Уран гулгалтын 2018-2019 оны улирлын сүүлийн тэмцээн болох цомын төлөөх багийн тэмцээн Япон улсын Фукуока хотноо явагдаж байна. Тэмцээн өнгөрсөн пүрэв гаригт эхэлсэн бөгөөд АНУ, Япон, ОХУ, Канад, Франц, Итали улсын шигшээ багууд өрсөлдөж байгаа. Өнөөдөр тэмцээний эмэгтэй ганцаарчилсан болон спортын хосын чөлөөт үзүүлбэр явагдаж медалийн эзэд тодорно. Тэмцээний эрэгтэй ганцаарчилсан, бүжгийн хосын дүн гарсан бөгөөд АНУ тэргүүлж Япон, ОХУ-ын шигшээ багууд удаалж байна.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд АНУ-ын тамирчид давхар цохилт хийж алт, мөнгөн медалийг хүртсэн бөгөөд Пёнчаны олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий хошой аварга АНУ-ын тамирчин Н.Чен 301.44 оноогоор алтан медаль хүртсэн. Мөнгөн медалийг 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын В.Жоу, хүрэл медалийг Пёнчаны олимпийн мөнгө, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Японы Ш.Уно хүртсэн байна.
Бүжгийн хосын төрөлд Пёнчаны олимпийн мөнгө, ДАШТ-ий 4 алт, 1 мөнгөн медальт Францын Г.Пападакис/Г.Сизерон нарын хос 223.13 оноогоор алтан медалийн эзэд болсон бол мөнгөн медалийг ДАШТ-ий мөнгөн медальт Оросын В.Синицина/Н.Кацалапов, хүрэл медалийг ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт АНУ-ын М.Хаббелль/З.Доноху нар хүртжээ.
Өнөөдөр тэмцээний спортын хос болон эмэгтэй ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэр явагдснаар медалийн эзэд тодорно. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Японы Р.Кихира богино үзүүлбэртээ 83.97 оноо авч дэлхийн рекордыг шинэчилэн бүх тамирчдаа тэргүүлээд байгаа. Түүний араас 2015 оны дэлхийн аварга ОХУ-ын Е.Туктамышева 80.54 оноо, Японы К.Сакамото 76.95 оноогоор эхний 3 байранд бичигдэж байна. Харин спортын хосын төрөлд Орос, Франц, Италийн багууд эхний байруудад бичигдэж байгаа.
Уран гулгалтын шигшээ багуудын цомын төлөөх тэмцээн 2009 онд анх зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд 2 жилд нэг удаа болдог. Тус тэмцээнд улирлын турш хамгийн өндөр амжилт үзүүлсэн шигшээ багуудаас эхний 6-д багтсан багууд оролцдог. Шигшээ багуудаас эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлүүдэд тус бүр 2 тамирчин, бүжгийн болон спортын хосын төрлүүдэд тус бүр 1 баг оролцдог ажээ. Тэмцээн Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж байсан ч энэ жил анх удаагаа Фукуока хотноо болж байна.
Б.БАДАМДОРЖ
Холбоотой мэдээ