Дэлхийн хамгийн том цахим сүлжээ болох бидний өдөр тутамдаа ашигладаг Facebook, Instagram, WhatsApp-ийн сүлжээ өчигдөр /2019.04.14/ойролцоогоор гурван цаг орчим доголджээ. Дэлхий даяар хэдэн мянган хүн уг сүлжээнүүдийг түр хугацаагаар ашиглах боломжгүй болсон талаар гомдолложээ.
Вэб сайтуудын хурд болон доголдлыг хэмжиж бүртгэдэг Down Detector сайтад дэлхий даяар хэдэн мянган хүн дээрх сүлжээнүүдийг түр хугацаагаар ашиглах боломжгүй болсон талаар гомдол ирсэн байна. Ингээд гурван цаг орчим тасалдсаны эцэст 14.50 цагийн үед эргэн хэвийн байдалдаа оржээ.
Facebook компанийн зүгээс дээрх асуудлын талаар ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Өнгөрсөн сард Facebook, Instagram, WhatsApp сүлжээнүүд хамгийн удаан буюу 24 цагийн хугацаанд дэлхий даяар нэвтрэх боломжгүй болсон билээ.
Сүүлийн үед сүлжээний доголдол, хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсан, улс төрийн зорилгоор хэрэглэгчийнхээ мэдээллийг дамжуулсан зэрэг Facebook сүлжээний талаар таагүй мэдээлэл хөврөх болсон. Үүнтэй холбогдуулан тус компанийн ТУЗ-ын гишүүд компанийг үүсгэн байгуулагч, тэргүүн Марк Зукербергийг ТУЗ-ын даргын албан тушаалаас нь буулгах саналыг хэд хэдэн удаа тавьсан байна.
Эх сурвалж:BBC