Нүүдэггүй "Да хүрээ" захын тусгай зөвшөөрлийг "цуцална"

Хуучирсан мэдээ: 2019.04.15-нд нийтлэгдсэн

Нүүдэггүй "Да хүрээ" захын тусгай зөвшөөрлийг "цуцална"

Нүүдэггүй "Да хүрээ" захын тусгай зөвшөөрлийг "цуцална"

Нийслэлийн авто үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх зорилготой "Авто худалдааны цогцолбор" нээгдсэн цагаасаа хойш маргаан дагуулсаар байна. Нүүлгэнэ, нүүхгүй гэх асуудал дөрвөн жилийн турш яригдаж, өнөөг хүртэл тодорхой шийдвэрт хүрсэнгүй. Үе үеийн хотын эрх баригчид дэлхийн жишигт нийцсэн гэх уг цогцолборт “Да хүрээ”, “Өгөөмөр” зэрэг захын үйл ажиллагааг нэг дор төвлөрүүлэх гээд чадсангүй.

Нийт 6000 гаруй автомашины зогсоол, сэлбэг хэрэгсэл, засварын төвийг нэг дор байгуулсан гэх  энэхүү бүтээн байгуулалт 22-ийн товчооны урд хэсэгт байрлаж буй. Автомашин худалдаа эрхлэгчдийн зүгээс тус газрыг голын ай савтай ойр тул өвлийн улиралд тэсгим хүйтнээс гадна хотын төвөөс хол гээд цэрвэдэг.

Бас цайны газар болон нойлын асуудалтайг ч шүүмжилдэг. Өнгөрсөн жил гэхэд тус захад 2000 гаруй авто машины зогсоол сул, эзэнгүй байв.  Энэхүү авто худалдааны цогцолбор өнөөдрийг хүртэл “эзэнгүй айл” шиг ханхай хоосон оргиж буй. Эсрэгээрээ “Да хүрээ” захад машин багтах зайгүй, олны хөл тасрахгүй. Өнгөрөгч долоо хоногт дээрх маргаан дахин сөхөгдөж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэв. Эхний ээлжид ХУД-ийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно байрлах “Сүлд” авто худалдааны төв болон Нарны зам дагуух авто худалдааны төвийг нүүлгэн шилжүүлснийг тус газрынхан мэдээлсэн юм. Уг мэдээллийн мөрөөр өчигдөр /2019.04.14/ “Сүлд” авто худалдааны зах болон “Да хүрээ” захыг зорилоо.

                       “СҮЛД” АВТО ХУДАЛДААНЫ ТӨВ НҮҮГЭЭГҮЙ

Биднийг очиход Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно байрлах “Сүлд” авто худалдааны төвийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байв. Тус газарт авто машин сонирхож буй ганц хоёр хүн үйлчлүүлж байх аж. Хашаанд нь цөөн тооны суудлын тэрэг харагдах ба дотор автомашины худалдаа эрхэлж буй ажилтан Н-ээс /нэрээ хэлэхийг хүсээгүй тул Н гэв/ авто цогцолборын үйл ажиллагааны талаар тодруулав. Тэрбээр “Манайх угаасаа авто худалдааны цогцолбор. Үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна. Авто худалдааны цогцолбор луу нүүх шаардлагагүй. Миний сонссоноор ил задгай авто машин худалдаа эрхлэгчдийг л нүүлгэж байгаа гэсэн. Илүү зүйл мэдэхгүй” гэлээ.

“ДА ХҮРЭЭ” ЗАХ НҮҮХГҮЙ, ГЭВЧ…

Тус худалдааны төвөөс гарч “Да хүрээ” захыг чиглэв. Амралтын өдөр учраас зах руу очих цайз захын уулзвар болон буцах хэсгийн хоёр буудал орчим газрын зам түгжээтэй. Цаг хугацааг зогсоосон юм шиг авто машинууд нэг байрандаа л байх аж.

Авто машины томоохон худалдааны төв болох “Да хүрээ”-д өнөөдөр албан бус тоогоор  5000 мянга гаруй иргэн амьжиргаагаа залгуулж байна. Тус газарт авто зогсоол түрээсэлдэг 1000 орчим иргэний 70 хувь нь банкны зээлтэй гэх.

Нийт  6.5 га талбайг эзлэх эндхийн газар нь 28 жил үйл ажиллагаа явуулж буй. Ойролцоогоор 1000 орчим авто машины зогсоол, 600-700 дэлгүүр болон 60 орчим авто үйлчилгээ, угаалга, дугуй засварын газар байдаг юм байна. “Да хүрээ” авто худалдааны төвийн зүгээс “Авто худалдааны цогцолбор” луу нүүх боломжгүй гэх байр суурийг илэрхийллээ. Авто худалдааны цогцолборыг нэг цэгт төвлөрүүлэхгүйгээр төрөөс баруун, зүүн талд авто худалдаа эрхлэгчдийг төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж.

 “Да хүрээ” захын менежер Ч.Чимэдцэрэн:  

-Манай зах бол албан ёсны зөвшөөрөлтэй байгууллага. Анх 1991 онд өмч хувьчлалаар авснаас хойш техникийн зах гэсэн зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа. Манай захын газрын зөвшөөрөл 2032 он хүртэл авто техникийн худалдаа үйлчилгээ гэсэн ангиллаар үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй. Ер нь нүүх тухай бол байж болохгүй асуудал. Хамгийн гол нь нүүлгэнэ гэж ярихгүйгээр төрөөс авто худалдааны баруун зүүн гэсэн захыг байгуулж, цэвэр өрсөлдөөний зарчмаар үйл ажиллагаа явуулахыг дэмжинэ. Харин цайзын уулзвараас манай зах хүртэл тойрсон том жижиг олон ил задгай авто худалдааны зах албан ёсны зөвшөөрөлтэй үгүйг мэдэхгүй. Эдгээр захыг манай “Да хүрээ”-тэй хүмүүс андуурч ойлгоод байна. Бидний зүгээс тэдгээр газарт ямар нэгэн шаардлага тавих боломжгүй. Манай авто худалдааны захад түрээсийн гэрээтэй хүмүүсийн дийлэнх нь БЗД-ийн харьяат учраас авто замын түгжээ үүсгэхгүй. Амралтын өдрүүдээр л захыг зорих хүмүүсийн ачаалал нэмэгддэг. Гэтэл эндхийн худалдаа эрхлэгчдийг авто машины түгжрэл үүсгэж байгаа мэтээр ярьж шүүмжилж байна.

Сүүлийн үед “Да хүрээ” захаас болж  хөрс болон агаарын бохирдлын хэмжээ нэмэгдэж байна гэх мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байгаа нь өрөөсгөл ойлголт юм. Манай захын нийт талбайн 95 хувь нь хатуу хучилттай, түрээслэгчид авто машины тос масло асгасан тохиолдолд цэвэрлүүлдэг. Ер нь эндхийн автомашинуудыг  “Авто худалдааны цогцолбор”-т нүүлгэсэн ч ялгаагүй л хөрсний бохирдол үүснэ шүү дээ.

Авто худалдааны захууд зөвхөн баруун талдаа төвлөрвөл замын ачаалал илүү нэмэгдэж, түгжрэл үүснэ. Өнөөдөр таван шар орчмын зам хэр их түгжээтэйг хүмүүс мэднэ шүү дээ. Шар хад чиглэлээс илүү ачаалалтай.

“Да хүрээ” зах дээр нэрээ нууцлахыг хүссэн зарим эх сурвалжуудын хэлснээр худалдаа эрхлэгчдийн дийлэнх нь “Авто худалдааны цогцолбор”-т авто худалдааны захууд төвлөрөх нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Тиймээс ч сайн дураараа нүүх нь зөв гэж бодож байгаа юм байна.  Гэхдээ зарим худалдаа эрхлэгчдийн зүгээс жил бүрийн хавар “Да хүрээ” захыг нүүлгэх асуудал яригдах бүрт  айдас хүйдэстэй байх болжээ. Тэдний зүгээс “Авто худалдааны цогцолбор” луу нүүхийг дэмжээгүй. Эндээ идээшиж дассан гэнэ.

 Автомашины худалдаа эрхлэгч В.Пүрэвсүрэн:  

-Нийслэлийн эрх баригчид авто машины захуудыг “Авто худалдааны цогцолбор” луу нүүлгэхээр шийдвэл олны жишгийг дагахаас өөр арга байхгүй биз. Ер нь авто худалдааны баруун зүүн зах байвал болно гэж үзэж байна. Ил задгай авто машин худалдаа эрхлэгчдийг нүүлгэж цэгцлэх нь зүйтэй. Гэхдээ Хүмүүс “Да хүрээ” захын орчмыг түгжрэлтэй л гэдэг уг нь зам тийм ч их ачаалалтай биш. Өнөөдөр цагдаа нар нэгдүгээр эгнээнд тавьсан автомашинуудыг журамлаж байна. Энд машинаа байрлуулснаас болж захын орчимд түгжээ үүсдэг гэлээ.

Автомашины худалдаа эрхлэгч Б.Ганпүрэв:

-Бид “Да хүрээ”-д автомашиныхаа худалдааг эрхлээд амьжиргаагаа залгуулж болж байгаа. Заавал “Авто худалдааны цогцолбор” луу нүүлгэнэ гэхгүйгээр баруун зүүн талд хоёр авто худалдааны төв үйл ажиллагаа явуулж болно шүү дээ. Худалдаа эрхлэгчд тэнд сайн дураараа очих бол  өөрсдийнх нь сонголт. Уг нь асуудал үүсгээд байх зүйл биш. Цаашид нүүх шаардлага хүргүүлбэл нүүхгүй л гэсэн бодолтой байна.

Автомашины худалдаа эрхлэгч Ш.Гантогоо:  

-Эндээс амьжиргаагаа залгуулаад 13 жил болж байна. Сүүлийн жилүүдэд Да хүрээ”-г нүүлгэх тухай асуудал  хавар болмогц улс төр шиг бужигнадаг шиг гэнэт л яригдах боллоо. Олон жил нүүлгэх тухай ярьж байна. Улс төрийн синдром шиг л эндхийн худалдаа эрхлэгчдийг үймүүлэх юм. Нүүлгэх сургаар худалдан авагчид хүртэл төөрөгдөлд орж хаашаа нүүх тухай сураглаж сандарч байна.  Бид өөрсдийн бор зүрхээрээ л амьдарч яваа түрээслэгчид. Энэ газрыг төрөөс булаалдах үнэтэй А зэрэглэлийн газар биш байх гэж бодож байна. Хотын түгжээнд Шар хадны захын авто машины ачаалал нөлөөлөхгүй. Улаанбаатар хотын зүүн хязгаарт байгаа энэ газрыг нүүлгэнэ гэдэг болон олон хүний л амьдрал яригдаж байна гэсэн  үг. Төрийн эрх баригчид захын үйл ажиллагаатай танилцаад асуудлыг нэг талд нь шийдэх хэрэгтэй.

Автомашины худалдаа эрхлэгч  н.Тэмүүжин:  

-Би энд 12 жил  үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс ч орон сууцаа ажилтайгаа ойр лизингээр авч, хүүхдүүдээ мөн л гэртэй нь ойрхон цэцэрлэгт явуулж байна.  “Да хүрээ”-г нүүлгэнэ гэхээр бидэнд асар их хохиролтой байна. Олон жил үйл ажиллагаа явуулсан энэ захыг нүүлгэх “Авто худалдааны цогцолбор” луу нүүх тухай ярьдаг ч авто замын ачаалал, түгжрэл буурна гэж хүмүүс ярьдаг. Бодит байдал дээр таван шар ч бас түгжээтэй.  Бидний зүгээс нүүхийг дэмжихгүй. Хэрэв  амьдрах байр, сургууль цэцэрлэг гээд амьдрах орчин нөхцөлийг хангаж өгвөл бид нүүхээс татгалзахгүй.

Авто худалдаа эрхлэгч Б.Эрдэнэбаяр:

-“Да хүрээ”-г нүүлгэхгүйгээр авто худалдааны зах хотын баруун зүүн талд байрласан нь зүйтэй. Энэ захад хувиараа бизнес хийж амьдарч байгаа олон хүн бий. Тиймээс энэ бүх зүйлийг сайн бодож төлөвлөж байж нүүлгэх тухай асуудлыг ярих хэрэгтэй. Зах дээр худалдаа эрхэлж буй хүмүүсийн ихэнх нь Баянзүрх дүүргийн иргэд шүү дээ.

 

“ДА ХҮРЭЭ”-Г  АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОР ЛУУ НҮҮЛГЭХ ШААРДЛАГАТАЙ

Иргэдийн зүгээс авто худалдааны захуудыг нэг дор төвлөрүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байв. Авто машин худалдан авахаар ирсэн хүмүүсийн тухайд үнэ ханшийн тухайд үнэтэй бас “Да хүрээ” болон “Авто худалдааны цогцолбор” гээд хоёр том цэг рүү явж цаг хугацаа алддаг учраас 22-ын товчооны тэнд нэг дор төвлөрүүлэх нь цаг хугацааг хэмнэж түгжрэлийг сааруулна гэдгийг тодотгож байв. Энэ тухай зарим иргэний сэтгэгдлийг сонслоо.

 Иргэн М.ГАНТУЛГА: 

-Авто худалдааны захуудыг “Авто худалдааны цогцолбор”-т нэг дор төвлөрүүлэх нь зүйтэй. “Да хүрээ” захыг ч бас нүүлгэх хэрэгтэй. Энд машин байрлуулах зогсоол ч байхгүй, түгжрэл ихтэй. Автомашин сонирхож байгаа хүн хотын хоёр зах руу явах нь цаг хугацаа алдаж байна. Бид одоо эндээс “Авто худалдааны төв” рүү явна гэсэн бодолтой байна.  Тиймээс авто машины худалдааг нэг дор “Авто худалдааны цогцолбор”-т төвлөрүүлж, худалдаа эрхлэгчдийг нүүлгэх хэрэгтэй.

Иргэн: М /нэрээ хэлэхээс татгалзсан/

-Авто худалдааны захуудыг нэг газарт төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.  Нэгэнтээ л “Авто худалдааны цогцолбор”-т их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байгуулсан болохоор авто захууд болон худалдаа эрхлэгчдийг нүүлгэж нэг дор төвлөрүүлэх хэрэгтэй. Бидэнд ч бас хоёр тийшээ явж цаг алдаж түгжрэлд өдрийг барахгүй нэг л газарт очно шүү дээ гэлээ.

 

Дээрх асуудлаар Нийслэлийн Газар ашиглалт бүртгэлийн хэлтсийн Ц.Шижирээс дараах зүйлийг тодрууллаа.

-Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт  “Сүлд” болон Нарны зам дагуух ил задгай авто худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоож, “Авто худалдааны цогцолбор” луу нүүлгэсэн гэх. Одоогоор “Сүлд” авто худалдааны төв үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Танай шаардлагыг хүлээж аваагүй гэсэн үг үү?

– Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно байрлах “Сүлд” авто худалдааны төвийн хувьд дотор зориулалтын байранд авто худалдаа эрхэлж байгаа бол зөрчилд тооцогдохгүй. Гэхдээ гадна талбайд авто худалдаа эрхэлсэн байж болзошгүй зөрчлийг арилгуулах шаардлага тавьсан. Зориулалтын байранд  тусгай зөвшөөрөлтэйгээр авто машин худалдаа эрхлэх боломжтой. Харин ил задгай зориулалтын  бусаар худалдаа эрхлэхийг хориглож байгаа. Тодруулбал, иргэн хуулийн этгээд өөрийн эзэмшил өмчлөлд олгосон газарт зохих зөвшөөрөл авалгүйгээр ил задгай авто худалдаа эрхлэх нь газрын зөрчилд тооцогдоно.

– Улаанбаатар хотын хэмжээнд ил задгай авто худалдаа эрхэлж буй хэчнээн аж ахуйн нэгж, хуулийн этгээд байна вэ?

-Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар нийслэлийн таван дүүргийн нутаг дэвсгэрт 51 аж ахуй нэгж байгууллага ил задгайгаар авто худалдаа эрхэлж буйг тогтоож, зохих шаардлагыг хүргүүлсэн. Энэ дагуу өнөөдрийн байдлаар зургаан аж ахуй нэгж байгууллага зөрчлөө арилгаж авто худалдаа эрхлэх үйл ажиллагааг зогсоосон байна. Бид энэ онд багтаан 44 аж ахуйн нэгж компани, хуулийн этгээдийн газар эзэмших зөвшөөрлийг цуцлах, албадан нүүлгэх, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Ер нь газрыг тодорхой хугацаатайгаар зориулалтын дагуу иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлдэг буюу нэг удаа үнэ төлбөргүй гэр бүлийн хэрэгцээнд амьдрах зориулалттай өмчлүүлдэг байгаа. Эсрэгээр нь иргэн хуулийн этгээдүүд газрын тухай хууль зөрчиж газрыг зөвхөн гэрээнд заасны дагуу зориулалтад ашиглахгүй стандарт бус ил задгай авто худалдаа эрхлэх нь ноцтойд тооцогдох зөрчил юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Газрын тухай хууль тогтоомж-ийг нэг бус удаа ноцтой зөрчиж төрийн байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа нөхцөлд газар эзэмшиг эрхийг нь хүчингүй болгох үндэслэл болно. Ямар нэгэн байдлаар олж авсан газрын эрхийг ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр ил задгай авто худалдаа эрхлэх нь ноцтойд тооцогдох зөрчил юм. Хэрэв мэдэгдлийн дараа иргэн хуулийн этгээд шаардлагаа биелүүлэхгүй бол албадан чөлөөлж, газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна. Газрыг өмчилсөн иргэдийн хувьд мөн адил шаардлага биелүүлэхгүй бол өмчлөх эрхийг нь хүчингүй болгож, манай Захиргааны байгууллагын зүгээс  шүүхэд нэхэмжлэл гаргана.

Тэгэхээр “Да хүрээ” захыг нүүлгэх асуудал олон жил яригдлаа. Цаашид тус авто худалдааны төв нүүхгүй бол 2032 он хүртэлх газар эзэмших тусгай зөвшөөрлийг нь цуцална гэсэн үг үү?

-Бид “Да хүрээ” захыг нүүж, зөрчлөө арилгах шаардах бичгийг тун удахгүй хүргүүлнэ. Хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийг нь цуцлах нөхцөл бүрдэнэ. “Да хүрээ” зах бол дээрх аж ахуйн нэгж, хуулийн этгээдтэй л адил ил задгай худалдаа эрхэлж байгаа. Бидний зүгээс ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх, үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээндээ тус газрыг хамруулна.

Авто худалдааны захууд “Авто худалдааны цогцолбор” луу нүүхийг дэмжихгүй байгаа бол худалдаа эрхлэгчид болон иргэд уг цогцолборт төвлөрөх нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Энэ асуудлыг хэрхэн шийдэгдэх нь нийслэлийн эрх баригчдын шийдвэрээс харах л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж