УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг АТГ олон нийтэд ил болголоо. Та УИХ-ын гишүүдээс хамгийн их хадгаламжтай, хамгийн өндөр орлоготой нь юм байна?
-Би 1991 оноос хойш ганзагын наймаа эрхэлж бизнесээ эхлүүлсэн. Энэ хугацаанд бизнес маань алдагдалтай, ашигтай гээд аль аль нь л байлаа. Гэхдээ тогтвортой бизнес хийсний үр дүнд би тодорхой хэмжээний хуримтлал бий болгосон. Цэнхэр дэвтрээрээ би өөрийгөө илэрхийлсэн орлогоо мэдүүлсэн. Гишүүд дундаас хамгийн өндөр хадгаламжтай нь би биш ээ. Байгаа өөрийн орлогоо үнэн бодитоор нь мэдүүлсэн.
-УИХ-ын гишүүн болсноор таны бизнест давуу тал бий болсон уу?
-Итгэхгүй байж магадгүй. УИХ-ын гишүүн болсноор миний бизнест эергээр нөлөөлсөн нэг ширхэг зүйл байхгүй. Амьдралдаа улсаас нэг ч тендер авч үзээгүй. Өөрийгөө дүгнэж хэлэхэд хэцүү. Надад том шунал алга даа гэж хэлэх байна.
-Улс төрийн ажлын хажуугаар бизнестээ цаг зав хэр гаргаж байна вэ?
-УИХ-ын гишүүн болсноор мэдээж өмнөх шигээ бизнестээ цаг зарцуулах нь багассан. Анх намайг улс төрд ороход олон удаа сонгогдсон гишүүд “Намайг чуулганы хуралдаанд бараг чи суух юм уу, идэвхгүй оролцдог шүү дээ” гэж өмнө нь сонгогдсон бизнесмен гишүүдтэй харьцуулж хэлж байсан удаатай. Миний хувьд чуулган, байнгын хорооны хурлуудад идэвхтэй оролцож санал бодлоо илэрхийлж, мөн цаг барихыг маш их чухалчилдаг.
-Ер нь улс төрд орсон хүнд бизнесээ өргөжүүлэх боломж байх юм уу?
-Би хэлж мэдэхгүй байна. Миний хувьд энэ талаас нь харж ч байгаагүй, хардаг ч үгүй учраас би мэдэхгүй байна. Надад улсаас том төсөл авч хэрэгжүүлье гэсэн сонирхол огтхон ч алга. Тэгж өөрийнхөө болж бүтэж ирсэн амьдралыг харлуулаад ч яахав. Миний үүсгэн байгуулсан компаниуд өдөр, шөнөгүй завгүй ажиллаж байна.
-Зарим гишүүний ХОМ-ийг өмнөх жилүүдтэй нь харьцуулахад илт нэмэгдсэн байсан. Эндээс харахад улс төрд орсноор хөрөнгө, орлого нь илт өсдөг юм байна гэж ойлгогдож байна л даа. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Хувь хүн бүр өөр өөрийнхөө л тайлбарыг өгөх байх. Би энэ талаар хэлж мэдэхгүй байна. Ялангуяа УИХ-ын гишүүнийг хардаж. Сэтгүүлчид мэдээж хардах эрхтэй, таны ч үүрэг. Та сэтгүүлч учраас надаас илүү мэдээлэлтэй байгаа байх. Би бусад гишүүдийн ХОМ-ийг нэг ч удаа сөхөж хараагүй. Хүний өмнөөс хариулт өгөх боломжгүй. Хариуллаа гэхэд бүхнийг мэддэг мэт ярьдаг туйл болчихсон нөхөд л хариулах байх даа.
Ер нь УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдааны үеэр хувь хүний асуудлыг ярьж улс төр хийх нь маш муухай харагддаг.
-Хаврын чуулганыг хэр үр дүнтэй болно гэж бодож байна вэ. Хэлэлцэхээр төлөвлөсөн хуулиудаа хэлэлцэж чадах болов уу?
-УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы нэг онцлог нь УИХ-ын гишүүд ирцээ хурууны хээгээрээ, саналаа мөн хурууны хээгээрээ өгч хууль батална. Бусдын өмнөөс кноп дарлаа, эрхэнд халдлаа, эсвэл цөөн ирцтэйгээр хууль баталлаа гэдэг асуудал үндсэндээ байхгүй болж байна. Энэ утгаараа хаврын чуулганыг ажил хэрэгч болно гэж харж байна. Хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээс гадна ойрын өдрүүдэд хууль хүчний байгууллагуудын удирдлагыг шинээр томилох, Улс төрийн намын тухай хууль зэрэг нийгэмд хүлээлт болж буй олон хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Мөн миний санаачилсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын дараалалд орсон. Уг хуулийн төслөөр бизнес дөнгөж эхлүүлж байгаа үедээ хууль эрх зүйн янз бүрийн дарамтад ордоггүй, өөр зүйлд сатааралгүй өмнөх бизнестээ л анхаарал хандуулах тийм эрх зүйн орчныг тусгасан.
-Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг идэвхтэй ярьж ирсэн. Эрх баригч танай нам энэ өөрчлөлтийг хийхээр ажилдаа орчихсон байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орж буй гол гол заалтуудтай та танилцсан байх. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг үе, нийгмийн хэрэгцээ шаардлага бий болсон эсэх дээр таны бодол ямар байна вэ?
-Шаардлага, цаг үе нь ирсэн гэж харж байна. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн хариуцлага, УИХ-ын үйл ажиллагааг дээшлүүлэх чиглэлд хэд хэдэн заалт орсныг миний хувьд дэмжиж байгаа. Хоёрдугаарт, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг чангаруулах заалтууд орж байгаа. Миний харж байгаагаар өнөөдөр гүйцэтгэх засаглал нь УИХ-аасаа хэт хамааралтай буюу шулуухан хэлэхэд УИХ-ын гишүүдэд Засгийн газар нь барьцаалагдсан мэт ажил хийх боломжийг нь хаагдуулдаг тал бий. Чуулганы завсарлагааны үеэр Засгийн газрын ажил их сайн явлаа гэж зарим сайд нар хэлдэг. Гүйцэтгэх засаглалын ажил УИХ-тайгаа хэт уяатай, барьцалдаж, хэт нягт холбоотой энэ асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тодорхой болгох нь сайн хэрэг. Мөн Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой заалтууд, орон нутгийн эрх мэдлийг нэлээд дээшлүүлэхэд зэрэгт өөрчлөлт орох юм билээ. Олон нийтийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдэж, Ерөнхийлөгчийн эрх мэдэл багасна гэж харж байх шиг байна. Ийм заалтыг би хувьдаа олж хараагүй.
-Та бол бизнес эрхлэгчийн дуу хоолой болсон цөөн гишүүний нэг. Өнгөрсөн хугацаанд ЖДҮ-тэй холбоотой баримт мэдээлэл нийтэд ил болж ЖДҮХС-гийн мөнгийг улстөрчид “угааж” байсан нь баримтаар нотлогдсон. Гэвч өнөөдөр хариуцлагын асуудал хаалганы гадна үдлээ. Танхимын нэг хэсэг нөхөд нь ЖДҮХС-гийн зээлээс авсанд та битүүхэндээ дургүйцсэн л байлгүй?
-Энэ асуудалд би шууд дүгнэлт хийхэд хүнд байна. УИХ-ын зарим гишүүний хэлж байгаагаар ирсэн өргөдөлд бичиг хийж өгсөн гэдэг тайлбарыг хэлж байгаа. Ирсэн өргөдөл, хүсэлтийг тухайн байгууллагууд руу шилжүүлсэн нь сүйдтэй зүйл биш. Харин ЖДҮХС-гаас өөрийн компанидаа зээл авсан гишүүдийн хувьд тусдаа, ноцтой яригдах асуудал. Хууль хяналтын байгууллага нь шалгаад асуудлыг шийдэх байх. Ер нь бол УИХ-ын гишүүдэд сонгогчдоос нь маш их өргөдөл гомдол, санал, хүсэлт ирдэг. Тухайлбал надад гэхэд сонгогчдоос ирэх хүсэлт маш өргөн хүрээг хамардаг.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар ажилладагийн хувьд энэ секторт шинэ бодлого, эрх зүйн шинэ зохицуулалт, хуваарилалт, хяналт үгүйлэгдэж байгаа гэдэгтэй санал нийлэх байх. Цаашид ЖДҮ-ийн зээлийг жинхэнэ эздэд нь хүртээхийн тулд танай дэд хорооны хувьд юу хийх шаардлагатай байна вэ?
-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо бол УИХ-ын бүтцийн байгууллагын нэг нь. УИХ-ын тухай хуульд байнгын хороод, дэд хороодын хооронд ялгаа бараг байдаггүй. Гэтэл өнөөдөр байнгын хороод маш их давуу эрхтэй, дэд хороодыг бараг хуралдуулдаггүй цаашлаад дэд хорооны гишүүдийн үгийг сонсдоггүй тал бий. Гэтэл парламентын засаглалтай гаднын улсуудад дэд хорооны үүрэг, оролцоо нь маш өндөр байдаг. Тухайлбал, Германд тухайн дэд хорооноос гарсан аливаа шийдвэр зарим тохиолдолд бусад гишүүдийн саналыг авахгүйгээр шууд дэмжигддэг жишээ практикт олон бий.
Гэтэл өнөөдөр манайд УИХ болон гүйцэтгэх засаглал дэд хорооноос гаргасан санал, хүсэлтийг сонсох нь тун бага. Аливаа асуудлыг зөвхөн байнгын хороогоороо л ярьдаг, байнгын хороогоор орсон асуудлыг чуулганаар хэлэлцдэг. Энэ дунд нь дэд хороо саармаг болж үлддэг. Шуудхан хэлэхэд дэд хороог ёс төдий мэтээр хүлээж авдаг.
Уг нь бол УИХ-ын тухай хуулийн 24.3.7, 24.3.8, 24.3.9 дахь заалтуудад дэд хорооны эрх, үүргүүдийг маш тодорхой заасан байдаг. Энэ заалтуудыг УИХ биелүүлдэг байсан бол нөхцөл байдал өнөөдөр өөр байх байсан болов уу гэж бодож байна.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо ЖДҮХС-д хяналт тавих боломжгүй гэсэн үг үү?
-УИХ-ын гишүүн гүйцэтгэх засаглалын ажилд оролцох нь хуулиараа шууд хориотой. Байнгын хорооны хувьд тухайн хэлэлцэх асуудлынхаа хүрээнд холбогдох яам, тамгын газар, агентлагуудаас шаардлагатай тайлбар, мэдээллийг авч шийдвэр гаргадаг. Гэтэл дэд хороонд одоохондоо энэ практик алга. Бид дэд хороог хуралдуулахын тулд УИХ-ын даргаар хэлэлцэх асуудлаа батлуулдаг. Дур мэдэн би энэ асуудалд хяналт тавья гэх эрх нь байхгүй. Уг нь хуулиараа эрх нь бий ч практикт хэрэгждэггүй гэх үү дээ.
Гүйцэтгэх засаглалын ажил дотроо маш хаалттай явагддаг гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Гадна талаас нь харахад УИХ-ын 76 гишүүн бүгдийг удирдаад байгаа мэт боловч миний хувьд үгүй гэж хэлнэ. Хэн удирдаж байна вэ гэвэл гурван том дарга удирдаж байна.
Бид уг нь парламентын засаглалтай улс. Гэвч социализмын үед л байсан даргын шийдвэрийг дагадаг энэ байдал өнөөдөр ч гэсэн байсаар байна. Би энэ талаар УИХ-ын чуулганы үеэр ч хэдэнтээ хэлж байсан. Бүх асуудалд дарга төвтэй ажилладаг, ханддаг. Дарга дэмжсэн үү, дарга чиглэл өгсөн үү гэж л асуудалд ханддаг. Том том шийдвэрүүдийг үндсэндээ дарга нар гаргаж л асуудал шийдэгддэг.
-Таны аливаа шийдвэрт ч гэсэн дарга нарын чинь нөлөөлөл орж байсан уу?
-Надад шууд нөлөөлөхгүй ч гэсэн уур амьсгал нь нөлөөлдөг. Дарга төвтэй энэ байдлыг л өөрчлөх ёстой. Ялангуяа олон удаа сонгогдсон гишүүдийн сэтгэхүйд олон жил суучихсан гэсэн сэтгэхүй нь өөрчлөх ёстой асуудлын нэг.
-ЖДҮХС-ийн зээл арилжааны банкуудаар дамждаг байх үед харьцангуй хяналт өндөр байсан. Одоо буцаагаад арилжааны банкаар ЖДҮХС-гийн зээлийг дамжуулан олгох нь зөв гэж үзэж байгаа. Таны хувьд ЖДҮХС-гийн хөрөнгийг хэрхэн зөв хуваарилах вэ?
-Энэ жилийн төсөв батлах үед Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай ЖДҮХС-д яагаад мөнгө тавихгүй байгаа юм бэ гэж маш их маргалдсан. Улмаар би Төсвийн ажлын хэсэгт өөрөө орж байж ЖДҮХС-д 47 тэрбум төгрөг суулгасан. Үүний 50 гаруй хувь нь орон нутагт эрх нь шилжигдсэн юм билээ. Аймагт бүрт ойролцоогоор 1 тэрбум төгрөг, үлдсэн нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ЖДҮ эрхлэгчдэд зээл хэлбэрээр төрийн дэмжлэг болж очно. ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудал гарснаар сангийн зээл банкаар л дамжих нь зөв гэж нэг тал руу шууд ханарч болохгүй. Энэ сангаас дэмжлэг авахын хүссэн маш олон жижиг дунд үйлдвэрлэгчид бий. Миний хувьд энэ салбарын амьдралыг туулаад ирсний хувьд үүнийг маш сайн мэднэ. Хэрэв банкаар олгодог болбол 7-8 хувийн хүүтэй болно, хоёрдугаарт банк шаардлагаа тавина. Ингэснээр төрийн бодлого тухайн арилжааны банк дээр очоод алдагдана гэсэн үг.
Тиймээс 300 сая төгрөгөөс дээш зээлийг зохих шаардлага хангасан банкаар, түүнээс доош төгрөгийн зээлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн шилэн сонгон шалгаруулалтаар олгох шаардлагатай гэсэн саналыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороогоор дэмжсэн.
Төрийн бодлогыг хэнд, ямар зорилгоор гаргасан бэ гэдгээ бид умартаж болохгүй. Миний хувьд жишээ нь анх бизнесээ дөнгөж эхлүүлж байхдаа бүх зүйлээ барьцаанд тавьж байсан. Танил тал, найз нөхдөөсөө хүртэл зээл авч байсан. Өнөөдөр дөнгөж их сургуулиа төгссөн залуус бизнес эхлүүлэхэд мөнгө хэрэгтэй. Банкны шаардлагыг хангаж чадахгүй над шиг бизнесээ тэгээс эхлүүлэх гэж байгаа залуус маш олон бий. Тэдэнд л төрийн дэмжлэг заавал очих ёстой.
-ЖДҮ-д барьцаалагдсан парламент болчихсон гэдэгтэй та санал нийлэх үү?
-Яалаа гэж дээ. Сөрөг хүчний болон сэтгүүлчдийн л хардлага болов уу. Бусдын өмнөөс тайлбар хийх эсвэл алдаа гаргасан хүнийг араас нь өөнтөглөж ярих ёс суртахуун надад байхгүй. Ер нь бол манайхны ихэнх нь асуудалд шүүмжлэгч байр сууринаас ханддаг. Бүх зүйлд шүүмжлэгч байр сууринаас бүү ханддаг байгаасай гэж би хувьдаа хүсдэг. Зарим асуудалд шүүмжлэгч нөгөө талаас бүтээлч шүүмжлэлээр ханддаг байх хэрэгтэй.Бүгдийг харлуулах нь утгагүй, дунд нь болж бүтэж байгаа зүйл зөндөө бий.
–Олон нийт сонгогчдынхоо өмнө хүлээсэн итгэл, хүндэтгэл хүлээсэн парламентын нэр хүнд асар унаж дунд сургуулийн хүүхдүүд хүртэл хэдэн улстөрчдөө муулж, ерөөсөө л нийгмийн гол сэдэв нь улстөржилт болчихлоо. Та ч гэсэн анзаарч байгаа байх?
-Чухал асуулт асуулаа. Би нэг зүйлийг эхлээд хэлмээр байна. Өнөөдөр хэн хамгийн нэр хүндтэй байх вэ гэвэл татвар төлөгчид. Тэд улстөрчдөөс илүү хамгийн их хүндлэлийн хүртэх ёстой хүмүүс. Түүнээс биш хамгийн гоё ярьдаг, жагсаал цуглаан хийхийг уриалдаг гэдэг ч юм уу, эсвэл маш сайн бүжиглэдэг, дуулдаг хүмүүс биш. Улс орны хөгжлийг авч явж байгаа татвар төлөгчдөө хүндэлдэг, тэднийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр магтан дуулдаг болбол татвар төлөгч болохын төлөө хүн бүхэн уралдана. Ингэж байж зөв тойрог бий болно. Жишээ нь, залуучууд тойрч суугаад хийж, бүтээх талаар ярилцдаг байх нь хөгжлийн зөв тойрог. Түүнээс биш тойрч суугаад шүүмжлэл өрнүүлдэг эсвэл хэн нэгнийг албан тушаалаас нь огцруулчихъя гэж ярьдаг байх нь өөрөө чөтгөрийн тойрог болно. Энэ нь яваа яваандаа улс орны хөгжлөөс чангаана. Үүн дээр нь гаднын улсууд тоглолт хийнэ. Миний чин хүсэл бол нийгэм өөрөө бүтээлч сэтгэхүйтэй болох ёстой. Түүнээс биш өнөөдрийнх шиг нь залуус тойрч суучихаад би сайд таньдаг, тэндээс очиж тендер авъя, тэр даргыг буулгаад оронд нь дарга болчихъё, эсвэл бүгдээрээ гудамжинд гарч жагсая гэж ярьдаг байх нь чөтгөрийн тойрог. Залуу үеэ бид ийм болгож хэзээ ч болохгүй, нийгмээ ч мөн адил. Одоогийн хүүхдүүд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын тухай мэддэг байх ч албагүй. Гаднын улсад иргэд нь улстөрчдөө бараг мэддэггүй. Гэтэл бид гаднынхны улс төрийг тэднээс илүү мэдэж байгаа шүү. Бид энэ тал руугаа илүү хөгжчихсөн. Энэ нь буруу өнцгийн илрэл гэдгийг би хэлэх гээд байгаа юм. Ийм нийгмийг бий болгохгүй байх нь миний ч үүрэг, төрийн бодлогын нь ч үүрэг байх ёстой. Энэ талаар ярьдаг хүн бараг байхгүй нь харамсалтай. Зөвхөн өөрийнхөө зөв л гэж ярьдаг нь олон.
Холбоотой мэдээ