Хөх ордны гомдлын эелдэг хариу гашуун үнэнийг хэллээ

Хуучирсан мэдээ: 2019.04.15-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хөх ордны гомдлын эелдэг хариу гашуун үнэнийг хэллээ

Хөх ордны гомдлын эелдэг хариу гашуун үнэнийг хэллээ

Монголчууд амьдрахын эрхэнд БНСУ-ыг зорих болсоор даруй 10 гаруй жилийн нүүр үзжээ. Нутагтаа насаараа хөдөлмөрлөөд хуримтлуулж чадахааргүй мөнгийг Гуулин улсад 3-5 жилд олох боломжтой учраас үхэн хатан тэмүүлэх нь аргагүй. Солонгост очиж хөдөлмөрлөж байгаа иргэдийн дийлэнх нь амьдрах орон сууц худалдан авах зорилготой байдаг бөгөөд үлдсэн нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олох, бизнес эрхлэх мөнгөн хуримтлалтай болох гэсэн зорилготой.

Өнөөдрийн байдлаар БНСУ-д 40 мянга гаруй монгол иргэн байгаа гэсэн Монголын Гадаад харилцааны яамны тоо бий. Ингэснээр монгол иргэд хамгийн ихээр оршин суугаа улс болж байгаа юм.

Солонгост очиж ажиллах иргэдийн тоо Монголын эдийн засаг сэргэж, өсөлт 17 хувь хүрч байсан он жилүүдэд 20 гаруй мянга болж буурч байсан нь нутагтаа сайхан амьдрах боломж байвал монголчууд гадаадад очиж ажиллахын төлөө үхэн хатан зүтгээд байхааргүй нутаг амьтай хүмүүс болохыг нотолно.

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар дахь БНСУ-ын Элчин сайдын яам албан ёсны нэгэн мэдэгдлийг гаргалаа. Энэхүү мэдэгдлийг гаргах болсон шалтгаан нь Монголын нэгэн иргэн БНСУ-ын Ерөнхийлөгчийн Хөх ордны санал гомдол хүлээн авах хэсэгт Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ монголчуудад виз олгохдоо хойрго хандаж байгаа нь тусгаар улсыг үл ойшоосон дээрэнгүй үйлдэл гэж үзэж байгаагаа монголчууд гомдоллосноос үүджээ. Өмнөд Солонгосын төрийн байгууллагын шуурхай, хариуцлагатай байдлыг энэхүү мэдэгдэл харууллаа. Үүнээс өмнө өнгөрсөн оны сүүлээр Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ-ны ажилтнуудтай холбоотой байж болзошгүй бичлэг монголчуудын сошиал орчинд цацагдах үеэр Өмнөд Солонгосын Гадаад харилцааны сайд мөн шуурхай хариу үйлдэл үзүүлж байсныг санаж байгаа байх. Солонгосын виз гаргуулна, гаргаж өгнө гэсэн яриаг сонсоогүй монгол хүн үгүй биз. Тусгаар улс өөрийн улс руу зорчих визийг хэнд олгох нь тухайн улсын эрх мэдлийн асуудал. Ямар ч улс виз олгох өөрийн дүрэм журам, шалгуур нөхцөлтэй. Шалгуур нөхцөлийг хангахгүй бол татгалзах бүрэн эрхтэй. Амьдрал нь ядуу юм, очоод хэдэн цаас хийж ирээд байрны урьдчилгаагаа төлнө биз гэж найр тавихгүй байх үүргийг тухайн ЭСЯ нь хүлээж байдаг. Тийм учраас БНСУ-ын ЭСЯ мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд дурдсанаар Солонгосыг зорихыг хүсэгчдийн тоо эрс нэмэгджээ. Өдөртөө 800-1000 монгол иргэн виз хүссэн материал ирүүлж байгаа ажээ. ЭСЯ-н дээрээ авдаг байсан журмаа өөрчилж, эрх бүхий компаниудаар дамжуулан авдаг болсон. Өнөөдрийн байдлаар 10 компаниар дамжуулан монгол иргэдээс виз хүссэн материал авч байгаа бөгөөд эдгээр газрууд долоо хоногийн таван өдөр буюу Даваагаас Баасан гаригт материал авч байна гэж тооцвол долоо хоногт 4200-5000 иргэний хүсэлтийг авч байна гэсэн үг. Мэдээж энэ бол маш өндөр тоо. ЭСЯ-ны мэдэгдэлд үүнийг “өвөрмөц үзэгдэл” хэмээн тун боловсноор илэрхийлжээ. “Долоо хоногт тухайн улсын нийт хүн амын 0.1 хувь, нэг сараар нь авч үзвэл 0.4 хувь, нэг жилээр нь авч үзвэл 5 хувьтай тэнцэх иргэд тогтсон нэг улс руу зорчихоор визний хүсэлт гаргаж буй нь магадгүй олон улсад ч тун ховорхон байх. Энэхүү өвөрмөц үзэгдлийн улмаас манай ЭСЯ визний материалыг хэвийн хугацаанд шалгах боломжгүй болж, шалгах хугацаа хойшилж байна” гэжээ.

Тиймээс ч Улаанбаатар дахь ЭСЯ нь БНСУ-ын Солонгос улсын Засгийн газраас тогтоосон визний материал шалгах ажилтны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэн ажиллаж, мөн ачаалалтай улиралд бусад хэлтсийн ажилтнуудаа татан оролцуулж байгааг учирлажээ. Тэр байтугай Засгийн газраас нь олгосон зарим зардлаа танан байж цагийн ажилтан авч ажиллуулж байгаа ажээ. “Байгууллагын өдөр тутмын зардал (ариун цэврийн цаас, дайллаганы цай ундааны төсөв гэх мэт)-ыг хүртэл ашиглан цагийн ажилтан авч визний материал шалгах ажилд туслуулах зэргээр визний материалыг хурдан шуурхай шалгах талаар бүхий л арга хэмжээг авч байна” гэжээ.

Виз хүссэн материал олон байгаад үнэн зөв материал ирдэг бол материал шалгах хугацаа богиносч болохыг учирласан нь хамгийн гол шалтгаан юм. “Хуурамч бичиг баримтын төрлийг урьдчилан таамаглахын аргагүй хэмжээнд хүрсэн бөгөөд тооны хувьд нэг долоо хоногийн хугацаанд хэдэн зуугаар тоологдоход хүрч байна. Энэхүү үйлдэл нь харилцан итгэл эвдэж буй үйлдэл болоод зогсохгүй, Солонгос Монгол хоёр улсын хууль эрх зүйн тогтолцоог зөрчиж буй нэгэн төрлийн “гэмт хэрэг” тул нарийвчлан шалгах замаар тэмцэхээс өөр аргагүйд хүрээд” байгаа ажээ. Хуурамч бичиг баримт үйлддэг материалыг солонгосчууд 17 төрөл гэж ангилсан байна. Тухайлбал, OECD гишүүн орнуудын визийг хуурамчаар үйлдэн өмнө нь тэдгээр улсуудад зорчиж байсан мэт харагдах, нийгмийн даатгалын лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, банкны хуулга, таван сая төгрөг байршуулсан гэрээ, түрээсийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, оюутны тодорхойлолт, оюутны төлбөр төлсөн баримт, оюутны дүнгийн тодорхойлолт, оюутны үнэмлэх, төгсөлтийн диплом, малчны тодорхойлолт гээд бүгдийг хуурамчаар үйлддэг байна. Үүнээс харахад ЭСЯ-ны Консулын газрынхныг хөөрхийлөхөөс аргагүй.

Хуурамчаар үйлдэж байгаа материал гэдэг нь Монголын төрийн байгууллагаас гарч байгаа материал гэдгийг санах хэрэгтэй. Төрийн байгууллагын албан тушаалтнууд эдгээр материалыг бүрдүүлэхэд гар бие оролцож хууль зөрчиж байгаа нь тодорхой. Үүнийг ч бас эелдгээр дурдаад авсан байна.

“Солонгос болон Монгол улс нь “Соёл иргэншилт нийгэмтэй”, “‘Хууль журамт улс” болохынхоо хувьд, улсын болон засгийн газрын байгууллагад чиглэсэн хууль бус үйлдэлд хатуу арга хэмжээ авах үндсэн зарчимтай. Иймд манай ЭСЯ нь Монгол улсын хууль хяналтын байгууллагад өнгөрсөн хугацаанд хуурамч бичиг баримт мэдүүлсэн иргэд болон  визний брокерийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид хууль ёсны хариуцлага хүлээлгэхээр албан хүсэлтээ илгээсэн бөгөөд цаашид мөн адил хүргүүлсээр байх болно. Энэхүү үндсэн зарчмыг даган мөрдөх нь Солонгос болон Монгол улсын хоорондын харилцааг урт хугацаанд хөгжүүлэхэд тустай хэрэг юм. Гэвч, өнөөг хүртэл манай элчин сайдын яамнаас шалгуулахаар хүргүүлсэн хүсэлтийн эцсийн үр дүнгийн мэдэгдэл удаашралтай байгаа учир виз мэдүүлгийн бичиг баримтыг улам нягтлан шалгах шаардлага үүсч” байгааг тодорхой хэллээ. Монголын төр ажлаа хийхгүй байгааг үүнээс илүү яаж илэрхийлэх билээ.

Хөх ордны гомдлын хариу Монголын тарчиг амьдрал, ядмаг төрийн бодит төрхийг илчиллээ. Нутагтаа сайхан амьдрах боломжийг нь хулгайлсаар байгаа учраас аргаа барсан монголчууд адлагдан адлагдан виз царайчилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ХарамсалтайХарамсалтай
31
ЗөвЗөв
9
БурууБуруу
8
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж