"Дүүгийн эрх мэдэл, ахын хүндлэл дор байх ёстой"

Хуучирсан мэдээ: 2019.04.15-нд нийтлэгдсэн

"Дүүгийн эрх мэдэл, ахын хүндлэл дор байх ёстой"

Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйд тулгамдаж буй асуудлаар Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйч гэр бүл судлаач, магистр  Р.Бадамцэцэгтэй ярилцлаа.


 ХҮҮХДИЙНХЭЭ ОНЦЛОГТ  НЬ  ТУЛГУУРЛАЖ ХАРИЛЦАХГҮЙ  БОЛ ТАНЫ БАЙСАН НИЙГЭМ, ӨНӨӨДРИЙН НИЙГЭМ ХОЁР ЭРС ӨӨР

-Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй нь ямар онцлогтой байдаг вэ. Үүнээс яриагаа эхлье?

– 20 дугаар зуунд хүүхэд хүмүүжлийн арга нь хайр нь дотроо хал нь гаднаа  байсан бол одоо эсрэгээрээ хайр нь гаднаа хал нь дотроо байхыг шаардаж байна. Энэ үеийн хүүхдүүд сэтгэлээр амархан унадаг, шантрамтгай.

Ялангуяа сэтгэлзүйн хэрэгцээ нь асар өндөр магтуулах ойлголцох харилцах хэрэгцээ өндөр учраас хүүхдүүдтэй тохируулж  харилцах хэрэгтэй.

Та сэтгэлзүйн хэрэгцээг их чухалчилж байна. Тэр хэрэгцээг нь хэрхэн хангаж өгөх вэ?

Эцэг, эхчүүд нэн тэргүүнд хүүхэдтэйгээ ярилцах нь чухал. Орчин нөхцөл бүрдүүлж байгаад боломжтой үед нь харилцан ярилцаж асуудлыг шийдвэрлэх нь илүү үр дүнтэй. Харилцан ярилцана гэхээр яасан, яамаар байна юу хиймээр байна гэх биш. Бага насны хүүхдүүдтэй бол аливаа зүйл хийхдээ байнга хүүхэдтэйгээ хамт хийх хэрэгтэй. Ирээдүйд том болоод ямар хүн болмоор байгаа, ирээдүйн мэргэжлийн талаар байнга асууж тайлбарлаж өгөх нь чухал. Мөн бага насны хүүхдүүд хайрлуулмаар байгаагаа илэрхийлэхдээ зөрүүдэлдэг, гэнэт хойшоо савж унах, орилох, юм авч шидэх зэрэг олны анхаарлыг татах гэж оролддог. Өсвөр насны хүүхэдтэй бол дуртай зүйлийг нь хамт хийж ярилцаж, багш, найз нөхөд, анги хамт олонтойгоо хэрхэн харьцаатай байгаа, одоо юу хүсч мөрөөдөж байна, ирээдүйд юу хиймээр байгааг нь асууж мэдэх нь чухал. Өөрийгөө бүрэн дүүрэн ойлгоход ямар зан чанар дутагдаад байгаа, давуу тал, үерхэл, нөхөрлөлийн асуудлыг нээлттэй ярилцах хэрэгтэй. Хүүхэдтэйгээ тулж харьцах нь чухал.  Загнахыг урьтал болгох хэрэггүй.

Эцэг эхчүүд “хүүхэдтэйгээ ойлголцохын тулд ярилцах гэхээр нэг л болж өгөхгүй байна” гэж ярьдаг. Ийм тохиолдолд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

– Хүүхэд "Манай гэр бүл намайг ойлгодоггүй. Өөрийнхөө үетэй харьцуулаад байдаг. Өөрийнх нь үе өнгөрсөн шүү дээ. Бидний үе  өөр гэдгийг ойлгодоггүй” гэдэг.  Эргээд  ээж/аавтай нь уулзахаар “Миний үе өөр байсан. Би юу ч үгүй хоосон байхдаа онц, сайн сураад л явдаг байсан. Гэтэл бүх юмыг нь хангаж өгч  байхад  сайн сурахгүй байна” гэдэг. Ингээд л тэдний голд зөрчил үүсдэг.

Энэ  зөрчлийн маргаан нь хоёр өөр цаг үеийн ялгаанаас үүдсэн гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн цаг үед хүүхдийнхээ онцлогт  нь  тулгуурлаж харилцахгүй  бол таны байсан нийгэм, өнөөдрийн нийгэм хоёр эрс өөр. Хоёр зууны хоорондын ялгаа ба цаг үеийн өөрчлөлт их бий.Тийм учраас ойлголтын зөрүү үүсдэг.

Хүүхэд “ Гэр бүлийнхэн намайг ойлгодоггүй”, аав, ээж нь  “ Хүүхэд маань миний хүссэнээр байсангүй” гээд л зөрчил гардаг. 20 зууны хүмүүс л 21 зууны хүүхдийг хүмүүжүүлэх  гээд  байгаад л гол асуудлууд байна.

 "АХЫГ АЛД ХҮНДЭЛ ДҮҮГ ДЭЛЭМ  ХҮНДЭЛ" ГЭДЭГ ҮГ  ӨНӨӨДӨР УРВУУ ХАМААРАЛТАЙ БОЛЧИХСОН

Монгол гэр бүлд ихээхэн түгээмэл байдаг зүйл нь айлын том хүүхэд “хоёрдугаар” аав/ээжийн үүргийг гүйцэтгэдэг болж. Энэ нь эргээд айлын том хүүхдэд сэтгэлзүйн дарамт болдог уу?

-Ажлаасаа ирээд том хүүхэд нь гэрээ цэвэрлээгүй бол загнах нь буруу л тогтолцоо. Том хүүхдийн гэр бүлд байх үүрэг оролцоо байлгүй яах вэ. Гэхдээ  100 хувь таны үүргийг орлохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайн хүүхдэд  ч гэсэн өөрийн гэсэн хөгжил насны онцлог гэж бий. Магадгүй тэр хүүхэд сэтгэлзүйн дарамтад орохыг үгүйсгэхгүй.

Монголын зүйр цэцэн үгэнд "Ахыг алд хүндэл дүүг дэлэм  хүндэл" гэдэг үг байдаг. Гэтэл өнөөдрийн 21 дүгээр зуунд дээрх үг урвуу хамааралтай болчихсон.  Гэр бүлийн харилцааг хэвийн байлгахын тулд ах дүүгийн  хүндлэлийг бий болгож тэднийг өөрс өөрсдийнх нь байр сууринд л байлгах нь эцэг эхийн ухамсрын асуудал.  Дүүгийн эрх мэдэл, ахын хүндлэл  дор  байх ёстой.

Тэгэхгүйгээр дүүд нь эрх мэдлийг өгч ахынх нь эрх мэдлийг өөрсдөө хязгаарлачхаад чи эгч /ах шиг байсангүй гэж загнадаг. Хэрэв ахыг ах шиг байлгах гээд байгаа бол эрх мэдлийг нь өг. Эрх мэдлийг нь өгөлгүй, өөрийнх нь үгийг хэн ч биш болгосон учраас дүү нь ахынхаа үгэнд орохгүй. Ингээд айлын том хүүхэд сэтгэл гутралд орж өөрийгөө голон энэ гэр бүлд хэн ч биш юм байна гэж бодно. Том болоод би,  би гэсэн бусдын шийдвэрийг үл хүндэтгэдэг хүн болно. Нэг бол өөрийгөө бүх дүрд байх ёстой гэж бодон хүндлэлийг нэхдэг хүн болно. Бага хүүхэд ах/эгчийн хүндлэлээс хамгийн эхлээд өөрөөсөө ахмад хүнийг хүндлэх эрх мэдлийг хүндлэх төлөвшил суудаг. Эрх мэдлийг хүндэлнэ гэдэг нь  ирээдүйд  дүрэм журамд захирагдах эрх тэгш байх хуулийг хүндэлж үздэг хүн  болж төлөвшинө гэсэн үг.

-Ер нь хүүхдийг эерэгээс хүмүүжүүлэхэд хамгийн өргөн хэрэглэдэг ямар арга байдаг бол?

-Хүүхдээ хүмүүжүүлэхдээ зайлшгүй хэрэглэх ёстой арга гэвэл AA буюу алдааг нь биш, амжилтыг нь, ЗЗ буюу загнахгүй, залхаахгүй байх гэсэн аргууд байна. Шалгалтандаа хангалтгүй дүн авсан байлаа ч бурууг нь харж загнахаас илүүтэй зөв хийснийг нь магтаж урамшуулах хэрэгтэй. “Миний хүү маш хүнд даалгаврыг нь хийж чадсан байна. Жаахан хичээхэд л үлдсэн даалгавраа асуудалгүй хийх юм байна” гэх мэтээр урамшуулж, хүч өгөх хэрэгтэй.

Бидний тархины хувьд сэтгэл хөдлөлийг удирддаг хэсэг нь дотроо, бодож төлөвлөдөг хэсэг нь гадуур нь хучигдсан байдаг. Сэтгэл хөдлөл удирддаг хэсэг ажиллаж уурлаж бухимдаад ирэхээр бодох хянах хэсэг нь ажиллахгүй болно гэсэн үг. Тэгэхээр түр зуурын бухимдалдаа хөтлөгдөхөөс илүү хэрхэн харилцах ёстойгоо бодож, ухамсарлаж, хүүхэдтэйгээ харилцаарай гэж аав, ээжүүдэд зөвлөе.

Ярилцсанд баярлалаа.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж