Ромын пап Франсис Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Кайир, эсэргүүцэгч хүчний тэргүүн Рик Мачар нартай уулзахдаа тэдний хөлийг үнсэж, дахин иргэний дайн дэгдээхгүй байхыг хүсчээ. Энэхүү үйл явдал өчигдөр /2019.04.11/ болсон байна. Өдгөө 82 настай, үе мөчний архаг үрэвсэлтэй пап ламтан ийнхүү тэдний өмнө сөхрөн хөлийг нь үнсэн гуйсан нь тэнд байсан хүмүүсийг сандаргасан гэнэ.
Тэрбээр “Би ахан дүүсийн хувиар, чин сэтгэлээсээ та бүхнээс энхийг эрхэмлэхийг гуйж байна. Хүн бүр өөр өөрийн асуудалтай. Хаа сайгүй тэмцэл, зөрчилдөөн байна. Гэлээ гээд дайн өдөөх ёсгүй шүү дээ. Улс орны удирдагчид бол ард түмнийхээ эцэг нь байдаг. Тиймээс асуудлаа дотооддоо ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй. Тэдэнд нэгдмэл байдлаа харуулах хэрэгтэй” хэмээн хэлээд туслахаараа сугадуулан Өмнөд Суданы удирдагчийн хөлийг үнссэн байна.
Өмнөд Судан 2011 онд Суданаас салан тусгаарласан бөгөөд үүнээс хоёр жилийн дараа Ерөнхийлөгч Салва Кийр болон түүний өрсөлдөгч, босогчдын удирдагч Риек Макар нарын хооронд болсон мөргөлдөөний үеэр 400 мянга орчим хүн амь үрэгдэж байжээ. Хөрш Судан улсад өчигдөр /2019.04.11/ төрийн эргэлт гарч Ерөнхийлөгчөө огцруулсан нь Өмнөд Суданы иргэний дайныг дуусгах энхийн хэлэлцээрийг бусниулах магадлалтай гэсэн айдас байгаа юм.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ