“Шүүхийн хараат бус байдлын баталгаа-Шүүхийн томилгоо" сэдвээр өнөөдөр /2019.04.12/ Нээлттэй нийгэм форумд боллоо. Энэ үеэр МУИС-ийн багш, доктор, дэд профессор О.Мөнхсайхан шүүгчийн захиргааны нийтлэг чиг үүрэг загварын талаар ярьсан юм.
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХОЁРХОН ХҮН Л ГАРГАЖ БАЙНА
Тэрбээр “Хойд Европт Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/ нь бодлого менежмент төсвийн асуудлыг авч хэлэлцдэг бол шалгаруулах хороо нь зөвхөн шүүгчийн шалгаруулалтыг, сахилгын хороо нь сахилгын асуудлыг шийддэг. Харин Өмнөд Европын ШЕЗ нь сонгон шалгаруулалт болон албан тушаалтны сахилгын асуудлыг хариуцдаг бол ШЕЗ-ын бодлого менежмент, төсвийн үнэлгээг Хууль зүйн яам шийддэг.
Ерөнхийдөө гаднын туршлагаас харахад шүүхийн захиргааны эрх мэдлийг бүгдийг нь нэг байгууллагад төвлөрүүлж өгдөггүй юм байна. Шүүхийн захиргааны олон янзын чиг үүргүүд хуваарилалтыг хэдий хэмжээгээр төвлөрүүлнэ төдий хэмжээгээр шүүгчийн хараат бус байдал, хууль дээдлэх ёс сулардаг.
Мексик зэрэг латин америкын улсууд болон Словак, Унгар зэрэг пост коммунист зэрэг улс шүүхийн зөвлөлөө байгуулсныхаа дараа эрх мэдлээ бүгдийг нь нэг цэгт төвлөрүүлээд нөгөө эрх мэдэл нь шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах биш эсрэгээрээ халддаг зүйл болсон. Улстөрчид эсвэл Дээд шүүхийн шүүгчид нь явцуу сонирхлоор ханддаг байдал руу орсон. Цаашид шүүхийн захиргааны эрх мэдлийг аль болох задалж, бие биеэс нь хамааралгүй бие даасан институцид өгч байж урвуугаа ашиглагдах эрсдэлийг багасгана.
Эрх мэдлийн хуваарилалт гэдэг хууль тогтоох, гүйцэтгэх шүүхээс гадна дэд хуваарилалтуудыг маш сайн хийх ёстой. Шүүгчийн хараат бус байдал яагаад чухал вэ гэхээр аливаа маргаан хүндрэхээрээ шүүх дээр очдог. Шүүх тухайн асуудлын нотлох баримт болон хуулийн үндэслэлийг нь харж байгаад хамгийн сайн жин дарж байгаа талд л шийдэх ёстой. Үүнд өөр бусад улс төрийн эдийн засгийн гэхчлэн янз бүрийн зүй бус нөлөө орж болохгүй.
Шүүгчийн хараат байдлын хамгийн том зорилго хуулиар шударга ёсыг тогтоох. Хараат бус байдал байхгүй бол шударга ёсны тухай хариуцлагын тухай ойлолт байхгүй гэсэн үг. Нөгөө талаар хараат бус байдал гэдэг нь хариуцлагагүй байдлыг хаацайлах зорилгыг агуулж болохгүй.
Баланс алдагдсан жишээг дурдвал Испани 1985 он хүртэл, Франц 2008 он хүртэл шүүгчдийн явцуу ашиг сонирхлыг шүүхийн зөвлөл хамгаалдаг болсон. Шүүгчийг хэт цөөлбөл шүүгчийн хараат бус байдал аюулд орно. ШЕЗ арван гишүүн байх ёстой ч Монгол Улсад шүүхийн шийдвэрийг хоёрхон хүн л гаргаж байна.
МОНГОЛ УЛСЫН ШЕЗ-Д МАШ ИХ ЭРХ МЭДЭЛ ТӨВЛӨРДӨГ
Гэхдээ эхлээд ШЕЗ-ын ололт амжилтаас нь дурдъя. Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар нь гурван удаа өөрчлөгдсөн. Одоогийн ШЕЗ-тэй холбоотой хуулийн зохицуулалтад маш сайн талууд бий. 2012 он хүртэл бүх шатны шүүх, Дээд шүүхийн хяналтад байсан. Дээд шүүхээс салсан явдал маш сайн зүйл болсон. Үүнээс гадна орон тооны гишүүд, тал талын төлөөлөл бүрүүлсэн. ШЕЗ-ийн чиг үүрэг бүрэн эрхийг нарийвчлан хуульчилсан.
Харин дутагдал нь ШЕЗ-д маш их эрх мэдэл төвлөрдөг. Ерөнхийдөө шүүгчийг хэнээр сонгох, бусад менежмент бодлого гээд бүх зүйлийг шийдэж байна. Мөн Ёс зүйн хорооны ажил руу халддаг.
Хэн нэгнийг огцруулах шийдвэр заавал шүүхийн Ёс зүйн хороогоор ордог. Гэтэл ерөнхий зөвлөл гацаачихна. ШЕЗ нь арван гишүүнтэй байх ёстой ч Монгол Улсын ШЕЗ нь ердөө тавхан гишүүнтэй. Гишүүдийн 3-4 шүүхийн төлөөлөл. Хамгийн гол нь ШЕЗ-ын дарга, гишүүдийг Ерөнхийлөгч томилдог нь маш ноцтой зүйл.
Х.НЯМБААТАР ГИШҮҮНИЙ ТӨСӨЛ ОЛОН УЛСЫН САЙН ТУРШЛАГЫГ ХАРГАЛЗАЖ ЧАДАХГҮЙ
Үүнийг шийдэхийн тулд гурван төрлийн хувилбар гарчээ. Эхнийх нь Х.Нямбаатар гишүүний төсөл. Уг төсөлд ШЕЗ нь дарга, 14 гишүүнээс бүрдэнэ. Үүнээс онцлоход Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч, НИТХ гэхчлэн цааш есөн албан тушаалтан байна. Тус төслийн сайн тал нь ШЕЗ-ийн гишүүдийг тоог өсгөх.
Харин муу тал нь 15 гишүүнтэй мөртлөө гуравхан шүүхийн төлөөлөлтэй байгаа юм. Хэрэв энэ хууль батлагдах юм бол шүүхийн хараат бус байдал байхгүй болно.
Хоёрдугаарт, баахан дарга нарыг цуглуулчихаж байгаа юм. Зарим хүмүүс шоглоод дарга нарын набор гэж нэрлээд байгаа. Х.Нямбаатар гишүүний төсөл нь ШЕЗ-ийн гишүүдийн тоог нь өсгөж байгаа нь сайн боловч бүрэлдэхүүний хувьд олон улсын сайн туршлагыг харгалзаж чадахгүй байна.
Дараах асуудал нь Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн /2019.04.04/ төсөл. Уг төсөлд ШЕЗ нь арван гишүүнээс бүрдэнэ. Тавыг нь УИХ-ын холбогдох байнгын хороо нэр дэвшүүлж, УИХ-ын томилгооны сонсгол хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-оос доошгүй саналаар томилно. ШЕЗ-ын даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүдийн олонхын саналаар сонгоно. Ерөнхийдөө олон улсын туршлагаас харахад хамгийн сайн хувилбаруудын нэг. Хэрэв энэ чигээрээ батлагдвал маш сайн төсөл” хэмээн онцолсон юм.
ШEЗ-ИЙН ГИШҮҮНД ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН БУЮУ УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНЫ САНАЛ ОРДОГ НЬ ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДАЛД НӨЛӨӨЛЖ БАЙНА
Мөн "Оюуны инноваци" төвөөс шүүгчийн хараат бус байдлын судалгааг 2015 онд явуулсан бөгөөд судалгааны үр дүнд шүүгчийг сонгон шалгаруулах, томилохтой холбоотой санал зөвлөмжүүдийг гаргажээ.
Тухайлбал, өнөөдөр хэрэгжиж буй шүүгчийн сонгон шалгаруулалт төдийлөн үр дүнтэй, шударга байж чадахгүй байна гэж үзэж байна. Шүүгч сонгон шалгаруулах хэлэлцүүлэг нь хаалттай, олон нийтэд мэдээлдэг цахим хуудас дээрээ мэдээллээ тавьдаггүй гэх мэт олон зөрчил гардаг. Тиймээс судалгаанд оролцсон шүүгчдийн дийлэнх хувь нь шүүгчийг сонгон шалгаруулдаг ШEЗ-ийн гишүүдийг Ерөнхийлөгч томилж байгаа нь хараат бус байдлыг алдагдуулж байна гэж үзжээ. Мөн ШEЗ-ийн гишүүдийн тоо цөөн учир тоог нэмэх. ШEЗ-ийн гишүүнд Хууль зүйн сайдын буюу улс төрийн албан тушаалтны санал ордог нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж байна гэж үзсэн байна.
Тиймээс дараах хэд хэдэн зөвлөмжийг гаргажээ. Үүнд:
- ШEЗ-ийн гишүүдийг Ерөнхийлөгч томилохыг хүчингүй болгох
- ШEЗ-ийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх
- Шүүгчид нэр дэвшигчдийг үнэлэх сонгон шалгаруулалтыг боловсронгуй болгох
- ШEЗ дээр нэр дэвшигчтэй ярилцлага хийж, хамгийн өндөр оноо авсан гурван хүнтэй ярилцах
- ШEЗ-ийн шүүгчийг томилох, чөлөөлөөх, огцруулах хуралдаан ил байх.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ