Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

Монголын "хар нүх"

Монголын "хар нүх"

Хүн төрөлхтөн анх удаа хар нүхний зургийг авчээ. Дэлхий даяар бөөн шуугиан. Харин Монголын “бадрангуйчууд” фокусгүй авсан гэрэл зураг байна гэж шүүмжлэв. Мэдэхгүйгээ, мэдлэггүйгээ нууж мэддэггүй ард түмэн шүү дээ, монголчууд бид.

Уг нь яг хар нүхний зураг биш, хар нүхийг тойрч үүссэн хэт халуун хийн цагираг гэдгийг дэлхийн эрдэмтэд тайлбарлаад үүнийгээ “event horizon” хэмээн нэрлэж байна. Үүнээс цааш ямар ч биет эргэлт буцалтгүйгээр хар нүхэнд унадаг аж.

Дэлхий нийтийн өчигдрийн трэнд болсон энэ мэдээллийн дор улс төрийн сэтгэгдлүүд ч цөөнгүй. Зарим нь Ерөнхийлөгчийг, зарим нь УИХ-ыг Монголын том  хар нүхээр нэрлэж.

Үнэндээ ч, өнөөдрийн үйл явц, өнцгөөс нь харвал аль, алийг нь үгүйсгэж болохгүй комментууд.

УИХ-аар тун удахгүй Үндсэн хуулийн өөрчлөлт орж ирэх гэж байна. Парламентын спикерийн хаврын чуулганаар хэлсэн үгийнх нь гол мессеж ч энэ байсан юм. Гишүүдийн гарт хэдийнэ очиж, хэвлэлээр цацагдсан төслийг харвал Үндсэн хуулийн гажуудал хэвээрээ, нэмэгдэхүүний байрлалыг өөрчлөхөд нийлбэр дүн огт өөрчлөгдөхгүй нь бололтой. Бололтой гэдэг нь, төсөл одоогоор УИХ-д өргөн баригдаагүй, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан л “боогоод” тавьчихсанаа гишүүдэд тарааснаас нь харахаар ингэж дүгнэгдэж байна. Гэхдээ УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт орж ирсэн тохиолдолд гишүүдийн 75 хувийн дэмжлэг хэрэгтэй.

УИХ-аар орж ирсэн тохиолдолд Д.Лүндээжанцангийн боосон төслийг өөрчилж ч мэднэ, үгүй ч байж мэднэ.

Үндсэн хуульд долоон багц асуудлаар 42 заалтад өөрчлөлт оруулж байгаа аж. Хэрэв энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадвал, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж бөгөөд У.Хүрэлсүхийн эрх мэдэл нэмэгдэж, Г.Занданшатарынх улам хумигдана гэсэн үг. Угаасаа ч өнөөдөр Г.Занданшатарт спикерийн эрх мэдэл гэж байхгүй шахуу.

Ямар ч байсан Ерөнхийлөгчийн эрх мэдэлд төдийлөн халдаагүй, Ерөнхий сайдын эрх мэдэл бага зэрэг нэмэгдэх, УИХ-ын эрх мэдэл нэлээд хязгаарлагдахаар байгаа.

Холбоотой мэдээ

ТАНИЛЦ: Үндсэн хуулийг өөрчлөх МАН-ын төсөл

ТАНИЛЦ: Үндсэн хуулийг өөрчлөх МАН-ын төсөл

Төслийг агуулгыг товчхоноор өгүүлбэл, Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлж, сайд нараа томилох, чөлөөлөх эрхтэй болж байгаа юм байна. Харин Ерөнхий сайдыг огцруулахыг хүсвэл дараагийн Ерөнхий сайдын нэрийг нь хамтад нь УИХ-аар хэлэлцүүлэх аж. За мэдээж, олон жил ярьсан “давхар дээл”-ийн асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгаж. Өнөөдөр У.Хүрэлсүхийн засаг зуун хувь давхар дээлтэй, өнгөрсөн өвөл УИХ-ынхаа үйл ажиллагааг сар гаруй гацаасан. Давхар дээл нь заримдаа УИХ нь гүйцэтгэх засаглал ч юм шиг, Засгийн газар нь УИХ ч юм шиг болчихдог. Одоо төрийн гурван өндөрлөгийн эрх үүрэг бүр холимог хуурга шиг болчихлоо.

УИХ-ын эрх мэдлийг хасахдаа парламент тухайн жилийн улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглож өгчээ. Улсын төсөв хэлэлцэх үеэр манай хэлгүй гишүүд хүртэл том, том төсөв, тоо яриад эхэлдэг зантай.

УИХ-ын гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаа суухгүй бол эргүүлэн татах, бусдын өмнөөс санал өгөх зэргийг хориглосон байна. Хуралдаа суудаггүй, сандал суудал, эрх мэдлийн төлөө гараад ирдэг гишүүн олон. Эрх мэдэл, сандал суудалтай холбоогүй иргэдийн амь амьдралд хэрэгтэй хуулийг аравхан гишүүд хэлэлцээд суух нь энгийн үзэгдэл болсон.

Энэ мэтээс болж улс төрийн гажуудлын нэг шалтгаан, өөрөөр хэлбэл, засаглал хоорондын эрх мэдлийн зөрчилдөөний “хар нүх”-ээр өнөөдөр Үндсэн хуулийг заах болсон. Нөгөө муу л бол захын хар овоохой гэдэг шиг. Гэхдээ өнөөдрийн өнцгөөс харвал Үндсэн хуулийн бус аргаар эрх мэдлээ төвлөрүүлж буй ҮАБЗ Монголын аймшигтай “хар нүх” болж мэдэхээр.

Өөрөөр хэлбэл, ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хууль, шүүхийн удирдлагуудыг өөрчилдөг, гүйцэтгэх засаглалынх нь бодлого, шийдвэрүүд ҮАБЗ-өөр гардаг болсон гээд шүүх, прокурор, гүйцэтгэх засаглал гээд бүх эрх мэдлийг сорж авч буй аймшигт “хар нүх” болж харагдаад байгаа хэрэг.

Өнөөдрийн хувьд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гурвын эрх мэдэлд холилдож, хэн нь Ерөнхийлөгч, хэн нь Ерөнхий сайд, аль нь УИХ гэдэг нь мэдэгдэхээ больсон.

Ерөнхийлөгч нь 180 мянган төрийн албан хаагчийн 90 мянга болгоно гэж Ерөнхий сайдын хэлэх ёстой үгийг яриад явж байгаа бол Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчийнхөө Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн эрх үүрэгтэй нь ижил эрх мэдэлтэй болчих жишээний. Цаашлаад, Г.Занданшатар Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын дарга уу, эсвэл У.Хүрэлсүх бүр Х.Баттулга уу гэдэг нь ойлгомжгүй болчихлоо.

Иймээс л нэг хөнжилд орсон засаглалын эрх мэдлийн хуваарилалтыг ялгаж, салгаж байр, байринд нь тавихын тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой. Гэхдээ, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг  Г.Занданшатарын парламентын олонх болсон ЖДҮ-чдэд хийх ёс зүйн эрх байгаа эсэхийг л асууя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж