Гагнуурын оч алдсаны улмаас Гоодойн зуслангийн 16 айл бүрэн шатлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.14-нд нийтлэгдсэн

Гагнуурын оч алдсаны улмаас Гоодойн зуслангийн 16 айл бүрэн шатлаа

Гагнуурын оч алдсаны улмаас Гоодойн зуслангийн 16 айл бүрэн шатлаа

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Гоодойн зусланд гал гарч, 10 гаруй айлын байшин зэрэг шатаж байна. Галын тухай дуудлага мэдээлэл 14.20 цагийн орчимд Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын Гал унтраах аврах ангийн алба хаагчид хэд хэдэн машинтайгаар галыг унтраахаар ажиллаж байгаа талаар тус газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээллээ. Гал гарсан шалтгааныг гагнуурын аппаратаас болсон байж магадгүй гэж таамаглаж буй боловч зарим эх сурвалж хуурайшилт ихтэйн улмаас шар өвс шатсан гэсэн тайлбар хэлж байна.

Гоодойн зусланд гарсан галыг унтраахаар Нийслэлийн онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж байгаа хэдий ч гал ой руу орох өндөр магадлалтай байна. Тус зуслан ойн бүстэй маш ойрхон байрладаг.

Галын голомтод Нийслэлийн Онцгой байдлын албаны дөрвөн ангийн 100 гаруй албан хаагч, 28 машин техник хэрэгсэлтэй ажиллаж, Гоодойн зусланд гарсан галыг унтрааж, цурманд оруулаад байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, тус зуслангийн оршин суугч төмөр хашаагаа гагнаж байхдаа оч алдсаны улмаас нийт 16 айл (түүний дотор хоёр гэр багтаж буй) ийнхүү бүрэн шатжээ. Онцгой байдлын албан хаагч нар шуурхай ажилласны дүнд галыг ой мод руу оруулалгүй унтраасан байна. Цагдаагийнхан галын газарт ажиллан, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж буй юм.

Галын улмаас хохирсон иргэд Гоодойн зусланд цуглаад байгаа ч цагдаагийнхан хамгаалалтад гарсан тул "галын голомт" руу нэвтрүүлэхгүй байна.

Манай сурвалжлах баг газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцахад галыг цурамд оруулсан байв. Золоор хүний амь нас эрсдээгүй ч олон хүн эд хөрөнгөөрөө хохирчээ. Одоогоор гал алдсан гэх гэм буруутай этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас саатуулаад байна.

Зарим эх сурвалжийн хэлснээр, нэг залуу хижээл насны эрэгтэйтэй хамт гагнуур хийж байсан аж. Гал гарсан Гоодойн аманд 40 гаруй хүн цуглаж, цагдаа нар хамгаалалтад гарсан байв. Тэдний дунд байшин нь үнс нурам болж, эд хөрөнгөөрөө хохирсон иргэд цөөнгүй байсан юм. Урьдчилсан байдлаар хохирлын хэмжээг мэдээлэх боломжгүй ба эцсийн дүгнэлтээр тогтооно гэж холбогдох албаны хүмүүс хэллээ.

-ДАХИН ГАЛ ГАРАХГҮЙ ГЭХ БАТАЛГАА АЛГА-

НОБГ-ын дарга, хурандаа  Ж.Чүлтэмсүрэн  

-Гал унтраах аврах ангийн алба хаагчид галын дуудлага авсан даруйд газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь танилцаж, хурдан шуурхай арга хэмжээ авлаа. Хугацаа алдсан зүйл байхгүй. Хуурай мухрын аманд байгуулсан шинэ гал унтраах ангийнхан гал гарсан голомтод хамгийн түрүүнд ирсэн.

Салхины хурд ихтэй, гал богино хугацаанд тэлэх аюултай байсан тул зайлшгүй нэмэлт хүч татаж авсан. Бид нэгэнт галын тархалтыг барьж авсан учраас зарим анги салбарыг буулгаж, дараагийнх нь бэлэн байдалд байх ёстой. Одоогоор энд задаргаагаа хийж байна. Галыг цурамд оруулсан ч амыг хариуцсан байгаль хамгаалагчид хяналт тавьж ажиллахгүй бол гэнэт салхи гарч, дахин гал алдах эрсдэл өндөр.

Нийслэлийн ногоон бүсэд гурав дахиа гал түймэр гарлаа. Бидний харж буйгаар ойролцоогоор гурван га талбай түймэрт шатлаа. Өдөр тутамд галын тухай зөрчлийн дуудлага их байна. Өнгөрсөн өвөл цас бага орсон учраас энэ жилийн хавар хуурайшилт өндөр зэрэгтэй байгаа учраас иргэдийн хариуцлагагүй байдлаас болж гал их алдаж байна. Хашаа болон зуслангийнхаа газарт өнжмөл өвс шатаах гэж байгаад өөрийн болон бусдын өмч хөрөнгийг хохироох тохиолдол цөөнгүй гарч байна шүү дээ. Мөн хүний оролцоогүй ч бас гал алдах эрсдэл өндөр байна.

-ЗОЛООР ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДЭЭГҮЙ-

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар

-Галын тухай дуудлага гарсан даруйд НОБГ-ын Гал унтраах аврах ангийн алба хаагчид галыг цурамд оруулан ажиллаж байгааг та бүхэн харж байгаа байх. Өдөр бүр иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээж, хэлж, анхааруулсаар байтал шар өвсөө шатаах, гагнуурын ажиллагаа хийх зэрэг санамсар болгоомжгүй үйлдлээс болж гал алдаж байна. Нийт 16 айлын байшин шатаж, хувь хүний эд хөрөнгийг хохироосноос гадна байгаль экологид учруулсан хохирол их. Золоор хүний амь нас эрсдээгүй.

Онцгой байдлын алба хаагчид галыг унтрааж, аюулыг барьж чадсан. Мэргэжлийн байгууллага үүргээ гүйцэтгэж байгаа нь сайн хэрэг. Гэвч маш харамсалтай байна. Гагнуур хийх гэж оч алдсанаас болоод л ийм олон айлын эд хөрөнгө хохирлоо. Энэ бол эцсийн дүгнэлт биш.

Цагдаагийн байгууллагаас гэм буруутай этгээдийг тогтооно. Гал маш богино хугацаанд, том зай талбайг эзэлж түймэр дэгдсэнийг та бүхэн харж байна. Хэрэв Онцгой байдлын газрын алба хаагчид хугацаа жаахан л алдсан бол түймэр ой руу дамжих эрсдэл өндөр байсан. Ерөнхийдөө галыг бүрэн цурамд оруулсан.

Бид бүхэн цагаан сараас хойш галын аюулгүй байдлын тухай ярьж, иргэдэд сануулсаар ирсэн шүү дээ. Хөдөө орон нутагт байдал хүнд байна. Хүний оролцоогүй хүртэл гал гарч байна. Тиймээс иргэн та бүхэн анхаарал болгоомжтой байж, ийм харамсалтай үйл явдал болохоор зүйлийг бүү хийгээч гэж хэлье.

-МАШ ИХ ГОМДОЛТОЙ БАЙНА-

Хохирогч С.Наран (нэрийг нууцлав.сурв)

-Манай байшин шатсан. Цагдаа нар хамгаалалтад гарсан байгаа учраас дотогш нэвтрэх боломжгүй байна. Хэчнээн төгрөгийн хохирол учирсныг ч харж мэдэх боломж алга. Холоос харахад шатчихсан. Байшингийн суурь л үлдсэн гэж сонслоо. Фэйсбүүкээр хараад энд ирлээ. Үүнээс өмнө огт мэдээгүй. Хохирлоо хэрхэн барагдуулах юм, бүү мэд. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд галын тухай сэрэмжлүүлсээр байтал хэн нэгний санамсар болгоомжгүй үйлдлээс болж надаас гадна олон айл эд хөрөнгөөрөө хохирлоо. Маш гомдолтой байна.

-ХЭРГИЙН ГАЗАРТ ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА-

Сүхбаатар дүүргийн  Цагдаагийн II хэлтсийн цагдаагийн ахмад Г.Энхбат

-Цагдаагийн байгууллагаас одоогоор хэргийн газарт үзлэг хийж эхлээгүй байна. Энд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Гагнуурын оч алдсанаас болж гал алдсан үгүйг шалгалтаар эцсийн байдлаар тогтооно.

-ТАСАРЧ УНАСАН ЦАХИЛГААНЫ УТАС САЛХИНД ОЧ ҮҮСГЭЖ ГАЛ ГАРДАГ-

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга Ж.Батдорж

-Бид иргэд олон нийтэд цаг үргэлж сэрэмжлүүлэг хүргэсээр байтал өнөөдөр олон айлын байшин зэрэг шатсан харамсалтай хэрэг гарлаа. Хавар хуурайшилтын зэрэг өндөр байгааг хүн бүхэн мэдэж байгаа шүү дээ. Хур тунадас бага орсон болохоор галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хорооноос маш олон ажил үргэлж зохион байгуулдаг. Дүүргийн цагдаагийн байгууллагатай хамтран зуслангийн чиглэлд хяналт шалгалт тавин ажиллаж, иргэдээр гарын үсэг зурууллаа. Гэтэл энд газар эзэмшдэг түр оршин суугчдын хайхрамжгүй үйлдлээс болж 16 айлын байшин үнс нурам болсон нь маш их харамсалтай байна. Бусдын эд хөрөнгийг сүйтгэчихлээ.

Азаар хүний амь нас эрсэдсэнгүй. Иргэдийн оршин суугаа газрыг орц гарцтай, тоотой болгоё. Шаардлагатай бол цахилгааныг нь тасалъя. Үүнд уурлах зүйл огт байхгүй. Таны болон бусдын эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж л ийм үйлдэл хийж байна. Бороо салхинд норж, өгөршсөн цахилгааны утас гал алдах аюултай. Тасарч унасан цахилгааны утас салхинд оч үүсгэж гал гардаг. Ер нь иргэд газар худалдан аваад л том блок хашаа бариад, цоожлоод явчихдаг. Ихэнх нь эзэнгүй. Тиймээс энэ бүгдийг эзэнтэй болгох хэрэгтэй.

-ХҮНИЙ АМЬ ЭРСДЭЖ МЭДЭХЭЭР НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН-

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан

-Галын тухай мэдээлэл гарсан даруйд л газар дээр ирж ажиллаж байна. Асар хүнд нөхцөл байдал харагдаж байна. Хэн нэгний болгоомжгүй үйлдлээс болж 16 айлын байшин түймэрт өртлөө. Хаврын хуурайшилттай байгаа энэ үед иргэд хариуцлагатай, хууль тогтоомжийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй.

Галыг унтраасан ч бүрэн цурамд оруулахаар УСУГ болон мэргэжлийн анги байгууллагууд бүрэн дайчлагдан бэлэн байдалд ажиллалаа. Техник, хүчээ бүрэн дайчилсан ч хаврын хуурайшилттай энэ үед их хэмжээний ой хээрийн түймэрт техник, хүн хүч хүрэлцэхгүй байх аюул үүсч байна.

Онцгой байдлын ажилчид шуурхай тактиктайгаар мод руу гал алдахаас сэргийллээ. Маш олон хүний эд хөрөнгө хохирлоо. Цаашилбал, хүний амь эрсдэж мэдэхээр нөхцөл байдал үүссэн. Галыг бүрэн цурамд оруулахгүй бол дахин гал алдах нөхцөл байдалтай байна. Тиймээс галыг бүрэн унтрааж, шатаж байгаа байшинд бүрэн задаргаа хийнэ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

Гоодойн байшингууд шатаж байна. Яаралтай ирнэ үү айлууд нь.

Posted by Byambaa Dock on Saturday, April 13, 2019

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж