Ливанд гадны хөрөнгө оруулалт цутгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Ливанд гадны хөрөнгө оруулалт цутгаж байна


“CNN” агентлагийн сурвалжлагын багийнхан Ойрхи Дорнодын Зах зээлийн талаар сурвалжлага хийх ажлынхаа хүрээнд Ливанд тусгай сурвалжлагаар байх үедээ Бейрут хотыг тойрон нисдэг тэргээр аялжээ. Тэд олон жилийн зөрчилдөөн, мөргөлдөөний дараа дахин сэргээн засварлаж байгаа “Solidere” дүүргийн дээгүүр ниссэн байна. Хэдийгээр тус дүүрэг одоогоор хүн цөөтэй байгаа ч барилга баригдахад аюулгүй болсон бөгөөд удахгүй хүмүүс олноороо ирж суурьшина гэж үзэж байна. Сүүлийн гурван жилд дэлхийн эдийн засаг хямралд орон, хөл дээрээ зогсох гэж оролдож байгаа бол харин 2007-2009 онд Ливаны эдийн засаг санхүү, зээлээр амжилттай байсан байна.

Ердөө дөрөвхөн сая хүн амтай тус улсын банкны салбарт 100 тэрбум гаруй ам.долларын хадгаламж цугларчээ. Гурван жилийн дотор тус улсад 55 тэрбум ам.доллар цутгаж орсон байна. Энэ тоог “Bank Audi”-гийн санхүү, стратегийн захирал Фредди Баз ярьж байсан юм. Ливанд байхад янз бүрийн насны хүмүүсийн ярьж байсан нэг зүйл нь “тархины урсалт” бөгөөд залуу үеийнхэн гадаадын их дээд сургуульд сурахаар яваад буцаж ирэхгүй тэндээ үлдэж байгаа талаар ярьж байсан. Хэнтэй ярьж байна гэдгээс хамаарч янз бүрийн сэтгэлийн хөдөлгөөн бүхий хариулт сонсох болно. Тэдгээр залуусын ээжүүдтэй нь ярих юм бол – гол нь авъяаслаг залуустаа засгийн газар нь хангалттай боломж гаргаж өгөхгүй байна гэсэн яриа сонсох болно.

Харин тоо баримтыг нарийн харвал өөр байдлыг харах болно. Ливанд өөрийн чадах хэмжээгээр оролдож байгаа бөгөөд тэр нь чадварлаг боловсон хүчинг дэлхийн улс орнуудруу экспортлох явдал. Ливаны хувьд залуучууд эх орондоо буцааж орлого оруулсаар байгаа гэнэ. Тус улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн бараг 10,000 ам.доллар хүрч байгаа нь Ойрхи Дорнодын газрын тос экспортолдоггүй 22 улс дотроос хамгийн өндөр нь бөгөөд Ливанд эдийн засгийн хүчин чадавхийнхаа 70 орчим хувийг л ашиглаж байна гэж байна.

Ливаны засгийн газар энэ жил зам, харилцаа холбооны сүлжээнүүдийг шинэчилж, сайжруулахад 1.5 тэрбум ам.доллар нэмж зарцуулж байгаа гэнэ. Хэдийгээр тус улсын засгийн газрын төсвийн алдагдал хоёр оронтой тоогоор хэмжигдэж байгаа ч гадаадын хөрөнгө оруулалт асар их хэмжээгээр урсаж орж байгаа тул Ливаны засгийн газар санаа зовних нь гайгүй байгаа гэнэ. Метр квадрат нь 7,500-10,000 ам.доллараар үнэлэгдэж байгаа ч 2014 онд ашиглалтанд орох байрнуудын 50 хувь нь бараг зарагдсан гэнэ. Ханшнаас нь үзвэл эндхийн хотын төвийн ханш бараг Лондонгийн баруун дүүрэг, Манхеттены үл хөдлөх хөрөнгийн ханштай дүйж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж