“Викиликс” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг баривчилж буйг олон хүн анх твиттерийн жиргээнээс олж мэдэн, улмаар богино хугацаанд хичнээн их хөгширснийг нь хараад цочирдоогүй гэвэл худал болох биз. Тэр өөртөө итгэлгүй, хүчин мөхөс харагдаж байв. Одоогоос долоон жил орчмын өмнө Ассанж Эквадорын ЭСЯ-наас улс төрийн орогнол хүсэхдээ эрүүл саруул байгаад зогсохгүй тус ЭСЯ-наас "Викиликс" сайтаа удирдан ажиллуулж чадна гэдэгтээ итгэлтэй байжээ. Мэдээж тэрбээр тийм удаан хугацаанд Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд “хоригдоно” гэдгээ мэдээгүй биз. Түүнийг 24 цагийн турш цагдаагийн хатуу хараа хяналтад байлгасаар иржээ.
АНУ болон хэд хэдэн улсын Засгийн газрын үйл ажиллагааны талаарх нууц мэдээллүүдийг олон нийтэд дэлгэж шуугиан тарьсан “Викиликс” сайтыг Жулиан Ассанж 2006 онд үүсгэн байгуулсан. Швед улсад түүнд хүчингийн хэргээр эрүү үүсгэсний улмаас тэрбээр 2012 онд Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадор улсын Элчин сайдын яамнаас /ЭСЯ/ орогнох эрх хүссэн юм. Үүнээс хойш тэрбээр бараг долоон жил тус улсын ЭСЯ-нд нуугдсан билээ. Өнгөрсөн хугацаанд найз нөхөд нь Ассанжийн эрүүл мэндэд санаа тавьж, дасгалын төхөөрөмж хүртэл худалдан авч өгчээ. Памела Андерсон, Леди Гага зэрэг олны танил алдартнууд түүн дээр зочилж ирдэг байж. Үнэндээ Жулиан Ассанж тус ЭСЯ-нд ихэд ганцаардаж байсан тул найзууд нь муурын зулзага хань болгон аваачиж өгчээ. Бие махбод болон сэтгэл санааны хувьд түүнд маш хүнд байсан нь мэдээж.
Лондон дахь Эквадорын ЭСЯ жижигхэн бөгөөд хэд хэдэн умгар өрөөнд хэдэн ширээ сандал байдгаас харахад ЭСЯ-ны байдал орогнол хүсэгчийн хувьд урт удаан хугацаанд хоргодох газар биш байжээ.
Өдгөө Эквадорын эрх баригчид түүний мууг үзэж, улмаар орогнол олгохгүйгээ зарласан билээ. Тэд Ассанжийг Эквадор улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулж, олон улсын гэрээг зөрчсөн хэмээн буруутгаж байна хэмээн CNN-ий Олон улсын сурвалжлагч Атика Шуберт бичжээ.
Ассанж Эквадор улсын хамгаалалтад орохдоо улс төрийн орогнол хүссэн бөгөөд өнгөрсөн пүрэв гаригт түүнд татгалзсан хариу өгсөн учраас Британийн хууль хүчний байгууллага Эквадорын талаас зөвшөөрөл авч, Жулиан Ассанжийг баривчлах ажиллагаа явуулсан аж.
Ажиллагааны үеэр Ассанж хууль сахиулагчдад эсэргүүцэл үзүүлсэн учраас түүнийг хүчээр авч явсан нь дүрс бичлэгт бичигдэн үлджээ. Ассанж гартаа гавтай, хууль сахиулагчдад хөтлүүлэн тус ЭСЯ-ыг хүчээр орхих үедээ “Их Британи улс үүнийг эсэргүүцэх ёстой” хэмээн хашгирсан. Ийнхүү Ассанжийг цагдаагийн машинд суулган, хэсэг рүү авч явсан байна.
-ХОРИХ УУ, ЦААЗЛАХ УУ-
ВВС агентлагийн мэдээлснээр, Их Британийн парламентын гишүүд тус улсын Дотоод хэргийн сайд Сажид Жавидад хандан Жулиан Ассанжийг Швед улс хүсэлт гаргавал тийш шилжүүлэн өгөхийг уриалсан байна. Энэ талаар сөрөг хүчний Лейборист намаас парламентад сонгогдсон Стелла Кризи өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ. Лондон дахь Эквадорын ЭСЯ өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт Ассанжийг цаашид орогнуулахаас татгалзсаны дараа, 2017 онд АНУ-аас түүнийг шилжүүлэн өгөх хүсэлт гаргасны дагуу баривчилсан аж.
Хэрэв АНУ-ын талд шилжүүлэн өгвөл Ассанжид 35 жил хорих, эсвэл цаазаар авах ял оноож магадгүй гэж Ассанжийн өмгөөлөгч болгоомжилж буйгаа илэрхийлжээ. Харин АНУ-ын Хууль зүйн яамныхны мэдэгдэж байгаагаар хакердах үйл ажиллагаа явуулсныхаа төлөө тэрбээр таван жил хоригдох ял авч магадгүйг шинжээчид онцолсон байна.
“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Жулиан Ассанжид холбогдох хэргийг шалгахдаа дотоодын хууль болон олон улсын хүний эрхийн үүргийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хэм хэмжээ, сэтгүүл зүй, тэр дундаа сэтгүүл зүйн эх сурвалжийн мэргэжлийн үүргийг хамгаалахыг илүүд үзэхийг Их Британийн засаг захиргаанд уриалжээ. RSF-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар “Олон нийтийн тусын тулд “Викиликс” сайтаар дамжуулж, сэтгүүлчдийг мэдээллээр хангасных нь төлөө (АНУ-ын дипломат холбоосын талаарх гэх мэт мэдээлэл задруулсан) есөн жилийн дараа ч Ассанжийг үргэлжлүүлэн онилж буй явдал нь цэвэр залхаан цээрлүүлсэн үйлдэл юм. АНУ цаашид дээрх зорилгоо биелүүлэхийг зорьж байж магадгүй бөгөөд энэ нь сэтгүүлчид, шүгэлдэгчид болон сэтгүүл зүйн мэргэжлийн бусад эх сурвалжуудын эсрэг аюултай жишгийг тогтоож болзошгүй байна. Тиймээс Ассанжийг шилжүүлж авахтай холбоотой АНУ-ын ямар ч шаардлагын эсрэг Их Британи улс үндсэн зарчмаа баримталж, түүний сэтгүүл зүйн салбарт үзүүлсэн хувь нэмэртэй уялдах дотоодын хууль тогтоомж болон Европын хуулийн дагуу аюулгүй байдлыг нь хангах ёстой” гэж мэдэгдэв.
-АССАНЖИЙГ ВЕСТМИНСТЕРИЙН МАГИСТРАТЫН ШҮҮХЭЭР ОРУУЛНА-
Австралийн иргэн Жулиан Ассанж тагнуулын, нууц баримтууд олонд дэлгэсэн хэргээр саатуулагдаад байхдаа урьдчилан хорих хугацаагаа гүйцээлгүй зугтсан учраас түүнийг баривчлах тушаал гаргаж байжээ. Олон жилийн туршид хууль хүчнийхнээс зугтан, ОХУ-аас улс төрийн орогнол хүсч, улмаар Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд бүгэн амьдарч байсан түүнийг Вестминстерийн магистратын шүүхээр оруулах талаар CNN мэдээлэв.
Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено энэ талаар мэдэгдэхдээ “Харамсалтай нь ноён Жулиан Ассанж болон түүний байгууллагын зүгээс Эквадорын эсрэг дайсагнасан, айлган сүрдүүлсэн хандлага үе үе гарч, олон улсын конвенцийг удаа дараа зөрчсөн учраас бид цаашид энэ хүнийг орогнуулах боломжгүй болсон” гэв. Мореногийн энэ мэдэгдлийн дараа Эквадорын экс Ерөнхийлөгч Рафаэль Корреа улсынхаа одоогийн тэргүүнийг улс орны түүхэн дэх хамгийн “увайгүй урвагч” гэж нэрлэсэн байна.
“Reuters” агентлагийн мэдээлж буйгаар, АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама түүнийг УРВАГЧ хэмээн тодорхойлж, нэн даруй түүнээс ял асуухыг даалгаж байсан удаатай юм. Одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд “Викиликс”-ийг дэмжихээ хэдийнэ больсон бол тус улсын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон Ассанж гэмт үйлдлийнхээ хариуцлагыг хүлээх ёстой хэмээн мэдэгдэв. Учир нь Ж.Ассанжийг 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан нам болон нэр дэвшигч Х.Клинтоны сонгуулийн штабын компьютеруудаас нууц мэдээлэл хулгайлж, ОХУ-ын талд дамжуулсан хэмээн мөн буруутгадагтай холбоотой юм.
Ассанж өдгөө Лондонгийн цагдаагийн байранд хоригдож буй бөгөөд "гэмт хэрэгт шалгагдаж байхдаа батлан даалтын нөхцлийг зөрчсөн" хэргээр шүүгдэхээр болжээ. АНУ-ын талаас ялтан шилжүүлэх тухай олон жил хөөцөлдөж байсан бөгөөд баривчилсан шалтгаан энэ биш хэмээн албаны хүмүүс мэдэгдэв. Ассанжийг дэмжигчдийн хувьд түүнийг шалихгүй шалтгаанаар баривчилсан нь цаанаа АНУ-ын талтай холбоотой хэмээж үзэж байгаа ажээ.
Ж.Ассанж Австралийн иргэн бөгөөд маш нууц бичиг баримтууд дэлгэсэн “гэм нүгэлтэй”. Өөрөөр хэлбэл, АНУ-ын цэргүүд Ирак, Афганистанд энгийн иргэд болон сэтгүүлчдийг хядаж буй нууц мэдээлэл, бичлэгийг ил болгосноороо түүний үүсгэн байгуулсан "Викиликс" сайт дэлхий нийтийн анхааралд орсон. Түүнээс хойш улс орнуудын Засгийн газрын түвшний хүртэлх олон нууц мэдээллийг ил болгосон билээ.
Британийн Засгийн газар Ассанжийг АНУ-д хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа талаар түүний ойрын эх сурвалж мэдээлсэн ч уг мэдээллийг тус улсын Гадаад хэргийн яам хараахан батлаагүй байгаа юм.
Эх сурвалж: ВВС, CNN, Reuters, RSF