НҮБ-ын Хүүхдийн сангийн 2019 оны “Суралцахад бэлэн дэлхий: Сургуулийн өмнөх боловсролын талаарх дэлхийн тайлан”-д Монгол Улс сургуулийн өмнөх боловсролыг тэргүүлэх чиглэлээ болгож, алслагдсан хөдөө орон нутагт боловсролын үйлчилгээг хүргэхэд ихээхэн анхаарал хандуулж, сургуулийн өмнөх боловсролын сургалтын хамралтыг 20 гаруй хувиар нэмэгдүүлсэн нь дэлхийд тэргүүлж, олон улсад үлгэрлэх сайн жишээ болсон тухай сайхан мэдээг Монголын багш нарын VII их хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолсон.
Нью-Йорк хот танилцуулсан НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд Монгол Улс нь боловсролын салбарын төсвийн дөрөвний нэгээс илүүг сургуулийн өмнөх боловсролд хуваарилсан нь олон улсад өндөр үзүүлэлт. Тайланд дурдсан улс орнуудын 40 орчим хувь нь боловсролын салбарын төсвийнхөө 2 хүрэхгүй хувийг сургуулийн өмнөх боловсролд хуваарилж байгаа бол Монгол Улс 26 хувийг хуваарилж байгаа аж.
Хүн амын нягтрал хамгийн сийрэг, хүн амын багагүй хувь нь хөдөөд амьдарч буй Монгол Улсын 2-5 насны нийт хүүхдийн 83,6 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа нь дэлхийн дундаж үзүүлэлт болох 50, Зүүн Ази-Номхон далайн бүс нутгийн дундаж үзүүлэлт болох 80 хувьтай харьцуулахад харьцангуй өндөр байна.
Дэлхийн улс орнуудад олон сая хүүхэд сургуулийн өмнөх боловсролын гадна байгаа нь бага наснаас эхлэлтэй тэгш бус байдлын эрсдлийг нэмэгдүүлж байгаа талаар уг тайланд анхааруулжээ. Ялангуяа бага орлоготой орнуудад 5 хүүхэд тутмын зөвхөн 1 нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна.
Эх сурвалж: БСШУСЯ