Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор улс орон бүр байгалийн өвөрмөц зүй тогтоцыг ашиглан жуулчдыг татахаас гадна шинэ содон зүйлийг бүтээн байгуулж эх орон руугаа татаж байна. Түүний нэг нь ирэх долоо хоногт /2019.04.17/ нээлтээ хийх гэж буй Азийн бар гэгддэг Сингапурын алдарт “Changi” нисэх буудал дотор байрлах хүний гараар бүтсэн хүрхрээ юм. Уг хүрхрээ нь барилга дотор байрлах дэлхийн хамгийн өндөр хүрхрээ болж байгаа бөгөөд “Changi” нисэх буудлын шинээр нээсэн маш олон дэлгүүр хоршоо, зочид буудал, үзвэр үйлчилгээг багтаасан “Jewel” нэртэй энтертайнмент төвийн нэг хэсэг ажээ. Ингээд энэ удаагийн “Сонирхолтой газарзүй” булангаараа “Changi” нисэх буудал болон “Jewel” энтертайнмент төвийн талаар танилцуулъя.
Сингапурын “Changi” нисэх буудал нь дэлхийн хамгийн шилдэг, тансаг нисэх буудал гэсэн нэр хүндийг нээгдсэн цагаасаа буюу долоон жилийн турш хадгалж буй жилд 65 сая хүн үйлчлүүлдэг гайхалтай байгууламж билээ. Уг байгууламжийн шинэхэн өргөтгөл болох “Jewel” нь 10 давхар /газраас дээш 5 давхар, газраас доош 5 давхар/ дотроо 130 өрөө бүхий зочид буудал, 280 гаруй дэлгүүр, халуун орны ширэнгэн ойг санагдуулам цэцэрлэг, 40 метр өндөр сүрлэг хүрхрээ зэрэг маш олон сонирхолтой, шинэлэг зүйлсийг багтаасан бөмбөрцөг хэлбэртэй, шилэн байгууламж юм.
Нийт 1,3 тэрбум ам.долларын өртгөөр бүтсэн энтертайнмент төв нь 400 мянган кв метр талбайтай, архитектор Моше Сафдие гэх хүний ур ухаанаар бүтсэн ажээ. Тэр чигтээ шилэн байгууламж учир байгалийн гэрэл шууд тусдаг, гэхдээ бүгчим халуун гэсэн үг биш агааржуулалтын системийг маш сайн шийдэж өгсөн. Мөн нийтийн тээврийн шугам уг барилгаар дамжин өнгөрч байхаар шийдсэнээс гадна доод давхрууддаа авто зогсоолтой, орчны чимээ буюу онгоц буух хөөрөх үеийн дуу чимээнээс 100 хувь тусгаарласан байна.
Хамгийн дээд давхрууд нь “Canopy Park” буюу шалнаас 25 метрийн өндөрт байгуулсан маш том торон зам, шилэн гүүр, “Forest Valley” буюу ширэнгэн ойн амьдралыг санагдуулам болон төрлийн ургамал модоор хучигдсан ногоон байгууламж, “Rain Vortex” буюу хүрхрээ зэргээс бүрдэнэ. Нийт 14 мянган кв метр талбайг хамарсан шалнаас 25 метрийн өндөрт байрласан торон зам нь алхах, үсрэх гэсэн хоёр хэсэгтэйгээс гадна хүүхдийн тоглоомын талбай, аварга том гулгуур зэргийг байрлуулжээ.
“Rain Vortex” хүрхрээ нь 40 метр өндөр, 500 мянган литр устай, үдэш болоход хөгжмийн хэмнэлд төрөл бүрийн гэрлийн үзүүлбэрийг өөр дээрээ үзүүлэх нь үнэхээр үзэсгэлэнтэй сүрлэг харагдаж аж. Хүрхрээний ус нь жинхэнэ борооны ус бөгөөд юүлүүр хэлбэртэй барилгын дээвэр дээр хуримтлагдсан борооны усыг ашиглан энэхүү хүрхрээг бүтээжээ.
Холбоотой мэдээ