БНХАУ-ын Сучжоу хотноо дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 3-ны хооронд ширээний теннисний насанд хүрэгчдийн ДАШТ болж өнгөрлөө. 53 дахь удаагийн дэлхийн аваргад 100 орны 548 (эрэгтэй 310, эмэгтэй 238) тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан, хос, холимог хосын төрөлд өрсөлдөв.
Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас дасгалжуулагч С.Галбадрах, Т.Мэргэн нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Э.Лхагвасүрэн, Я.Бэгз, спортын мастер Б.Билэгт, эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Б.Должинзуу, М.Дэлгэрмаа, Г.Индра нар оролцсон. Харин манай тамирчдын хувьд бүгд хэсгээсээ шалгарч чадаагүй бөгөөд хамгийн өндөр амжилтыг энэ жилийн лигийн аварга спортын мастер Б.Должинзуу үзүүлсэн юм. Тэрээр хэсэгтээ Косовогийн Влона Малокуг 4:2, Израилийн Гудрун Бьорндоттирийг 4:0-ээр хожиж, Грекийн Толиоу Айкартеринид 0:4-өөр хожигдон хэсгийн хоёрдугаар байрт орсон байна.
Энэ удаагийн ДАШТ-д БНХАУ-ын тамирчид шилдэг гэдгээ дахин нотолж, үнэмлэхүй амжилтыг үзүүллээ. Тэд ганцхан холимог хосын төрлийн мөнгөн медалийг авч чадаагүй бөгөөд бусад бүх төрөлд эхний хоёр байрт орсон юм. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд олимпийн аварга БНХАУ-ын Дин Нин түрүүлж, дэлхийн хошой аварга болсон боллоо. Харин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд олимпийн багийн аварга БНХАУ-ын Ма Лонг түрүүлж, дэлхийн аварга цолыг анх удаа хүртлээ.
Харин холимог хосод БНСУ-ын Ян Ха Ин БНХАУ-ын Сюй Синьтэй хосолж, түрүүлсэн бөгөөд энэ ангилалд Японы хослол мөнгөн медаль хүртсэн.
Эрэгтэй, эмэгтэй хос, холимог хосын ангилалаас БНСУ, Япон, Хонгконг, БНАСАУ, Сингапур, Нидерланд, Польшийн тамирчид нэг хүрэл медальтай нутаг буцлаа.
Тэдэн дунд БНАСАУ-ын Ким Хяг Бун, Ким Жон нар холимог хосын ангилалд хүрэл медаль хүртсэн бөгөөд тэд энэ төрөлдөө 2013 онд Парист болсон Дэлхийн аваргаас алтан медаль хүртлээ.
Багийн дүнгээр
БНХАУ 12,5 оноо (4.5 алт, 4 мөнгө, 4 хүрэл)
БНСУ 1,5 оноо (0.5 алт, 1 хүрэл)
Япон 2.0 оноо (1 мөнгө, 1 хүрэл)
Хонгконг, БНАСАУ, Сингапур 1 оноо (тус бүр нэг хүрэл)
Нидерланд, Польш 0,5 оноо (тус бүр нэг хүрэл) тус тус авсан байна.
Ч.БОЛОР