цайны бүтээгдэхүүнээс дээж авч, шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь гараагүй байгаа билээ.
ГАНЗАГААР БОХИРДСОН МАХ ОРУУЛЖ ИРСЭН БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ
Дээрх хордлогууд тахианы махнаас үүссэн байх магадлалтай эсэхийг НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёл, хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.
–KFC-д гарсан хордлогын үед ХӨСҮТ-ийн шинжилгээгээр шигелла нян илрээд, танайхаас хийсэн шинжилгээгээр шигелла илрээгүй. Энэ ямар учиртай юм бол?
-KFC-д хордлого гарахад тухайн үед хэрэглэж байсан бүтээгдэхүүн, уснаас дээж авч, Нийслэлийн мэргэжлийн хяналтын лаборатори, Хүнсний аюулгүй байдлын төв лаборатори, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори зэрэг дөрвөн лабораторид өгсөн. Шинжилгээгээр дээж авсан бүтээгдэхүүнээс шигеллагийн төрлийн нян (цусан суулга үүсгэгч нян) илрээгүй. Уснаас болон зарим бэлэн бүтээгдэхүүнээс E-coli төрлийн нян илэрсэн. Тухайн үед хордлого нэг эх уурхайтай шигелла нянгаар үүсгэгдсэн байсан. Шалтгааныг нь хоол үйлдвэрлэлийн дамжлагад бохирдол үүссэн болон ажилчдад эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлээгүйгээс халдвар үүссэн гэж үзсэн юм. Яагаад шигелла нянгаар үүсгэгдсэн гэж үзэж байна вэ гэхээр, ХӨСҮТ нь өвчтөний ходоодны угаадас, өтгөн, бусад зүйлээс лабораторийн шинжилгээ авдаг. Энэ үед зургаан хүнд буюу KFC-гийн хоёр ажилтан, дөрвөн өвчтөнөөс шигелла илэрсэн. Хоёрт, тухайн өвчтөний клиник шинж тэмдгээр шигелла болох нь тогтоогдсон. Гуравт, эмнэлзүйгээс дээж авсан учраас шигеллагаар үүссэн хоолны хордлого байна гэж үзсэн юм. Аливаа халдварт өвчний үүсэх гурван хэлхээ байдаг. Нэгдүгээрт, эх уурхай, хоёрт, дамжих зам, гуравт, өртөмтгий бие. Дамжих зам юу байсан бэ гэдэг нь бидний гол судлах зүйл. KFC-д гарсан хордлого бохирдсон хоол хүнс байжээ гэж бид үзэж байгаа. Бүтээгдэхүүн бохирдох нөхцөл нь дотоод хяналт сул, ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдуулах ёстой байтал 28 ажилтнаас зарим ажилчдыг үүнд хамруулалгүй авсан байсан зэрэгтэй холбоотой гэж үзсэн.
–SSM сургууль дээр гарсан хордлогод ХӨСҮТ-өөс хийсэн шинжилгээгээр шингелла нянгаар хордлого үүссэн нь илэрсэн байгаа. Танайхаас хийсэн шинжилгээний хариу хэзээ гарах вэ?
-SSM сургуульд дөрөвдүгээр сарын 5-нд гарсан хордлогод манайх шинжилгээ хийсэн. Тухайн сургуулийн цайны газрын үйл ажиллагааг зогсоосон. Түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн, ус наас дээж авч, Мэргэжлийн хяналтын газрын лаборатори, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид өгсөн байгаа. ХӨСҮТ нь тухайн өвчтөнүүдээс шинжилгээ аваад шигелла флекснер 1А нянгаар үүсгэгдсэн хордлого гэж оношилсон. Энэ нян нь ихэвчлэн бохирдсон хоол, усаар дамжин халдварладаг. Шинжилгээний хариу хэзээ гарахыг лабораториуд шийддэг. Ихэнх дээжийн хариу 72 цагийн дотор гардаг. Ингээд шинжилгээгээр гарсан нян нь аль хүрээнийх болохыг тогтооход дахин хугацаа шаарддаг.
-Тахианы махнаас дээрх хордлогууд үүссэн байх магадлалтай юу?
-Тухайн сургууль нь 2018 оны наймдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулсан, гуравдугаар сарын 1-нээс “Үдийн цай” өгч эхэлсэн. Сургуулийн хоолыг нийлүүлэгч “Тэгш сайхан” компани нь тухайн өдөр кимбаб, шар будаатай хоол, тахианы махан шницель өгсөн гэж мэдүүлсэн. Үүний дагуу 42 бүтээгдэхүүнээс дээж авч лабораторид өгсөн. KFC-д гарсан хордлого болон сургуульд дээр гарсан хордлогыг иргэд тахианы махтай холбон үзэж байгаа байх. Бид тухайн цайны газар хэрэглэж байсан тахианы махнаас, мөн тахианы махаа авдаг “Хүчит шонхор” захын лангуунаас, тахианы махыг урдаас оруулж ирж байгаа компанийн зоориноос гээд нийт найман дээж авч Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид өгсөн байгаа. Хариу гарахад тодорхой хугацаа шаардлагатай.
-Эрүүл тахианы мах оруулж ирж байгаа эсэхийг яаж мэдэх юм бэ?
-Манайх гаднаас тахианы мах оруулж ирэхдээ ямар нэгэн өвчин гараагүй, эрсдэлийн үнэлгээ хийсэн газраас оруулж ирдэг. Эрсдэлийн үнэлгээг Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн ерөнхий газраас томилогдсон баг очиж хийдэг. Ингээд ямар үйлдвэрээс мах авахыг тодорхой болгосны дараа, Хятад болон Монголын хорио цээрээр шинжлүүлж, шаардлага хангавал дүгнэлт гаргаад явдаг юм. Хилээр тахиа, гахайны мах орж ирэх бүрд, Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид лабораториор шинжлүүлж, шигелла, E.coli зэрэг 10 орчим нян болон бусад зүйлийг шинжлээд илрээгүй тохиолдолд хилээр оруулж ирдэг. Орж ирсэн бүтээгдэхүүнийг шаардлага хангасан агуулахад хадгалах шаардлагатай. Бүтээгдэхүүн нь тээвэрлэлт, хадгалалт, худалдаан дээр бохирдох магадлалтай. Зөвшөөрөлтэйгөөр оруулж ирсэн махны тухайд ийм байна. Харин хилээр ганзагаар оруулж ирж байгаа мах нь ямар газраас, ямар нөхцөлд оруулж ирснийг мэдэхгүй тул энэ хэлбэрээр ямар нэгэн нянтай, бохирдсон мах оруулж ирсэн байхыг үгүйсгэхгүй. Улаанбаатарт нууцаар ямар зүйл оруулж ирж байгааг хянах боломжгүй байгаа. Тусгай зөвшөөрөлтэй компаниудын оруулж ирж байгаа мах бол ямар ч аюулгүй.
Холбоотой мэдээ