“Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолд 2019 оны тавдугаар сараас түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гарсан билээ. Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхлэхэд сар хүрэхгүй хоног үлдээд байна. Ингээд нийслэлийн айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах бэлтгэл ажил хэр байгааг зарим холбогдох мэргэжилтнээс тодрууллаа.
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШИЙГ ТАВДУГААР САРЫН 15-НААС ХУДАЛДААЛНА
“Таван Толгой” түлш компани нь 2018 оны тавдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Манай компани сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг төрийн өмчит ганц компани байгаа. Тэгээд 2018 оны арваннэгдүгээр сарын 23-нд 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Толгойтод байгуулж, үйлдвэрлэлээ эхэлсэн. Хоёрдугаар үйлдвэр маань ДЦС-2 ТӨХК дээр байгаа. Одоо үйлдвэрлэл маань гурван ээлжээр, 24 цагаас тасралтгүй ажиллаж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байна. Бид одоо үйлдвэрлэсэн түлшээ нөөцлөх асуудалд анхаарч ажиллаж байна. Эхнээсээ бид сайжруулсан түлшээ борлуулах цэгийн судалгаа хийгээд явж байна. Энэ оны тавдугаар сарын 15-н гэхэд зургаан дүүргийн хаана, хэчнээн цэг байгуулах вэ гэдэг нь үндсэндээ тодорхой болчихно. Бид аль болох одоо түүхий нүүрс худалдаалж буй иргэдтэй хамтран ажиллана. Манай үйлдвэрийн зүгээс ирэх сарын 15-ны өдрөөс иргэдэдээ сайжруулсан шахмал түлшээ худалдаалж эхэлнэ. Бид өмнө нь энэ чиглэлээр тасралтгүй туршилт судалгаа хийж, иргэдэдээ таниулах ажлыг идэвхитэй хийсэн” тухай тус компанийн маркетингийн албаны мэргэжилтэн Н.Янжмаа хэллээ.
ЗУРГААН ДҮҮРЭГТ 1000 ТОНН САЙЖРУУЛСАН ТҮЛШ НӨӨЦЛӨХ АГУУЛАХ БАРИНА
Нийслэлийн хэмжээнд зургаан дүүрэгт 530 гаруй цэгээр дамжуулан иргэдэд сайжруулсан шахмал түлшээ түгээн борлуулна гэдгийг албаныхан хэллээ. Үнийн хувьд зах зээл дээр түүхий нүүрснээс давсан үнээр зарагдахгүй бөгөөд 25 кг сайжруулсан шахмал түлшийг 3750 төгрөг, нэг тонн шахмал түлшийг 150 мянган төгрөгийн үнэтэй борлуулах юм байна.
Мөн нийслэлийн зургаан дүүрэгт 1000 тонн сайжруулсан түлш нөөцлөх битүү агуулах барихаар төлөвлөжээ. Одоогоор Сонгинохайрхан дүүрэгт сайжруулсан түлш нөөцлөх нэг агуулах барьсан бөгөөд цаашдаа таван агуулах барихаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын 107 айлын газрыг чөлөөлж, сайжруулсан түлш худалдаалах цэг байгуулахаар болжээ. Мөн түүхий нүүрсний худалдаа эрхэлж байсан иргэдтэй хамтран нийт 530 цэг байгуулж, нийслэлийн 220 мянган өрхийн түлшний хэрэглээг хангах гэнэ. Хувийн хэвшлийн 11 үйлдвэр сайжруулсан түлшний тодорхой хувийг иргэдэд нийлүүлэх юм байна.
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШИНД ХАВДАР ҮҮСГЭХ БОДИСЫН ХЭМЖЭЭГ БУУРУУЛАГЧ БОДИС ХЭРЭГЛЭЖ БАЙГАА
Харин “Таван Толгой түлш” компанийн ахлах зөвлөх доктор, профессор Г.Бадамхатан гуай сайжруулсан шахмал түлшний онцлог, давуу тал болон орцыг танилцуулсан юм. Тэрбээр “Манай компанийн сайжруулсан түлш нь түүхий эд сайтай гэдгээрээ онцлог. Манай үйлдвэр Таван толгой орд газрын Ухаа худгийн нүүрс баяжуулах үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүн болох эрчим хүчний нүүрсээр хийж байгаа. Энэ түлш нь Багануур, Налайх, Алагтолгойн түүхий нүүрснээс бүх үзүүлэлтээрээ хоёр дахин илүү байдаг. Жишээлбэл, дэгдэмхий бодис нь өмнө нь хэрэглэж байсан Багануур, Налайхын түүхий нүүрсэнд 47 хувь агуулагдаж байсан бол сайжруулсан түлшинд 20 хувь байна. Хамгийн гол шинж чанар болох илчлэг нь түүхий нүүрснээс хоёр дахин илүү байдаг. Тэгээд угааж баяжуулаад, цэвэрлэсэн байгаа. Мөн дээр нь нэмэлт бодис хийгээд хөө тортог дарагч, хүхэр бууруулагч хийдэг юм. Сайжруулсан шахмал түлшинд БНСУ-д үйлдвэрлэсэн хөө тортог дарагч бодисыг авч хэрэглэж байгаа. Энэ бодисыг дэлхийд агаарын бохирдол ихтэй Хятад, Энэтхэг улс хэрэглээд үр дүнд хүрсэн байдаг. Энэ бодисыг сайжруулсан шахмал түлшинд хэрэглэснээр хөө тортог, утаа, хавдар үүсгэх бодисын хэмжээг бууруулдаг” тухай тайлбарлав.
“Засгийн газраас 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 2019 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаас бусад иргэн, хуулийн этгээд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Агаарын тухай хууль 2012 онд батлагдсан. Энэ хуулийн 16 дугаар зүйлд агаарын чанарыг сайжруулах бүсэд хориглох зүйлсийг зааж өгсөн байгаа. Энэ хориглосон заалтыг хэрэгжүүлж, арга хэмжээ авдаг хууль нь 2017 онд батлагдсан Зөрчлийн тухай хууль юм. Уг хуулийн 7.4 дүгээр зүйлд агаарын тухай хуулийг зөрчсөн иргэнд 300 нэгж буюу 300 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 3000 нэгж буюу гурван сая төгрөгөөр торгоно гэж заасан” талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч өмнө нь мэдээлж байсан билээ.
Холбоотой мэдээ