
Өнгөрсөн пүрэв гаригт амиа золиослогчдийн дэлбэлсэн хоёр удаагийн бөмбөгдөлтөөс болж 27 хүн амь үрэгдэж, өөр олон хүн шархдаж бэртсэнээс хойш Ахмадинежадын хийсэн анхны мэдэгдэл нь энэ юм. Баасан гаригт Ираны Ард түмний эсэргүүцэх хөдөлгөөн хэмээх нэртэй экстримист бүлэглэл энэ бөмбөгдөлтийг зохион байгуулсан гэж өөрийн вэб сайтаар дамжуулан мэдээлсэн. Энэ бөмбөгдөлтийн талаар олон улсын холбогдох байгууллагад гомдол мэдүүлэх болно хэмээгээд “Хүүхэлдэйнүүдийн утсыг татаж байгаа цаад эзэд нь үүнээс юу ч хожихгүй. Ийм түрэмгийлэл олон түмний үзэн ядалтыг дэврээхээс өөр үр дүнд хүрэхгүй” гэж Ахмадинежад ярьсан.
Ахмадинежадын хэлсэн үгийг Ираны дээгүүр албаны түшмэлүүд мөн давтаж байна. “АНУ энэ үйл явдалд холбоотойгоо үгүйсгэж, өөрсдийгөө зөвтгөж чадахгүй” гэж Ираны парламентын дарга Али Ларжиани баасан гаригт зурагтаар үг хэлэхдээ ярьжээ. Мөн Хувьсгалыг хамгаалагчдийн корпусын улс төрийн товчооны дарга Ядоллах Жавани АНУ-ын болон бусад барууны орнуудын дэмжлэгтэй террористууд энэхүү амиа золиослох бөмбөгдөлтийг зохион байгуулсан гэж “Fars” мэдээллийн агентлагт ярьжээ.
Т.Бадрах