Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн гомдлын дагуу Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Солонгод холбогдох асуудлыг шалгажээ.
Тэрбээр мал эмнэлэг, малын эмийн худалдаа болон бусад чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийг 2016, 2017, 2018 оны ХАСХОМ-т мэдүүлээгүй байна.
Мэдүүлээгүй хоёр аж ахуйн нэгжтэй 2017, 2018 онд “Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, сумын мал эмнэлэг үржлийн тасаг, мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийн дарга нарын хооронд байгуулсан ажил үйлчилгээний гэрээ”-г байгуулж, ажил гүйцэтгүүлжээ.
Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн, уг гэрээг байгуулахдаа мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөл байдлыг эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдээгүй зөрчил илэрчээ.
Түүнчлэн Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангаас мал эмнэлгийн үйлчилгээний хөлсөнд шилжүүлсэн мөнгийг өөрийн хамаарал бүхий этгээдийн дансанд шилжүүлж авсан болох нь холбогдох баримтуудаар тогтоогдсон байна.
Б.Солонгын гаргасан дээрх зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг үндэслэн Завхан аймгийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн Б/16 захирамжаар үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл хүлээлгэжээ.
Б.ЖАРГАЛ