Украин улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт өнгөрсөн сарын 31-ний өдөр болж өнгөрсөн. Эхний шатны санал хураалтаар 39 хүн нэр дэвшсэнээс улс төрийн туршлага бага, хошин урлагийн жүжигчин 41 настай Владимир Зеленский нийт сонгогчдын 30 орчим хувийн дэмжлэгийг авсан бол одоогийн Ерөнхийлөгч Петро Порошенко 17,8 хувийн саналтайгаар түүний ард бичигдсэн юм. Ингэснээр дээрх хоёр нэр дэвшигч энэ сарын 21-ны өдөр явагдах шийдвэрлэх үе буюу хоёр дахь шатны санал хураалтад оролцох эрхтэй болсон билээ.
Нэр дэвшигч Петро Порошенко ням гаригт /2019.04.14/ нийслэл Киев хотын 70 мянган хүний суудалтай “Олимпийский”цэнгэлдэхэд болсон сонгуулийн халз мэтгэлцээнд ганцаараа иржээ. Түүний өрсөлдөг Зеленский мэтгэлцээнд ирээгүй учир тэрбээр нэг цаг орчим ард иргэдийн сонирхсон асуултад хариулж мэтгэлцээнийг өндөрлүүлсэн байна.
Учир юу вэ гэвэл нэгдүгээр шатны санал хураалтын дараа хоёр нэр дэвшигч халз мэтгэлцээн зохион байгуулахаар тохиролцсон ч мэтгэлцээн болох өдрөө сонгох дээр санал зөрөлдөж, тохиролцоонд хүрээгүй гэнэ. Порошенко эцсийн санал хураалт болохоос долоо хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдөр мэтгэлцэхийг хүссэн бол Зеленский санал хураалтаас хоёр хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 19-ний өдөр халз мэтгэлцэхийг хүссэн байна.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ