
Европын Холбооны /EX/ гадаад хэргийн дарга Катерин Аштон бямба гаригт Гаазын зурвас дахь нөхцөл байдлыг болон Палестины улсын байдлыг сайжруулахад ЕХ анхааралт тавьж, дэмжиж байгаа гэж мэдэгдсэн. Бямба гаригт Катерин Аштон Баруун эргийн Рамаллахад Палестинийн Ерөнхий сайд Салам Фаяадтай уулзсан. Уулзалтынхаа үеэр Аштон Европын холбоо Палестиний “ардчилсан, хөл дээрээ зогссон улс болохыг дэмждэг. Палестин улс болох нь тус бүс нутагт тогтвортой энх тайван тогтоход хэрэгтэй” гэж ярьсан. Түүнийхээ хамт Европын холбооноос Палестиний эрх баригчдад шууд санхүүгийн дэмжлэг болгож 52 сая ам.долларын дэмжлэг олгох гэж байгаа талаар мэдэгдээд нэмэлт санхүүгийн дэмжлэгийн асуудлыг Европын Холбоо хэдэн сарын дараагаас дахин авч үзэх болно гэж ярьжээ.
Түүнчлэн тэрээр Израйлийг Гаазын зурвасын талаарх бодлогоо өөрчлөхийг уриалаад өнгөрсөн сард Палестинийг дэмжигчдийн эсрэг хийсэн олон хүний аминд хүрсэн халдлагад дүгнэлт хийх ёстой. Гаазын бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэхийн тулд хувийн хэвшлийг хөгжүүлэх хэрэгтэй хэмээгээд Палестинчуудыг хоорондын үзэл бодлын зөрчилдөөнөө орхиод өөрсдийн улс орныг байгуулах ажилд шамдан орох хэрэгтэй гэж сануулжээ.
Т.Бадрах